Коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжихаас гадна аливаа объект, гадаргуун дээр удаан хугацаанд амьдарч, цааш халдварлах эрсдэлтэй байдаг. Иймд та дараах өдөр тутмын жижиг зуршлууддаа анхаарч, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. 

Гараа нүүр, ам, хамрандаа хүргэх

Нүүрэндээ гараа хүргэх нь бидний өдөр тутамдаа огт санамсаргүй хийдэг үйлдэл хэдий ч аливаа халдварт өвчний үед зайлшгүй анхаарах ёстой зүйл юм. Учир нь бохир гараа нүүрэндээ хүргэснээр төрөл бүрийн бактери, вирус хүний биед нэвтрэх эрсдэлтэй байдаг.

2015 онд Сиднейн их сургуулийн анагаахын оюутнууд бичлэг хийж нэг цагт хэдэн удаа нүүрэндээ гараа хүргэж байгааг тоолжээ. Туршилтад оролцсон 26 оюутан цагт ойролцоогоор 23 удаа нүүрэндээ хүрсэн бөгөөд тэдгээрийн 44 хувьд нь нүд, ам, хамар оролцож байжээ.

Тиймээс та эл зуршлаа анзаарч, өөрийгөө хянахыг эрмэлзээрэй. Ялангуяа маск зүүсэн үедээ гадна талаас нь чимхэх, хүрэхээс зайлсхийх нь зүйтэй. Маск зүүхдээ хамраа ил гаргах, бусадтай ярихдаа авах, буруу тайлах, бохир гараараа хүрэх зэрэг нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй юм.

Холбоотой мэдээлэл: Хэрхэн нүүрэндээ гараа бага хүргэх вэ?

Халдварын эрсдэл өндөртэй гадаргууд хамгаалалтгүй хүрэх

Коронавирус хатуу гадаргуу дээр удаан хугацаанд тогтож, амьд гарах чадвартай гэдгийг олон төрлийн судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр коронавирус нь зэвэрдэггүй ган, хуванцар гадаргуу дээр 72 цаг, картон дээр 24 цаг, зэс гадаргуу дээр 4 цагийн турш амьдрах чадвартай гэжээ.

Иймд нийтийн тээвэр, дэлгүүр, зах, супермаркетуудын хаалганы бариул, цонх, цахилгаан шатны товчлуур зэрэг нь халдварын эрсдэл өндөртэй объектод гараараа хүрэхээс зайлсхийх, зориулалтын бээлий өмсөх (хэрэглэсний дараа зөв тайлж, устгах, хаях), гараа тогтмол угаагаарай.

Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх

Австралийн Үндэсний шинжлэх ухааны агентлагаас хийсэн сүүлийн үеийн судалгаагаар коронавирус нь бэлэн мөнгөний дэвсгэрт, гар утасны дэлгэц дээр 28 хүртэлх хоног амьдарч, халдвар тараах чадвартай болохыг тогтоожээ.

Тиймээс төлбөр тооцоондоо бэлэн мөнгө ашиглахаас аль болох зайлсхийж, онлайн шилжүүлэг, цахимаар аливаа санхүүгийн гүйлгээгээ хийхийг эрмэлзээрэй.

Электрон төхөөрөмжийг тогтмол цэвэрлэхгүй байх

Дээр дурдсанчлан гар утас нь вирусийг удаан хугацаагаар тээх эрсдэлтэй гадаргууд тооцогдож байна. Зөвхөн гар утасны гадаргуун дээр л гэхэд нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их нян агуулагддаг байна. Гэтэл хүмүүс өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг аж. Тиймээс та уг эрсдэлийг тооцож гар утас, компьютер, компьютерийн гар, хулгана зэрэг электрон төхөөрөмжийг тогтмол, зөв цэвэрлэж хэвшээрэй.

UB.life

Сэтгэгдэл үлдээх on Халдварын эрсдэл өндөр үед татгалзвал зохих 4 зуршил

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.