Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх, Сангийн яамнаас боловсруулсан төслүүдээ Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ онд эдийн засгийн "В" хэлбэрийн өсөлт ажиглагдаж байна. Энэ оны эхний улиралд өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засагт 3.4 хувийн өсөлт ажиглагдаж байна. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, мөнгөний нийлүүлэлт 30.4 хувьтай байна. Одоогоор инфляцын дундаж түвшин 6.2 хувьтай байна.

Төсвийн гүйцэтгэл тавдугаар сарын байдлаар бидний тооцоолсноор сайн үзүүлэлттэй гарлаа. Экспорт гацсан үед төсвийн орлого 97.2 хувьтай гүйцэтгэлтэй гарсан. Мөн түүхий эдийн үнэ өсөлттэй байсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Бид 2021 онд эдийн засаг 7.2 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн ч 6.5 хувьд хүрнэ гэж тооцож байна. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас гадна экспортын зогсолт нөлөөлсөн. Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбумын орлого алдана гэж тооцсон. Гэсэн ч түүхий эдийн үнийн өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг бууруулснаар 94 тэрбумын алдагдал хүлээх нь.

Бид гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна. Нэгдүгээрт, иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөв. Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулалд 454.6 тэрбум, резиндент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төсөвлөсөн. Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд 576 тэрбум төсөвлөв.

Он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор боллоо. “Эрдэнэт” ТӨҮГ, “Тавантолгой" компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгож байсан цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төсвийн тодотголд тусгалаа. Энэ жилийн төсвийн тодотголыг Covid-19-ийн нөхцөл байдалд зориулна гэсэн концепц хийлээ.

Эрүүл мэндийн салбарт урсгал зардал болон хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлээр нөөцийг нэмэгдүүлэхээр болов. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тарифаар дамжуулан Covid-19-ийн эсрэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэх. Үүнд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлуулсан хөрөнгөөс 493.9 тэрбум буюу нийт 725.1 тэрбумыг эрүүл мэндийн санхүүжилтэд нэмэхээр төсөвт тодотгож танилцуулж байна" гэв.

Иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд 110 тэрбум, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум, иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд 9 тэрбум, Засгийн газрын нөөц, орон нутгийн Засаг дарга нарын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төсөвлөсөн байна.

Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд нэмж 618.9 тэрбум шаардлагатай аж. Тодруулбал, 2021 он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгох, 71.5 мянган иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр олгоход нэмж 42.9 тэрбум төгрөг тусгажээ.

2021 оны төсвийн тодотголд, хөрөнгө оруулалтын түвшинд хэмнэлт хийнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах аж. Үүнд 22 төслийг 94 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зөрүүлэн эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм байна.

ХАМГИЙН БАГА ХҮҮТЭЙГЭЭР ӨМНӨХ БОНДУУДЫГ ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДЛАА

Сангийн сайд Б.Жавхлан шинэ бондын талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сард олон улс дахь таатай нөхцөл байдлыг ашиглан, 600 сая ам.доллартай тэнцэх өрийн удирдлагын зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ. Бид "Чингис" болон "Гэрэгэ" бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж, өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа.

Монгол Улс 2011-2012 онд 12.3-17.3 хувийн өсөлттэй, зээлжих зэрэглэл одоогийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.25 хувийн хүүтэй, 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөлт ирэх жил хийгдэх гэж байна.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл "В" түвшинд байгаа нь цар тахлын үед бид "Century" төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай, 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын нийт нэг тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хийлээ.

Монгол Улс В үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн бага хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлж чадлаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг харууллаа. Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт буурах төдийгүй зээлжих зэрэглэл сайжруулахад чухал нөлөөтэй” гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЭСЭХИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Сангийн яам, Монголбанкныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

–Ипотекийн зээл төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн сунгах уу. Бусад зээл төлбөрүүдийг яах вэ?

Монголбанк: Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Хугацааг сунгах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байна. Монголбанкнаас хуульд нийцүүлэн эл асуудлыг шийдвэрлэнэ. Бидний хувьд хүндрэлтэй тал нь Монголбанк ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ эргэн төлөгдсөн санхүүжилтээ буцааж гаргах байдлаар санхүүжүүлдэг. Төлбөрийг хойшлуулснаар Монголбанкин дахь төлбөр эрс буурч, эргээд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд хүндрэл гарч байна. Тиймээс цар тахлын үед иргэдийн амьжиргааны орлого, төлбөрийн чадамж, эргэн төлөлтийн уялдаа холбоог уян хатан байдлаар зохицуулахаар шийднэ гэсэн байр суурьтай байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах эсэх талаар тодорхой хариулт өгөх боломжгүй.

–Засгийн газар эмч, эмнэлгийн ажилчдын төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Гэсэн ч эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Тийм боломж бий юу?

Сангийн яамны төсвийн Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж: 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр дэмжлэг үзүүлж байна. Улсын төсвөөс, голомтын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтан, төрийн албан хаагчдад 2 сая, бусад эмнэлгийн ажилчдад 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр 45.6 тэрбумыг төсөвт тусгаж, өргөн мэдүүлээд байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн шинэ тогтолцоогоор ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд цалингийн өртгийг 50 хувиар нэмэгдүүлсэн. Улаанбүсэд ажиллаж буй эмч нарын цалин 50 хувиар нэмэгдэх боломжтой болсон.

-Төрийн байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлснээр хэчнээн төгрөг хэмнэх вэ. Нийт 22 төслийн хүрээнд 90 тэрбумыг хэмнэнэ. Үүнээс илүү хэмнэх боломжтой юу?

-2021 онд цар тахлын нөхцөл байдал эрт хумигдаж, вакцины үр дүн гарах болов уу гэж тооцсон. Засгийн газраас төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газраас бусад төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ оны эцэс хүртэл 132 тэрбумын хэмнэлт гарах тооцоо байна. Аймаг орон нутагт 60 орчим тэрбум хэмнэгдэнэ. Цаашид хэмнэлтийн горимд шилжиж, Covid-19-ийн үед зарцуулна.

Сангийн сайд Б.Жавхлан Covid-19-т өртөж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Хэдэн өдрийн өмнө шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ямартай ч эмнэлгийн нөхцөл байдалтай танилцах боломж бүрдэж байна. Өвчин хэлж ирдэггүй, дайрч ирдэг. Эмч нарын хувьд аль болох хурдан эмчилж, ажилд нь оруулъя гэж бодсон байх. Миний хувьд ч бас нэг өдөр, нэг цаг ч чухал байна. Тиймээс хурдан эмчлүүлж, яаралтай хэвийн горимдоо орж ажиллахыг бодож байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх on "Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ"

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.