Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэх ардын цэцэн үг бий. Монголчууд элгэмсүү, гэрсэг ард түмэн. Айл хотол ах дүүсээрээ их л ойр дотно амьдарцгаадаг. Тиймдээ ч бид гаднынхыг эцэг эх нь үр хүүхдээ хардаггүй, үр хүүхэд нь ч эцэг эхээ ачилдаггүй хүйтэн хөндий хүмүүс гэх нь цөөнгүй.  Үнэхээр ч барууны ихэнх орнуудад хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд ажил амьдралын мөрөө хөөн өөр хот, өөр муж, өөр улсыг зорин явцгаадаг. Энэ үеэс эхлэн залуучууд өөрсдийн амьдралд эзэн болж ажиллах хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэдэрдэг байх.

Харин манай монголын залуучууд ахлах сургуулиа төгсөөд бүгд л их сургуульд элсэж болсон болоогүй мэргэжлийн хавтас өвөртөлцгөөдөг. Энэ бүх хугацаандаа сургалтын төлбөрөөс эхлүүлээд хэдэн арван сая төгрөг эцэг эхээсээ зулгаана. Ажил хөдөлмөр эрхэлж өөрийгөө болгоод байдаг хэсэг бусаг оюутан залуус бийг бас мартаж болохгүй юм. Гэвч сайнаасаа саар нь их. Хүмүүс төр засаг л үнэгүй тэтгэмж өгөөд залуусыг идэвхгүй сулбагар болгож байна гэдэг. Гэвч төр засгаас илүүтэй үр хүүхдийнхээ ирээдүйг хохироож буй хүмүүс бол эцэг эхчүүд өөрсдөө. Учир нь тэд үр хүүхдээ төрүүлсэн нь л хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэх ёстой хэмээн нойр хоолоо хугаслан хүүхдээ гэдэс цатгалан мөр бүтэн явуулахын төлөө зүтгэцгээдэг. Гэтэл хүүхдүүд нь хэдий их сургуулиа төгсчихсөн ч гэсэн эцэг эх хоёртойгоо байхад ажил хийгээд хэрэггүй мэт ойлгож зугаа цэнгэл л мөрөөдөж явдаг залуучууд цөөнгүй.
Иймээс идэх хоол нь бэлэн байхад ажил хийж өөрийгөө зовоох хэрэггүй хэмээн итгэсэн залууст гэрээс гарч гэдэс алдахгүйнхэн шиг л байж байвал энэ нийгэм хөгжинө үү, хямарна уу огт хамаагүй. Учир нь өлсвөл эцэг эх нь идэх хоолыг нь бэлдээд өгчихнө. Угаасаа эцэг эхийн үүрэг гэж залуучууд ойлгодог. Эцэг эх нь ч үхтэл үр харам гэдгээр хүүхдээ бусдаас оруулахгүйг л хичээнэ.  Ингээд бодохоор монголын нийгэм, монголын залуучуудыг бэлэнчлэх сэтгэлд сургаж буй бас нэгэн хүчин зүйл нь хэрээс хэтэрсэн эцэг эхийн хайр халамж яахын аргагүй мөн. Тэгэхлээр хөгжил цэцэглэлт заримдаа хүний мөн чанараас бага ч гэсэн гажихыг шаардаж буй мэт. Гэвч эцэг эх нь өөрсдөө учраа ол гээд орхичихвол манай залуучууд гомдож туниад солонгосын драмынхаа адил үрийн холбоогоо тасална гээд гүйх байхдаа. Уул нь эцэг эхийнхээ гарыг харалгүй (эцэг эхээ битгий ачил гэсэн үг биш) Алдаж оносон ч өөрсдөө л хичээж амьдрах хэрэгтэй баймаар. Алддаггүй хүн гэж байхгүй хойно.

Өгүүллийг С. Ууганбаяр

Сэтгэгдэл үлдээх on Соосогтой залуус буюу Монголчуудын залхуурал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.