Монголчууд жилдээ  2.3 сая тонн хог “үйлдвэрлэдэг”. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж буй хогийг мөнгөөр үнэлбэл чамгүй их тоо гарна. Зөвхөн хог хаягдлаар Монгол Улс жилдээ 2.3 сая долларыг алддаг гэсэн тоо баримт ч бий.   Үүний 1.4 сая тонныг нь нийслэлчүүд гаргадаг гэсэн тоо баримтыг 2015 онд Байгаль орчны яамнаас гаргасан байдаг. Гэхдээ энэ хог хаягдлынхаа дөнгөж ганцхан хувийг эргэн ашигладаг. Энэ их хог хаанаас гардаг вэ. 15 хувь нь барилга байгууламжаас, 25 хувь нь үнс, харин 60 хувь нь ахуйн хэрэглээний хог хаягдал юм. Үүнийхээ  70 хувийг нь булж устгаад үлдсэнийх нь маш өчүүхэн хувийг эргүүлж ашигладаг байна. Үнэндээ бол нийт гарч буй хогны 70-80 хувийг эргүүлж ашиглаж болох боломжтой юм. Байгаль орчны яамнаас 2015 онд гаргасан судалгаанаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Түүнээс хойш шинээр ашиглалтад орсон, нэмэгдсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн гаргаж буй хог хаягдал хэр болсон нь ойлгомжтой. Харин хог хаягдлынхаа дөнгөж хоёрхон хувийг дахин боловсруулж байна. 

Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”-д хог хаягдлын чиглэлээр, 2020 он гэхэд нийт хог хаягдлынхаа 20 хувийг дахин боловсруулна. 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 30 хувийг дахин боловсруулна гэсэн зорилтууд дэвшүүлсэн байдаг. Өнөөдөр бид хоёрхон хувийг боловсруулж байгаа. Дараа жил 20 хувь боловсруулна гэхэд хол сонсогдож магад. Гэвч энэ бол тийм ч хэцүү зүйл биш гэдгийг, мөн хэрхэн яаж  гэдгийг олон нийтэд таниулах нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ -аас санаачлан анх удаа зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн байгууллагууд, томоохон группүүд, зочид буудал, уул уурхайн байгууллагууд оролцож өөр өөрсдийн өмнө тулгарч буй бэрхшээлүүдээ ярьж, даван туулах арга замаа хэлэлцэж харилцан туршлага солилцлоо. Хог хаягдлын менежментийг үйлдвэр дээрээ, үйлчилгээндээ хэрэгжүүлж буй олон газар энд өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Жишээ нь,  “АПУ” компани 263 ажилтантай, нийт зургаан үйлдвэр ажилладаг. Эдний компанийнхан хогоо ангилж хэвшсэнээр хаягдлынхаа 75 хувийг эргүүлэн ашиглаж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшжээ.

Үйлдвэрт ашигласан саарал усаа ногоон байгууламждаа эргэж ашигладаг бол шар айрагны шаараа фермерүүдэд тэжээл болгон өгдөг байна. Өөрийн бүтээгдэхүүний шилийг эргүүлэн авдаг нийт 50 цэг ажилладаг байна. Мөн түүнчлэн “МАКС” групп өөрийн охин компаниудад /20 гаруй охин компанитай/ ногоон бүтээмжийг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л талаар хогны менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна. Эдний нэг гаргадаг зүйл нь нэг удаагийн цаасан аяга таваг байдаг. Үүнийг эргэж ашиглаж болдоггүй. Учир нь гадуураа лакан бүрээстэй тул. Харин үүнийгээ цэцгийн үрсэлгээнд ашиглаж байгаа гэнэ. Төмс шарах гэх мэтэд ашигладаг тосоо дизелийн үйлдвэрт өгөх гэх зэргээр дахин ашиглах бүхий л боломжийг ашиглаж байна. Хогоо ангилах бол эдний ажилчдын өдөр тутмын “хэрэглээ” болж хэвшсэн. “Азийн сан”гэхэд л хуванцар сав ашиглахаас аль болох татгалздаг болсон, “Говь” компани зэрэг томоохон газруудаас гадна хог хаягдлын менежментийг иргэдэд, тэр тусмаа хүүхдэд багаас нь хэвшүүлж ажиллаж байгаа “Шинэ Монгол” сургуулийн туршлага ч энд мөн яригдаж, сурагчид хийж буй зүйлсээсээ дэлгэн тавьсан байлаа. Энэ  сургууль 2020 он гэхэд эко сургууль болох зорилт тавьж ажиллаж байгаа ажээ. Сургууль дээрээ ЭКО клуб ажиллуулдаг. Анги ангиараа тодорхой чиглэлээр энэ үзэсгэлэнд оролцож байлаа. Зарим сурагч эко тор оёж ашиглах, хаягдал савны таглаа ашиглаж даам хийгээд түүнээ борлуулж зүрхний хэм алдагдалтай нэгэн сурагч найздаа хандивлах, ус уухыг сурталчлах, ундааны найрлагад хэдий хэр сахар буйг хүүхдүүдэд ойлгуулах зэргээр энэ өдөрлөгийн ажиллагаанд сурагчид хамгийн идэвхтэй оролцож байлаа.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагчдын нэг “Хог хаягдлыг дахин ашиглах  үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Эко орчин” компанийн гүйцэтгэх захирал Д.Санжсүрэнтэй уулзаж ярилцав. Тэрбээр “ Монголд анх удаа хог хаягдлын “Өнгө нэмье” өдөрлөгийг Монголын хог хаягдлын үндэсний холбооноос санаачлан зохион байгуулж байна. Манай энэ өдөрлөг “Эко орчин” компани, “Ард секюритиз”, “Жакс кофе” зэрэг байгууллагуудын 15 залуугийн санал санаачилгаар ажил хэрэг болон зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн онцлог нь энэ төслийг хэрэгжүүлж буй байгууллагууд, хамт олон мэдээлэл солилцох, хувь хүн хог хаягдлыг хэрхэн багасгах вэ, үүссэн хог хаягдлаа яаж эргэн ашиглах вэ гэх зэрэг асуудлаар зохицуулах бодлогын биш, хэрэгжүүлэх практик, боломжийн тухай ярилцахаар бид цугласан. Нөгөөтэйгүүр гарсан хог хаягдлуудыг  боловсруулдаг үйлдвэрийнхэн маань ирж бидний хаясан хогийг ямар бүтээгдэхүүн болгож буйг иргэд харж ойлголт авч байна. Хаягдалгүй худалдан авалт гэж бий. Эко худалдаа, органик худалдан авалт гэж юу вэ гэдгийг таниулах зэрэг олон сэдвээр хэдий ч ганц зангидаж буй зүйл нь “Хаягдлыг хэрхэн мөнгө болгох вэ” гэсэн асуудал”.

