Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийн нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт нэр дэвшигч Дэлгэржавын Ганболдтой ярилцлаа. 

Тэрээр өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д нэр дэвших тогтоолоо гардан аваад байгаа юм. 

-Та орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшихээр болсон бэ. Шийдвэрээ хэзээ гаргав?

-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш би орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж олон нам, эвслүүдийг сонирхож үзлээ. Хэт их улс төрждөггүй иргэн хүнд, залуу хүнд улс төрийн том намуудаас нэр дэвших боломж үндсэндээ байдаггүй юм байна. Тэгээд ч иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намууд оролцохыг би сайшаадаггүй. Тиймээс одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд би нэр дэвшин өрсөлдөхөөр шийдэж өөрийн шийдвэрээ гаргасан.

-Та МАН, АН зэрэг том намуудаас нэр дэвших гэж сонирхож судалсан уу?

-Би хүүхэд байхаасаа Ардчилсан нийгмийн давуу тал, ололтуудыг мэдэрч өссөн. Тиймээс надад хэзээ ч МАН-аас нэр дэвших хүсэл төрдөггүй. Тэгээд ч МАН бол маш том эрх ашгийн нэгдэл болсон, тэнд нэр дэвших хүн маш их бэл бэнчинтэй, эсвэл хэн нэгний бүлэглэлд ивээлд багтсан хүн байхаас өөр замгүй. Миний нэр дэвшиж байгаа нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт 201.7 сая төгрөг зарцуулах зардлын дээд хэмжээтэй. АН, МАН гэсэн хоёр том нам энэ зардлыг өөрөөсөө гаргах хэмжээний хүнийг тэргүүн ээлжинд нэр дэвшүүлэх бодлоготой юм байна. Улс орны эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьжиргаа эрс муудсан энэ үед ийм их хэмжээний зардлыг өөрөөсөө гаргаад иргэдийг төлөөлнө гэдэг бол эрүүл үзэгдэл биш. Хэн нэгний эрх ашигт үйлчлэх хүнд л ийм их хэмжээний мөнгө төгрөг олдоно.

-Иргэдийн хуралд ямар хүмүүс их сонгогдоосой гэж бодож байна?

-Би бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд хөрөнгөтнүүдийн, эсвэл эрх мэдэлтнүүдийн төлөөлөл бага сонгогдоосой, иргэддээ ойр байдаг, өдөр бүр иргэдтэйгээ уулзаж байдаг, иргэд дундаа амьдардаг иргэдийн төлөөлөл сонгогдох ёстой гэж боддог. Нийслэл дүүргийн хуралд тухайн тойрогтоо амьдардаггүй хэн нэгний төлөөлөл, өв залгамжлагч ирж сонгогчихоод дөрвөн жил алга болдог үзэгдэл манайд хэвийн зүйл мэт болсон байна. 

-Таны тойрогт хамгийн тулгамдсан ямар асуудлууд байна, эдгээр нь танай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

-Хөрсний бохирдол, Туул голын бохирдол өнөөдөр миний нэр дэвшиж, амьдарч байгаа тэр тойрогт хамгийн тулгамдсан асуудлууд болчихоод байна. Айл өрх бүр хашаандаа сайхан амьдрах тэр боломжийг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Жорлонгоо өөрчлөх, хашаандаа сайхан амьдрах, хог хаягдлыг мөнгө болгох гээд иргэдээс гарч байгаа олон санаачилгыг бодит ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

-Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол ямар жишгийг тогтоох вэ, ямар асуудлуудад голлож ажиллана гэж бодож байгаа вэ?

-Нэгдүгээрт, эрх мэдэлтний төлөөлөл биш иргэдийн төлөөлөл ямар байх ёстой, яаж ажилладагийг бодитоор харуулна. Хоёрдугаарт, Туул голын бохирдлын асуудал байна. Хамгаалалтанд авах ёстой. Гуравдугаарт, хөрсний бохирдлыг бууруулах бүх талын санаачлагыг дэмжиж ажиллана. Иргэн бүр хашаандаа эрүүл хөрстэй, тохилог, амьжиргаандаа тус дэм болох жимс, хүнсний ногоо тариалдаг, газар нь үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орсон, гэр байшин нь орчин үеийн эко шийдлүүдийг хэрэглэдэг болох ёстой. Энэ бүхний төлөө би ажиллана.

-Залуучуудад хандаж үг хэлээч?

-Иргэд залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой, эрх мэдэлтнүүдийн, эд хөрөнгөтнүүдийн төлөөллийг биш иргэд дундаасаа төлөөллөө сонгох цаг болсон гэдгийг дахин хэлье.

INEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on "Иргэдийн хуралд эрх мэдэлтнүүдийн ГАР ХӨЛ биш ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ суух ёстой"

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.