Манай орны нөхцөлд хамгийн хямд өртөг зардлаар амины орон сууц барих зөвлөгөөг танд хүргэж байна. Ингэхдээ иргэдийн дунд хамгийн эрэлттэй байдаг модон карказаар барих 50 орчим м.кв талбайтай байшинг жишээ болгон зураг төсөл, ерөнхий төсөвт өртгийн тооцоог гаргасан энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ. Юун түрүүнд тухайн байшингийн хэлбэр, хэмжээ, хийц, материалын хангамж, ажиллах хүчин, цаг агаарын байдлаас хэр хугацаанд баригдаж дуусах нь шалтгаална.

Барилгын ерөнхий үзүүлэлт:

  • Амьдрах талбай 50.1 м.кв
  • Гадна террас болон бусад 64.1 м.кв
  • Барилгын эзлэхүүн 140.3 м³
  • Барилгын өндөр 6.18 м
  • Дээврийн налуу 35 °
  • Дээврийн талбай 98.9 м.кв
  • Харьцаа 8,92 м * 7,72 м

Барилгын ажлын эхний үе шатанд барилгын талбай дээр улаан шугам татах ёстой. Тухайн нутаг дэвсгэрийнхээ дүрэм журамд нийцүүлэн эзэмшил газар дээрээ барилгын улаан шугамыг өнцөг буланг зөв гаргахын тулд газрын мэргэжилтний үйлчилгээг ч авч болно. Зураг төслийнхөө дагуу суурийн нүхний хэмжээсүүдийг зөв тавих хэрэгтэй.
Үүний дараа суурийн нүх ухах ажил эхэлнэ. Суурийн нүх рүү орох зам саадгүй, зөв машин механизм хэрэглэвэл энэ ажилд нэг өдөр л хангалттай.

Барилгын суурь нь өөрийн жин болон өөрөөсөө дээш байрлах хийц, бүтээцийн жинг хөрсөнд дамжуулах үүрэгтэй бүтээц юм. Салхины болон газар хөдлөлтийн ачааллыг мөн барилгын суурь хүлээн авна. Буурь хөрсний хэв гажилт зөвшөөрөгдөх хэмжээнд байж, ашиглалтын үед буурьт жигд бус суулт үүсэхгүй байх ёстой. Суурийг буурь хөрсний хөлдөлт, гэсэлт, овойлт, суултын үед бат бөх, тогтвортой байхаар төлөвлөж угсарна.

Харин байшингийн шалны элементүүд нь ачааллыг найдвартай даахуйц бат бэх, зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хотойлт үүсэхээргүй байх шаардлагатай. Энэхүү чанар нь хучилтад хэрэглэх модон материалын төрөл, ангилал, огтлолын хэмжээ, алхам хучилтын дэвсгэр үеийг дам нуруунд бэхлэх бэхэлгээ, дам нурууны холбоосны хэлбэр зэргээс хамаарна. Шалны үндсэн элементүүд нь ул банз, анкерын боолт, үндсэн дам нуруу, туслах дам нуруу, мөрөгцөг дам нуруу, холбоос, шалны дэвсгэр үеэс бүрдэнэ.

Модон араг бүтээцтэй барилгын ханын карказ нь босоо тулгуурууд, дээд, доод хэвтээ хөндөл, ялуу, ялууны тулгуур, булангийн багана, хамар ханын уулзвар болон холбоос зэрэг элементүүд багтана. Ханын карказыг зөв хийснээр барилгын гадна, дотор өнгөлгөөг хийхэд хялбар болдог. Мөн дараа нь нэмэлт өөрчлөлт хийх үед хүндрэл бага гардаг.

Барилгын дээврийн үндсэн зориулалт нь барилгыг гадны нөлөөллөөс хамгаалах явдал юм. Дээвэр нь барилгыг борооноос хамгаалах, салхи, цасны ачааллыг хүлээн авахаас гадна барилгын дотор ба гаднах агаарын солилцоог тохируулдаг. Дээврийн даацын хийц болон бамбай нь дээврийн хучилтын суурь болдог.  Амины орон сууцанд хамгийн өргөн хэрэглэгддэг шувуу нуруун дээвэр нь нэг урттай, ижил эд ангиудтай эсгэгддэг тул хийж байрлуулахад хүндрэл бараг гардаггүй.

