Коронавирусын эсрэг бүтээж байгаа вакцинуудын талаар мэлээлэл цуглуулж, судалж эмхтгэж хүргэж байна.

Коронавирусын вакциныг улс орнууд аль болох түрүүлж хэрэглэх, эдийн засгаа сэргээхэд хамгийн чухал гэж үзэж, улс төрийн хувьд ч өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Монгол улс вирусыг дотроо алдсан тул вакцины ач холбогдол улам бүр нэмэгдэх нь дамжиггүй. Тэгвэл Монгол улс өнөөдөр энэ уралдааны хаана явна вэ? Ямар вакциныг хэрэглэх вэ? Хэдэн тун вакциныг аль үйлдвэрлэгчид захиалсан бэ? Бид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад вакцин нийлүүлэгч олон улсын байгууллагын вакцин нийлүүлэх эрэмбэ дарааллын хэддүгээрт явж байна вэ? Вакцин үйлдвэрлэгчидтэй шууд хэлэлцээр хийх боломж бий юу?
Эдгээр асуултуудад хариулахын өмнө өдгөө Коронавирусын вакцин бүтээгчдийн явц, давуу сул талуудыг сайтар ойлгох хэрэгтэй билээ.
Вакцин бүтээж олноор үйлдвэрлэх уралдаанд дэлхийн 34 орон, 470 байгууллага оролцож, 321 вакцин судлагдаж байгаагаас эмнэлзүйн судалгаанд нэвтэрсэн 33 төрлийн вакцин нь нийт 280,000 хүнд туршигдаж байгаа болно.
Эдгээрээс 6 вакцин нь судалгааны сүүлийн (3-р шат) шатандаа орсон байна. Зарим өндөр найдлага тавьж буй вакциныг батлагдсаны дараа масс үйлдвэрлэлийн шатанд цаг алдахгүйн тулд урьдчилж үйлдвэрлэх арга хэмжээг хүртэл авч байна. Вакцины төрлийн хувьд дэлхийд хэрэглэгддэг 9-10 төрлийн арга байдгаас энэ удаагийн вакцин бүтээх уралдаанд бараг бүх аргыг хэрэглэж байна:
-Амьд идэвхигүйжүүлсэн вирус
-Идэвхигүйжүүлсэн вирус
-Үржих чадваргүй вирусын вектор
-Үржих чадвартай вирусын вектор
-Вирусын рекомбинант уураг
-Пептид (богино амин хүчлийн дараалал)
-Вирус төст биет
-ДНХ вакцин
-РНХ вакцин
Клиникийн судалгааны шатанд нэвтэрсэн 33 вакцинаас 13 вакцин нь хурд болон далайцаараа түүчээлж байна.
Үүнд:
1. Модерна (АНУ)
Tөрөл: Липид (тос) бүрхүүлтэй РНХ
Үйлдвэрлэх хүчин чадал: Жилд 500 сая-1 тэрбум тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: 2.48 тэрбум $
Тэмдэглэл: Технологи нь шинэ, анх удаа өргөн хүрээнд туршигдах гэж байгаа.
Вирусээс хамгаалах чадвар: 94.5%
Үнэ: 32-34$/тун вакцин
2. Кан-Сино Байоложикс (БНХАУ/Канад)
Tөрөл: Үржих чадваргүй вирусын вектор
Үйлдвэрлэх хүчин чадал: Тодорхойгүй
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: БНХАУ Канад улсын хамтарсан
Тэмдэглэл: Хятад компаниуд дотор хамгийн хурдтай ажиллаж байгаа боловч сүүлийн үед хурд нь саарч байгаа. Одоо БНХАУ цэрэг армидаа ашиглаж эхлээд байгаа. Сул тал нь өмнө нь аденовирусын халдварт өртөж байсан хүмүүст дархлааны хүчтэй урвал өгөх магадлалтай. Канад улс БНХАУ ын хамтын ажиллагаа нь зогссон.
Үнэ: 145$/2 тун вакцин
3. Иновио (АНУ)
Tөрөл: ДНХ
Үйлдвэрлэх хүчин чадал: 2021 онд 100 сая тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ-аас 83 сая $
Тэмдэглэл: Вакцины уралдаанд хоцрох байдалтай байгаа, сүүлийн шатны судалгаагаа 11 сард эхлэх төлөвтэй байна. Вакциныг хүний эс рүү нэвтрүүлэхийн тулд цахилгаан гүйдэл ашиглах тул вакциныг хэрэглэхэд тусгай төхөөрөмж шаардагдана. Саяхнаас Термо Фишер компанитай хамтрахаар болсон. Бас өмнөх хамтрагчтай холбоотой эрхзүйн маргаантай байгаа.
Үнэ: тодорхой болоогүй
4. Синовак (БНХАУ)
Tөрөл: Идэвхигүйжүүлсэн вирус
Үйлдвэрлэх хүчин чадал: жилд 100 сая тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: Адвантек компаниас 15 сая $
Тэмдэглэл: Үүсч буй эсрэг биеийн хэмжээ бусадтай харьцуулахад бага байгаа
Үнэ: 145$/2 тун вакцин
5. Байонтек, Файзер (ХБНГУ/АНУ)
Tөрөл: Вирусын РНХ
Үйлдвэрлэх хүчин чадал: 2020 онд 100 сая тун, 2021 онд 1.3 тэрбум тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ аас 1.95 тэрбум $, ХГБНУ аас 445 сая$
