Том Сүхбат хувьдаа УАЗ-469 маркийн орос машин хөлөглөдөг. Нэг удаа мань эр хаана ч юм тэргээ орхичихоод дотогшоо ороод алга болчихож гэнэ. Удаж удаж гараад иртэл унаа нь алга. Заан эргэн тойрноо баахан харж байгаад харьж явчихав. “Муусайн лүднүүд л намайг чадах гэж . . .” гэх ухааны юм бодсоор хэд хонов. Эхнэр нь “Чи ер нь хаашаа хачиэ нөхөр вэ.

Унаа тэрэг чинь алга болчихоод байхад шүүх сэргийлэхэд ч хэлдэггүй” гээд л бууж гарч. Хариуд нь мань Сүхбат юу гэж хэлсэн гээч. “Яагаад л байна даа хө, тэр машин хаа холдов гэж дээ. Түлхүүр нь өвгөнд нь байгаа шүү дээ” гэсэнд гэдэг. Энэ явдал үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л түүний мөн чанарыг дийлэнхийг илтгэх шиг.

Том Сүхбат арслангийн энтэй бөх. Унасан ч давсан ч инээж л байдаг энэ цүлх Монгол эрийг ард түмэн хайрладаг. Үүнийг ганцхан жишээгээр тайлбарлаж болно. Баянхонгор, Налайх, Ховд гээд гурвын гурван нутгийн зон олон түүнийг манай бөх гэж булаацалддаг. Сайн бөх төрөхөд нутгийн уул ус баярладаг гэнэм. Харин дээрхийн хариуд мөнөөх хүд хүд инээсэн цүлх эр “Би Монголын бөх нь бөх. Хаанахынх ч бөх байсан надад ялгаагүй ээ” гэж суух.

Түүний үе тэнгийнхэн өнөө цагийн Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд хаан сууж байна. Тэдний толгойд хэнийг амлах, хэрхэн барилдах, яавал хаях цөм төлөвлөгдөн цахим тооцоолуурт бичигдсчихсэнмэт нарийн чанд оршдог. Энэ бүхнийг ялангуяа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, заан Ч.Бямбадорж нарын олон бөхчүүдийн барилдаан нотолдог. Харин инээдэг Сүхбатын барилдаан тэднийхээс эгээ л өөр. Тэр гэнэн томоогүй, задгай эр. Ар араасаа угсарсан уран мэх, арал чац, хэнээс ч дутахгүй бяр, заан хэмээх цол нь түүнийг бөхийнх нь хувьд тодорхойлно. Огтоос урьдчилан бодож төлөвлөлгүйгээр эрсхэн алхаж очоод учраагаа зоримогхон бариад авна. Сүхбат алдаа ихтэй бөх. Үүнийг хийтэй, салхитай гэдэг хоёрхон үгээр тайлбарлаж болно. Энэ бүхэн түүний барилдааныг үнэн, тл цагаахан болгодог.

Унавал унана, давбал давна. Араас нь инээнэ. П.Сүхбат заалны барилдааныг гололгүй ирж ноцолддог. Гэм нь 18-тай шалдан бандид ч хамаагүй уначихаад амаа дараад инээж зогсох гэнэн. Түүнийг баргийн юманд гуньж, гонсойдоггүй гэвэл бас эндүүрэл болно. Мөнөөх цайлган эр чинь нэлээд шартай нэгэн. Сүхбат хэн нэгэнд тийм ч амар буугаад өгчихгүй омогтой эр. Энэ бүхнийг аатай гэдэг ганцхан үгээр илэрхийлж болно. Том Сүхбат үнэхээр аатай бөх. Монголын чөлөөт бөхийн түүхэнд түүний үлдээсэн бахдам сайхан мөрүүд бий. Яс махаараа мэдэрч хар залуугаас өөртөө шингээн авч үлдсэн чөлөөтийн уян мэхнүүд нь заан Сүхбатын үндэний бөхийн барилдаануудыг улам ганган болгодог.

Ганган гэснээс тэр бас “ганган” эр. Бөхчүүд савхиар дээл хийж гоёх эхний сэдлийг энэ саваагүй эр гаргасансан. Харин тэр бор шар өнгийн савхин дээлтэй байхдаа илүү харагддг юм билээ. Бас сахал нь түүнд гайхалтай зохидгийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Эцэст нь хэлэхэд Сүхбат гэдэг ийм марзан эрд ард түмэн хайртай. Түүнээс бөхчүүдийн хувьд гаднаас нь тэр бүр ажиглагддаггүй хурц цочмог сэтгэлийн хөдөлгөөн дотроосоо зад тавих мэт гэнэт халин гарч ирэх нь олонтаа илэрдэг.

Тэр бас уяярамтнай нэгэн. 1990оны наадмаар эдүгээн аварга О.Балжиннямыг унагаж  зааны болзол хангачихаад гүйсээр асарт ирээд эхнэрээ харан харан нулимс бөмбөрүүлж байсан. 1994оны наадмаар 7-гийн даваанд шинээр начны болзол хангасан Б.Гантогтохыг бараг хаяж яваад гэнэ алдан өвдөг шороодчихоод толгойгоо шаан харууссан. Түүнийг тэгэж их харамсаж байсныг урьд өмнө нь хараагүй. Түүний барилдааны тухай энэ мэт олон сайхан түүх өгүүлж болно. Алс хол харийн газарт эх орноороо овоглон төрийн далбаагаа өргөж, баяр гуниг, алдаа онооны хатуухан дэвжээнд ер ховор нулимсаа унагаж явсан ясны тамирчин заяаатай энэ идэрмэгхэн эр заан цолоо хэдэнтээ баталсан аргагүй л ҮНЭН ХҮЧИТ БӨХ ӨӨ.

Б.Ганчимэг

Сэтгэгдэл үлдээх on ИНЭЭМТГИЙ ХҮН хөрөг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.