Канад технологийн уг байшингийн үндсэн бүтцэд ашиглагддаг материалуудыг танилцуулбал:

1. OSB (oriented strand board) зоргодсон хавтан OSB хавтан нь 1978 оноос дэлхийн зах зээлд нэвтэрч эхэлсэн, Канадад үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн. Модны зоргодсыг парафин, давирхайтай хольж өндөр температурт шахаж үйлдвэрлэдэг. OSB хавтан нь хоорондоо перпендикуляр байрлах 3-4 үе давхаргаас бүрддэг. Модны зоргодос, давирхай зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг тул хүний биед с.өрөг нөлөөгүй.

OSB зоргодсон хавтан нь өндөр хяналтан доор технологийн нарийн горимын дагуу ус чийгэнд тэсвэртэй давирхай, цавуу ашиглан үйлдвэрлэгддэг учраас барилгын чанарын стандарт, нормыг бүрэн хангадаг. Иймд Канад улсад үйлдвэрлэгдсэн OSB дээр тухайн бүтээгдэхүүний стандартын үзүүлэлтүүдийг харуулсан чанарын тэмдэг байдаг.

Давуу талууд:

  • Ус чийгэнд тэсвэртэй
  • Дулаан алдалт бага
  • Шахалт сайтай тул цохилтод тэсвэртэй
  • Хэв гажилтад орохгүй

2. “Rockwool” буюу эрдэс чулуун хөвөнг модон карказан барилгын дулаалгад хамгийн өргөн хэрэглэдэг. Уг материал нь хүний биед хоргүй, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хэрэглэх боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Эдгээр нь уулын чулуулгийг зууханд өндөр температурт шатааж, шөрмөслөг бүтцэд шилжүүлж, синтетик холбогчтой хольж гарган авсан өндөр зэрэглэлийн эрдэс хөвөн юм. Мөн дуу чимээг маш сайн шингээдгээс гадна галд тэсвэртэй материал учраас галын эсрэг хамгаалалт болгон ашигладаг. Энэхүү чулуун хөвөн нь барилгын хийцүүд (хана, хучилт, дээвэр хамар хана), шугам хоолой, инженерийн системийн дулаан тусгаарлагч гээд олон зориулалтаар хэрэглэгдэж байна.

Чулуун хөвөнгийн ийм өргөн хэрэглээ нь:

  • Дулаан тусгаарлах өндөр чанар
  • Материалын шатдаггүй чанар
  • Ус бага нэвтрүүлэх чанар
  • Ашиглахад хялбар олон давуу талуудаар тайлбарлагдана.

3. “Tyvek” ус, чийг тусгаарлагч нь Европ, Америкийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын брэнд бүтээгдэхүүн бөгөөд нэг төрлийн онцгой ширхэгтэй, орчин үеийн нано технологиор хийгдсэн ус үл нэвтрүүлэгч, амьсгалдаг материал юм.

Давуу талууд:

  • Эдэлгээний хугацаа урт, чанарын баталгаата
  • Хэт ягаан туяаг эсэргүүцэх чадвартай.
  • Нарны тусгалд түүний шинж чанар өөрчлөгддөггүйХөгцний бактер ургахгүй бөгөөд хорхой шавьжинд идэгдэхээс сэргийлэх чанартай
  • Tyvek материалыг 100% дахин ашиглаж болно
  • Технологийн дагуу зөв угсарч ашигласнаар салхи, борооны ус чийг хашлага хийцээр дамжин барилгад орохоос хамгаална
  • Барилгын доторхи уур, чийгийг түргэн гадагшлуулан хөгцрөлт, цанталт үүсгэхгүй
  • Шатсан тохиолдолд хүний биед хортой хий ялгаруулахгүй
  • Дуу чимээ тусгаарлалт сайн
  • Дуу тусгаарлах өндөр чадвар
  • Гажилтад бага ордог.

Зөвлөмжийг бэлтгэсэн: Рояал хаус компани

IKON.mn

Хамгийн хямд өртөгөөр амины жижиг орон сууцтай болох зөвлөгөө. ХАДГАЛААД АВААРАЙ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Хамгийн хямд өртөгөөр амины жижиг орон сууцтай болох зөвлөгөө. ХАДГАЛААД АВААРАЙ”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.