Дэлхий дээр 700-800 хүүхэд тутмын нэг нь дауны синдромтой төрдөг гэсэн тоо баримт бий. Дауны синдромтой хүүхдийг “нар” хэмээн хочилдог. Учир нь тэдний зан чанар гэгээлэг, эелдэг, бусдад элэгсэг дотно байдаг аж. Тэд илүү хромсомтой төрдөг учир бурхны бэлэг ч хэмээгддэг. Харамсалтай нь зарим эцэг эх тэднийг хүлээн авахаас татгалздаг байна. Орост нэгэн хосын анхны хүүхэд дауны синдромтой төрсөн ч ээж нь өсгөхөөс татгалзан асрамжийн газарт өгөхийг хүсчээ. Харин хүүгийн эцэг ганц бие аавын амьдралыг сонгон хүүгээ ганцаараа өсгөхөөр шийджээ. 33 настай Евгений Анисимов хүү Мишагийн хамт амьдардаг бөгөөд дауны синдромтой хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтийн хандлагыг өөрчлөхөөр ниймгийн ажлуудад идэвхтэй оролцдог нэгэн аж. Мөн өөртэй нь ижил түүхтэй эцэг эхчүүдэд ч урам өгөхийг эрмэлздэг байна.

Эмч  “Хүү чинь дауны синдромтой юм шиг байна” гэж хэлэх хүртэл анхны хүүхдээ харсан залуу хос маш их баяртай байжээ.  Евгений Анисимов “Би дауны синдром гэж юу болох талаар мэдлэггүй, хүүгээ ийм төрлийн синдромтой төрнө гэж огт бодоогүй байсан. Зөвхөн сэтгэл хөдлөлөө барьж, бодлоо цэгнэж, эхнэртээ туслахыг л хичээж байлаа. Мэдээж энэ нь түүнд илүү хэцүү байгаа байх гэж бодсон. Шинжилгээний хариуг батлагдтал би эхнэртээ энэ талаар ам нээгээгүй. Хариу нь батлагдсан гэдгийг сонсоод би эмнэлгээс гараад хэсэг уйлан ганцаар суусан. Яг л миний хүсэн хүлээж байсан шиг хүү минь хөл гар нь бүтэн, бусдаар эрүүл саруул төрснийг бодож нулимсаа арчин “Хүү минь онцгой, түүний ирээдүйн амьдрал илүү чухал байхад би энд ингээд уйлаад сууж байх ч гэж дээ. Чи хүүхэд хүссэн, хүү чинь төрлөө. Одоо хариуцлагатай байгаач” хэмээн өөртөө хэлээд зоригжуулсан. Би хүүгээ төрсөн өдрийн шөнөөс л дауны синдромын талаар байж болох бүхий л мэдээллийг судалж эхэлсэн” гэжээ.

Ээж нь хүүгээ асрамжийн газарт өгөхийг хүссэн ч Евгений зөвшөөрөөгүй байна.  “Эхнэр бид хоёр мөнгөөр гачигдаж, хэцүү зүйлсийг давж амьдралын олон үеийн хамтдаа туулсан ч маш сайхан харилцаатай байсан. Би бүхий л зүйлсэд буулт хийж дасан зохицдог байлаа. Найзууд, ойр дотныхон маань намайг “базуулчихсан” хэмээн хочилдог байв. Харин хүү минь төрсөн цагаас эхлэн би эсрэгээрээ болсон. Бид хамтдаа энэ бүгдийг даван туулж чадна гэдгийг би түүнд итгүүлэхийг оролдсон. Гэвч тэр хүү бид хоёр итгэж чадалгүй, бид салсан. Тэр зүгээр л айж байсныг би сайн ойлгож байна” гэжээ.

Тэрээр хүүгийнхээ оюун ухааны болон биеийн хөгжилд анхаарч, маш их цаг зав гаргадаг аж. “Хүү минь төрсний дараа “Би түүнд хэрэгтэй юу үгүй юу?” гэж өөрөөсөө асуухад “Хүү минь надад хэрэгтэй” гэсэн хариу л толгойд минь бууж байлаа” хэмээжээ. Мишагийн аав дэлхий даяар дауны синдромын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, ижил бэрхшээлтэй тулгарсан гэр бүлүүдийг дэмжихийг хүсдэг юм. “Би баатар биш, аавынхаа үүргийг гүйцэтгэж байгаа энгийн л нэгэн хүн. Энэхүү түүхийг хуваалцсанаар өөрийгөө баатар мэт өгүүлэхийг хүссэнгүй, бидэнтэй адилхан эцэг эх, ирээдүйд дауны синдромтой хүүхэдтэй болох аав ээжүүдэд урам зориг өгөхийг хүслээ. Юунаас ч бүү ай, бүх зүйл сайхан болно” гэжээ.

Эх сурвалж: Bored Panda

GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх on Дауны синдромтой хүүгээ ээж нь асрамжийн газарт өгөхийг хүссэн ч аав нь ганцаараа өсгөжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.