Тэмдэглэл: Вирусээс хамгаалах чадвар-95%
Үнэ: 19.5$/1 тун вакцин
6. Астра Зенека, Оксфордын Их Сургууль (Их Британи)
Tөрөл: Вирусын ДНХ
Үйлдвэрлэх хүчин чадал: 2021 онд 2 тэрбум тун,
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ аас 1.2 тэрбум $, CEPI-аас 383 сая$, GAVI аас 367 сая $, Их Британи 80 сая $,
Тэмдэглэл: Туршилтын 1 хүн дээр мэдрэлийн шинж тэмдэг илэрснээс судалгаа түр завсарласан, ашгийн төлөө бус. Вакцины судалгаа маш эрт эхэлсэн.
Үнэ: 4$/1 тун вакцин
7. Новавакс (АНУ)
Tөрөл: Вирусын уураг
Үйлдвэрлэх хүчин чадал: 2021 онд 2 тэрбум тун, үүнээс Их Британид 60 сая тун, Канадад 76 сая тун амалсан байгаа.
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ аас 1.66 тэрбум $, CEPI-аас 388 сая$
Тэмдэглэл: Энэ удаа Энэтхэгийн хүрээлэн компаниудтай хамтарч байгаа. Тус компаний өмнө бутээсэн вакцинууд зах зээлд гарч чадаагүй гэсэн баргар түүхтэй.
Үнэ: 16$/1 тун вакцин
8. Гамалея ЭШХ (ОХУ)
Tөрөл: Үрждэггүй вирусын вектор
Үйлдвэрлэх хүчин чадал: 2020 оны сүүлээр 200 сая тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: Тодорхойгүй
Тэмдэглэл: ОХУ д бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь вакцины туршилтын сүүлийн шат болох олон хүнд үр дүнг шалгах гэсэн үе шатыг алгасаж ОХУ бүртгэж авсан нь олон улсын анхаарлыг татаж шүүмжлэлд өртсөн. ОХУ эхний ээлжинд эмч багш нараа энэ вакцинаар дархлаажуулна гэдгээ мэдэгдээд байгаа.
Үнэ: тодорхой болоогүй
9. КюрВак (ХБНГУ)
Tөрөл: Липид бүрхүүлтэй РНХ
Үйлдвэрлэх хүчин чадал: олон зуун сая
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: ХБНГУ 640 сая $, Европын Холбоо 85 сая $, CEPI 8 сая
Тэмдэглэл: Европын Холбоонд 405 сая тун вакциныг нийлүүлэх тохироотой, одоогоор 30,000 хүнд туршиж байгаа. Тэрбумтан Билл Гейтс энэ компанитай хамтарч ажиллаж байгаа.
Үнэ: тодорхой болоогүй
10. Кловер байофармасютикалс (БНХАУ)
Tөрөл: Вирусын уураг
Үйлдвэрлэх хүчин чадал: олон зуун сая
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: CEPI 70 сая $
Тэмдэглэл: Вакцины зах зээлийн том тоглогчдын нэг GSK хамтарч байгаагаараа онцлог, одоогоор судалгаанууд амжилттай явагдаж байгаа.
Үнэ: тодорхой болоогүй
11. Жонсон энд Жонсон (АНУ)
Tөрөл: Үрждэггүй вирусын вектор
Үйлдвэрлэх хүчин чадал: жилд 1 тэрбум тун
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ1.4 тэрбум $
Тэмдэглэл: Залуу хүмүүст вакцины гаж нөлөө илүү өндөр гарч байгаа
Үнэ: 10$/1 тун вакцин
12. Санофи, Глаксосмитклайн (Франц, Их Британи)
Tөрөл: Вирусын уураг
Үйлдвэрлэх хүчин чадал: 2021 оны дундуур гэхэд 1 тэрбум тун үйлдвэрлэнэ
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ 2.13 тэрбум $
Тэмдэглэл: Вакцины зах зээлийн том тоглогчид болох Санофи GSK хамтарч байгаагаараа онцлог, одоогоор судалгаанууд амжилттай явагдаж байгаа. АНУ өндөр дүнгээр санхүүжүүлж байгаагийн хувьд 100 сая вакцин авах тохироотой байгаа.
Үнэ: тодорхой болоогүй
13. Мерк (АНУ)
Tөрөл: Үрждэг вирусын вектор
Үйлдвэрлэх хүчин чадал: Тодорхойгүй
Гадаад эх үүсвэрээс санхүүжсэн байдал: АНУ 38 сая $
Тэмдэглэл: Харьцангүй шинэ технологи ашиглаж байгаа. Технологи нь богино хугацаанд вакцин бүтээх боломжтой, дархлаа сайн үүсгэдэгээрээ онцлог.
Үнэ: тодорхой болоогүй
Эдгээр 13 вакцин үйлдвэрлэгчид нь вакциныг зах зээлд гаргахад хамгийн ойрхон байгаа, туршлагатай, санхүүжилт сайтай байгаа юм

Сэтгэгдэл үлдээх on Ж.АМАРСАНАА: ШИНЭ КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ БҮТЭЭЖ БУЙ ВАКЦИНУУД БА МОНГОЛЧУУД

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.