Мексикийн засгийн газрын хөдөө аж ахуйн хөтөлбөр болон Рокфеллерийн сан хамтран 1943 онд Мексикт “Ногоон хувьсгал”-ыг эхлүүлжээ. Налдаггүй, богино иштэй, өндөр ургац бүхий улаан буудайн сортууд, эрдэнэшишийн инбрид удмуудыг хооронд нь эвцэлдүүлэн маш их ургац өгдөг 1-р үеийн эрлийз гарган үүнийгээ газар тариалангийн дэвшилтэт агротехниктэй хослуулан  хэрэглэсэн нь “Ногоон хувьсгал” хэрэгжих гол үндэс болсон юм. “Ногоон хувьсгал”-ыг хэрэгжүүлэхэд Америкийн эрдэмтэн Норман Борлаугийн гаргасан богино иштэй сортууд гол үүрэг гүйцэтгэсэн учир тэрбээр 1970 онд Нобелийн шагнал хүртжээ. 

Норман Борлауга нь энэ дэлхийн хамгийн нэр хүнд бүхий хүмүүсийн нэг бөгөөд бүх селекцчдийн дотроос хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах ариун үйлст хамгийн их хувь нэмэр оруулсан хүн хэмээн зүй ёсоор тооцогддог. Тиймээс ч түүнийг “Ногоон хувьсгал”-ын эцэг хэмээн нэрлэдэг.

            Норман 87 настайдаа Лондонд болсон “Хөдөө аж ахуйн биотехнологийн ирээдүй” хуралд илтгэл тавихдаа “Жил бүр 100 саяар нэмэгдэж буй хүн амыг хүнс тэжээлээр хангахад ГӨБМ (генетик өөрчлөлттэй бие махбодь) гаргадаг генийн инженерчлэл чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн хэлжээ. Тэрбээр чанар сайтай, өндөр ургац өгдөг ГӨБМ-г гаргаж ойрын 15-20 жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүн амыг хүнс тэжээлээр хангах асуудал шийдэгдэнэ хэмээн үзэж байна гэжээ.  

            Генетик өөрчлөлттэй бие махбодь (ГӨБМ)

Генетик өөрчлөлттэй бие махбодь гэж генийн инженерчлэлийн аргаар зориудаар генотипийг нь өөрчилсөн бие махбодь юм. Энэ ойлголтыг амьтан, ургамал, бичил биетэнд нэг утгаар хэрэглэнэ. Генетик өөрчлөлтийг шинжлэх ухааны болон аж ахуйн зорилгоор хийж ашигладаг. Энэ зорилгоор генийг нэг бие махбодиос нөгөөд шилжүүлдэг. Хэвийн нөхцөлд хоорондоо эвцэлдүүлэгт огт ордоггүй амьтан, ургамал, бичил бие махбодийн хооронд ген шилжүүлэх шинэ технологи нь бидний хэзээ ч төсөөлж байгаагүй их боломжийг буй болгосоор байна. Хөдөө аж ахуй ба хүнсний үйлвэрлэлд геномд нь нэг болон хэд хэдэн генийг шилжүүлсэн бие махбодийг ашигладаг. Эдүгээ ийм шилжүүлсэн ген бүхий бие махбодиос гаралтай бүтээгдэхүүн тийм ч их аюултай бус талаар мэргэжилтнүүд мэдээлэл гаргаад байна.

Шилжүүлсэн ген бүхий бие махбодийг генийн инженерчлэлийн аргаар буй болгон ургамлын шинэ сорт болон бусад амьд бие махбодийг гаргах нь хөдөө аж ахуйн биотехнологийн салшгүй нэг хэсэг хэмээн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага үзэж байна. Ялангуяа хоорондоо эрлийзждэггүй зүйлүүдийн хооронд ашигтай шинж тэмдгүүдийг тодорхойлогч ген шилжүүлэн суулгах арга ургамал, амьтны шинэ сорт болон үүлдэр гаргах бараг цорын ганц арга хэмээн үзэж байна. Шилжүүлсэн ген бүхий ургамлыг ашигласнаар ургац ихээр нэмэгддэг. ГӨБМ-г ашиглах нь түргэн өсөлттэй байгаа хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах зам хэмээн үзэгчид олширсоор байна. Гэсэн хэдий ч одоогийн байгаа амьтан, ургамлын үүлдэр, сортуудын нөөц орчин үеийн агротехник, механикжуулалтын үед хүн төрөлхтнийг чанартай сайн бүтээгдэхүүнээр хангаж чадна хэмээн үүнийг эсэргүүцэгчид үзсээр байна. 