Энэ өдөрлөгт оролцож буй “Сайн цаас “компанийн менежер Б. Алтанзул “Манай компани өдөрт 20 тонн хаягдал картон цаас дахин боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэртэй. Одоогоор хайрцагны түүхий эд хийж шинээр хайрцаг үйлдвэрлэдэг. Манайх үйлдвэрийн байрандаа  тонн хаягдал картон цаасыг 100 000 төгрөгөөр хүлээж авч дахин түүхий эд болгон ашиглаж байна. Хүмүүс маш их авчирч өгч байна. Норсон урагдсан хамаагүй шүү дээ. Үйлдвэрүүд маш их цаасан хайрцаг авдаг тул борлуулалт боломжийн. Гагцхүү түүхий эд жаахан дутагдалтай. Одоогоор бид зөвхөн үйлдвэр дээрээ л авч байна. Манай ажлын байр Сонсголонгийн авто оношилгооны тэнд “Автобус-2” компанийн байранд байдаг юм. Хэрэв түүхий эд маань хангалттай байх юм бол бид цаасан хайрцаг гаднаас авах шаардлагагүй болно” гэв.

Харин “Хөгжил трейд” компанийн “Ариун” үйлдвэрийн  маркетингийн менежер Э.Дуламсүрэн “Манай үйлдвэр цаас цаасан бүтээгдэхүүний зах зээлд 17 жил ажиллаж 92 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ жилээс Эко уут буюу био уутыг үйлдвэрлэж байна. Энэ үр тарианы хальс, будааны үйрмэг, эрдэнэ шишийн хальс зэрэг байгалд ээлтэй, эргээд бордоо болох бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний түүхий эдийг ОХУ-аас оруулж ирж байгаа. Цаас цаасан бүтээгдэхүүнээ бид өөрсдөө үйлдвэрлэдэг” гэж байна. 

Өдөрлөгийн үеэр бас нэг сонирхолтой хог хаягдал гэвэл бидний зарлал хийдэг хулдаасан самбарыг дахин ашиглаж тор үйлдвэрлэдэг залуусын хэрэгжүүлж буй “Ананас төсөл” байлаа. Энэ залуус руу холбогдоход /99293253/ тэд өөрсдийн унаагаар хүрч ирээд танд хог болоод байгаа хэрэггүй тэр зарлалыг аваад өөрсдөө тор хийж хэрэгтэй хүмүүст нь хүргэдэг юм билээ. Хаягдал хуванцар ашиглан хүнс болон ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хэв хашмал, хуванцар” компани болон хоёрдогч түүхий эд болох хайлшийг ашиглан дахин боловсруулж зах зээлд эрэлт ихтэй 16 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  “Амарсанаа степ” компани зэрэг олон газрууд бидний хаясан хогийг яаж эргэн ашигласнаа дэлгэн тавьсан байлаа.  

Хэрэв иргэн та, танай байгууллага хог хаягдлаа ангилаад бөөгнүүлчихсэн тохиолдолд “Түвшин сайхан” хэмээх тээвэрлэлтийн компани /88130083/ ирээд тээвэрлээд шаардлагатай газруудад нь хүргэж өгч байгаа тухай сайхан мэдээ чих дэлсэнэ билээ.  Энэ өдөрлөгт оролцсон жирийн иргэдээс ч олон сайхан санал санаачилга гарч байна лээ. Тухайлбал, Хотын гудамжийг зун намаржин чимж байдаг петуния хэмээх олон наст цэцгийг намар хүйт оронгуут албан байгууллага, айл өрхүүд гэртээ, дулаан газар оруулчих л юм бол өвөлжин агаар цэвэрлээд таны гэр орныг өнгө үзэмжтэй байлгана гэх зэргээр олон санал хэлж байлаа.  

Дашрамд өгүүлэхэд, нийслэлд төрөл бүрийн хог хаягдлыг тодорхой үнэ хөлсөөр авдаг цэгүүд ажиллаж эхэлсэн байна. Хэрэглэсэн шампунь, тосны сав, ундааны сав, чанамлын шил, чихрийн хатуу гялгар уут гээд бүхий л төрлийн ангилсан хог авдаг цэгүүд ч ажиллаж буй ажээ. Ер нь айл өрх, албан байгууллагаас хүнсний ногооны хальс, шороо тоосноос бусад нь мөнгө болж эхэлсэн талаар эргэн сурвалжлах болно. 

Сэтгэгдэл үлдээх on Хогоо мөнгө болгож болно

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.