“Үнэн хатамж” ТББ-аас Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн хяналтын ажлынхаа явцын талаар мэдээллээ.

Ингэхэд төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал хангагдахгүй байгаан дээр үр ашиггүй төсөв зарцуулалт олон байгааг дурьдав. Шинэ сургууль барих хэмжээний мөнгийг зөвхөн засварт зарцуулж байгаа бол долоон яамд унаа, хоол, тээвэр шатахууны зардалдаа нийт 13 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

2020 оны наймдугаар сарын 30-ны байдлаар шилэн дансанд 54 төсвийн ерөнхийлөн захирагч нараас 24 нь аудитын зөвлөмжөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ ил тод болгосон байна.

Ингэж мэдээллээ оруулахгүй байх нь иргэдийн хяналт тавихад саад учруулж байна гэж “Үнэн хатамж” ТББ-аас онцолж байлаа.

Мөн БОАЖЯ, БХЯ зэрэг долоон яамд нэмэлт зардалдаа нийт 13 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Нэмэлт зардал гэдэгт үндсэн цалин, урамшууллаас гадна нэмэлт цалин, унаа, хоол, тээвэр шатахуун, томилолт, зочны зардал багтана.

Тус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Гишүүд, дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хангалттай орлоготой, утас, унааныхаа мөнгөө төлж чадхааргүй хүн байхгүй.

Төсөв хүнд байгаа үед бүх нийтээрээ давалгаалж дарга нарынхаа хоолны хөнгөлөлт, утас, унааны зардлыг тануулъя.

100 хүүхдийн цэцэрлэгийг хувийн зардлаар 600 сая төгрөгөөр барьж байхад улсын төсөвт суухдаа 1-2 тэрбум болж сууж байна.

Төрийн байгууллагууд хоёр жил болоод л тавилга, тоног төхөөрөмжөө сольдог байдлаа халах хэрэгтэй. Шинэ дарга, гишүүн болчихлоо гээд тавилга, хогшлоо солих нь бидний өнөөгийн эдийн засгийн байдалд тохиромжгүй байна” хэмээн ярьсан юм.

GEREG.mn

Сэтгэгдэл үлдээх on БҮХ НИЙТЭЭРЭЭ ДАВАЛГААЛЖ ДАРГА НАРЫНХАА ХООЛ, УТАС, УНААНЫ ЗАРДЛЫГ ТАНУУЛЪЯ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.