ГӨБМ-ийг генийн инженерчлэлийн аргаар гаргадаг. Энэ нь дан ген гарган авч цаашид тухайн гаргасан генээ вектор хэмээх молекулд угсарч өөрчлөх гэж буй бие махбодидоо шилжүүлнэ. Үүний дараа уг генийн үйл ажиллагааг шинэ бие махбодид нийлэгжүүлэх улмаар ГӨБМ-ийг сонгож ялгах гэсэн үндсэн арга ажиллагаа, шатуудаас тогтдог. Ген ялгах, нийлэгжүүлж гаргах ажиллагаа маш боловсронгуй болсноос гадна сайн автоматчилагдсан. Нуклеотидын дарааллыг нь өгсөн тохиолдолд 100-120 нуклеотид бүхий ДНХ-ийн хэсгийг богино хугацаанд нийлэгжүүлдэг тусгай аппарат буй болоод байна. Генийг векторт холбохдоо рестриктаз ба лигаз ферментүүдийг ашигладаг. Рестриктаз нь ген болон векторийг (ДНХ-ийн хэсэг) тодорхой дарааллаар таньж хэсэг болгон “огтолдог” байхад лигаз нь хуваагдсан хэсгүүдийг өөр хоршлоор “наадаг”. Ингэж векторт залгагдсан генээ гаргадаг. Үүний дараа бэлэн болсон генээ амьтан, ургамлын геномд трансфекцийн аргаар оруулж өгнө.

ГӨБМ-ийг суурь болон хавсарга судалгаанд өргөн ашигладаг. Түүнчлэн зарим өвчний үүсэл, явц (Альцгеймерийн өвчин, хорт хавдар), хөгшрөлт, мэдрэлийн системийн үйл ажиллагаа болон биологи, орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өргөн ашиглаж байна.

   Анагаах ухаанд

1982 онд анх генийн инженерчлэлийн аргаар хүний инсулиний ген бүхий бактери гарган инсулинийг үйлдвэрлэх болжээ. Хүний аюулт халдвар (тарваган тахал, хүний дархлалын олдмол хомсдол)-ын эсрэг вакцин болон эм нийлэгжүүлдэг генетик өөрчлөлтэй ургамал гаргах судалгаа хийгдэж байна. Генетик өөрчлөлттэй Нийлмэл цэцэгтний овгийн нэг наст Сафлороос гаргасан проинсулины клиникийн туршилт явагдаж байна. Трансген ямааны сүүний уургаас гаргасан тромбозын эмийн туршилт амжилттай дуусан хэрэглэх зөвшөөрлөө аваад байна. Анагаах ухааны шинэ салбар болох генийн эмчилгээ (генотeрапия) хурдан хөгжиж байна. Хүний биеийн эсийг өөрчлөх аргад тулгуурлан ГӨБМ-ийг гаргахад энэ салбар суурилдаг. Эдүгээ энэ арга нь зарим өвчнийг анагаах цорын ганц зам болоод байгаа юм. Бүр 1999 он гэхэд зарим хавсарсан дархлааны хомсдол (severe combined immune deficiency) бүхий 4 өвчтөн бүрийн нэг нь генийн эмчилгээ хийлгэн эдгэрч байв. Генийн эмчилгээг хөгшрөлтийг удаашруулах зорилгоор мөн хэрэглэж байна.

Инсулин дааврыг үхэр, гахай зэрэг амьтны нойр булчирхайнаас ялгадаг байсан тул өндөр үнэтэй байв. 100 грамм кристаллжсан инсулиныг гаргахад 800-1000 кг нойр булчирхай шаардлагатай байсан бөгөөд нэг үхрийн нойр булчирхай 200-250 гр жинтэй байдаг. Энэ нь инсулины үнийг өсгөх, чихрийн шижинтэй хүмүүст олдоц ховордох гол шалтгаан болж байснаас гадна хэрэглэгчдийн 5% орчимд таарахгүй харшил үүсгэдэг муу талтай байв. Эдүгээ инсулин ба соматотропин зэрэг чухал даавруудыг гэдэсний савханцар (E.coli) нийлэгжүүлдэг боллоо.

1978 онд АНУ-ын "Генентек" пүүс зориудаар буй болгосон гэдэсний савханцраас инсулин гаргасан юм. Энэ инсулин нь E.coli-ийн уураг болон бусад хорт бодис агуулдаггүй хэрэглэхэд дагалдах үр дагаваргүй, амьтны гаралтай инсулинтэй ижил байсны дээр харшил үүсгэдэггүй онцлогтой юм. Дараа нь энэ пүүс проинсулинийг бас гаргасан юм.  Гэдэсний савханцрын 1000 л өсгөврөөс 200 гр хүртэл дааврыг ялгах бөгөөд энэ хэмжээний инсулин ялгахад гахай, үхрийн 1600 кг нойр булчирхай шаардлагатай. 1976 онд АНУ-ын Сан Франциско хотод байгуулагдсан энэ пүүс генийн инженерчлэлийн чиглэлийн анхны пүүс бөгөөд эдүгээ 11000 гаруй ажилтантай, жилд 13-14 тэрбум доллар зарцуулан 3-4 тэрбум долларын ашигтай ажиллаж байна. Дашрамд өгүүлэхэд 2009 онд Швейцарийн эмийн “Hoffmann-La Roche” нэгдэл Генентекийн охин пүүсийг 46.8 тэрбум доллараар худалдан авчээ.

