1. Туул голын усны чанар

7 дугаар сарын 1- 2-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Алтанбулаг, мөн Туул голын цутгал Улиастай, Сэлбэ, Дунд голын хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 50- 100 мкСи/см, хот орчимд дунджаар 70 мкСи/см, хотоос доош хэсэгт 2- 2.5 дахин нэмэгдэж 120- 170 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.

2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усан дахь бохирдол өмнөх сарынхаас багасаж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/аас давж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлтийн тоо, агуулагдах хэмжээ багассан хэдий ч голын ус бохирдолтой хэвээр, ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, Шинэ гүүр орчимд онцгой их бохирдлын түвшинд, Алтанбулаг орчимд их бохирдлын түвшинд тус тус хүрч байлаа. Тухайлбал, Туул голын Сонгиноос Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 1.96- 3.42 мгО/л байсан ба голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 81.5- 91.2 мгО/л-т хэлбэлзэж /2 дугаар зураг/ байгаа нь ХА-аас 27- 30 дахин давсан ба голын энэ хэсэгт дагуудаа БХХ5-ийн агуулагдах хэмжээ онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.49- 2.00 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 3- 4 дахин /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.009- 0.056 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 3 дахин, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.110- 0.137 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас бага зэрэг давсан бохирдол илэрчээ. Энэ үед Туул голын цутгал Сэлбэ- Улаанбаатар цэгийн орчимд усны чанар өмнөх сараас сайжирч, бохирдолгүй байсан ба Улиастай-Улаанбаатар, Дунд гол- Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азот /NО2/-ын бохирдол илэрч, ХА-аас 1.1- 1.7 дахин давсан бохирдол илэрчээ.

Туул голын усны шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Жич: Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас давсан агууламжийг тодруулав.

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт шинжилгээний цэгО2, мг/лБХХ5,мг/лПИЧ, мг/лNH­4, мг/лNО­2, мг/лРэрд, мг/л
 Усны чанарын стандарт MNS4586-98 /ХА/6<3100.50.020.1
Туул- Уубулан8.312.10.50.030.0170.000
Туул- Зайсан7.992.90.80.030.0080.038
Туул- Сонгино доод3.2684.8-1.490.0130.110
Туул- Алтанбулаг2.9381.5-2.000.0100.128

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар,  MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ

2020 оны 7 дугаар сарын 2-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-д хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/Сорьц авсан цэгpHЖ/б, мг/лБХХ5, мг/лХХХ, мг/лNH4, мг/лNO2, мг/лNO3, мг/лЦэвэршилт, %
MNS4943:2015 /ЗДХ/ 6- 930202015 
Төв ЦБОрох6.7171214651491   64.4
Гарах6.5919752137540.180.0080.09
Нисэхийн ЦБОрох6.4328721465544   85.6
Гарах7.51115821246.829.300.0760.14
Био орон сууц ЦБОрох6.6417391342694   90.9

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 64%- 91%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 64% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2.6- 26 дахин, Нисэхийн ЦБ 86% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2- 11 дахин давж, Био орон сууц ЦБ 91% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2.3- 11 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.

2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сард Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %

Дүгнэлт, Туул голын усанд 2020 оны 7 дугаар сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж Улаанбаатар хотоос дээш хэсэгт 50- 100 мкСи/см, хот орчимд дунджаар 70 мкСи/см, хотоос доош 2- 2.5 дахин нэмэгдэж 120- 170 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт Туул голын усны бохирдол өмнөх сараас багасаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлтийн агуулагдах хэмжээ буурсан хэдий ч голын ус бохирдолтой байлаа. Тухайлбал, Туул голын ус Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, Шинэ гүүрийн орчим онцгой их бохирдлын түвшинд, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж голын энэ хэсэгт дагуудаа онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна.

Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 64%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 86%, Био орон сууцны ЦБ 91%-тай цэвэршүүлсэн усыг Туул голд нийлүүлж байлаа.

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх on Туул голын усны чанарын 2020 оны 7 дугаар сарын төлөв байдал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.