Хүний өсөлтийн дааврыг өнчин тархи нийлэгжүүлдэг. Энэ даавар дутагдсанаар өсөлтийн хамааралтай “одой” болдог. Биеийн жингийн кг тутамд 10 мг соматотропиныг  тооцоолон 7 хоногт 3 удаа тарихад ийм өвчтэй хүүхдийн өсөлт жилд 6 см-аар нэмэгддэг ажээ. Өмнө нь энэ дааврыг үхсэн хүний өнчин тархинаас 4-6 мг-ыг ялгадаг байв. Үүнээс үүдэн дааврын хэрэгцээ хязгаарлагдахаас гадна ийм аргаар ялгасан соматотропин нь удаан үрждэг вирусыг ч агуулах боломжтой байв. "Генентек" пүүс 1980 онд бактерийн тусламжтайгаар соматотропиныг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд уг даавар нь дээр дурьдсан дутагдлуудыг агуулаагүй байв. 1982 онд Францын Пастерийн хүрээлэн амьтны эсэн дээр ургуулсан гэдэсний савханцраас хүний өсөлтийн дааврыг мөн ялгажээ.

Эрдэмтэд олон жилийн туршид нялх хүүхдэд харшил өгдөггүй бета-лактоглобулин хэмээх уураггүй үнээний сүү гаргах гээд чадаагүй юм. Үнээний сүүний энэ уураг бага насны хүүхдэд гүйлгэх, улмаар шингэний дутагдалд оруулахад хүргэдэг. Харин Австралийн эрдэмтэд генетик өөрчлөлтэй, сүүндээ дээрх уураг агуулдаггүй үнээ гаргаад байна.

Хөдөө аж ахуйд

Генийн инженерчлэлийг орчны тааламжгүй нөхцөл болон хортонд тэсвэртэй, ургалт ба амт, чанар сайтай ургамлын шинэ сорт гаргахад ашигладаг. Шинээр буй болгож буй амьтны үүлдэр нь өсөлт түргэнтэй, их бүтээгдэхүүн өгдөг байна. Ургамал, амьтны гаргасан шинэ сорт, үүлдрүүд нь өндөр тэжээллэгтэй болон үл орлогдох амин хүчил, витаминаар баялаг бүтээгдэхүүн өгдөг. ГӨБМ-ийг гаргах судалгаа шинжилгээний ажил дэлхийн олон оронд хийгдэж тодорхой үр дүнд хүрч, үйлдвэрлэлд хэзээний нэвтрээд байгаа боловч ийм судалгааны дүн нууцлалын зэрэгтэй тул тэр бүр нийтлэгддэггүй. Тухайлбал  Дэлхийн судалгааны байгууллагын (Worldwatch Institute)  мэдээлснээр 2000 онд “шинэ” эрдэнэшиш тариалсан талбайн хэмжээ 44.2 сая га (ГӨ бүхий эрдэнэшишийн тариалангийн талбай АНУ, Канад болон Аргентинд байдаг)-д хүрээд байна. Хятадын ГӨ бүхий хөвөнгийн тариалалтын талбай нийт хөвөнгийн талбайн 10%-д хүрчээ. Ийм төрлийн тариалалт дэлхийн 13 оронд хийгдэж байна. Генетик өөрчлөлт бүхий ой хурдан ургадаг, модлогтоо целлюлозын агууламж ихтэй ой модны сортууд туршилтын шатандаа байна.

Бусад салбарт

Экологийн цэвэр түлш гаргадаг генетик өөрчлөлттэй бактери гаргаж байна.  Загас нь генетик өөрчлөлттэй анхны гэрийн амьтан боллоо. 2003 онд энэ загасыг буй болгон зах зээлд нийлүүлжээ. Аквариумын жижиг загас Данио рерио нь генийн инженерчлэлийн аргаар туяа цацруулдаг, хэд хэдэн тод өнгөтэй.

2009 онд Японд цэнхэр өнгийн цэцэгтэй генетик өөрчлөлттэй сарнайн шинэ сорт гарлаа. Ингэснээр селекционеруудын олон жилийн мөрөөдөл биеллээ олсон билээ.

Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг” (2013) номноос

Сэтгэгдэл үлдээх on Генийн инженерчлэл, генетик өөрчлөлттэй бие махбодь

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.