Ясны сийрэгжилт бидний эрүүл мэндэд “чимээгүй” заналхийлж байна

Орчин үед анагаах ухааны ололт амжилтын үр дүнд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж, дэлхий даяар өндөр настай хүмүүсийн тоо тасралтгүй өсч байгаа нь ясны сийрэгжилт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. Ясны сийрэгжилтийг “чимээгүй аюул” гэж нэрлэдэг нь уг өвчний эхний үе шатуудад шинж тэмдэг бараг илэрдэггүй, зөвхөн унаж, яс хугарсны дараа ихэвчлэн оношлогддогтой холбоотой.

Ясны сийрэгжилтийн гол шалтгаан нь кальци, амин дэмийн дутагдал бөгөөд ясны бат бөх чанарыг бууруулж, хугарах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сийрэгжсэн яс ачаалал (биеийн жин) даах чадваргүй болж, зарим хүмүүсийн биеийн өндөр 3 хүртэл см богиносдог байхад бусад хүмүүст унах, хүнд юм өргөсний дараа нуруу өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Ясны сийрэгжилттэй хүмүүсийн яс маш хэврэг болж, бага зэргийн хурц хөдөлгөөнд ч гэмтэх эрсдэлтэй. Нуруу нугасны гэмтэл тохиолдох бөгөөд саажилтын улмаас амьдралын чанар ихээхэн доройтдог.

Та ясны сийрэгжилтийн улмаас бэртэж гэмтэх эрсдэлтэй юу?

Ясны сийрэгжилтийн улмаас яс хугарч, гэмтсэн бол 2 болон 3 дахь удаагаа хугарах өндөр эрсдэлтэй.

50 ба түүнээс дээш настай бол

  • Эрэгтэйчүүдэд ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал түрүү булчирхайн хорт хавдраас илүү тохиолддог.
  • Эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал хөх, умайн хүзүү, өндгөвчний хорт хавдрын тохиолдлыг нийлүүлснээс олон тохиолддог.

Ясны сийрэгжилтээс үүдэлтэй ташааны ясны хугарлын талаар

  • Өвчтөнүүдийн 20% нь нэг жилийн дотор нас бардаг
  • 30% нь насан туршдаа саажилттай болдог
  • 40% нь таяг, түрдэг тэрэгтэй алхана
  • 80% нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй

 “Ясны сийрэгжилтээс үүдэлтэй хугарал маш хөнөөлтэй, иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй эмчлэх нь нэн чухал”

Ясны сийрэгжилтийн эрсдэл хүчин зүйлс

Хэдийгээр ясны сийрэгжилт бүх нас, хүйсийн хүмүүст тохиолдож болох ч ахмад настай хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй. Эрсдэл хүчин зүйлүүдийг мэдсэнээр уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, яс хугарахаас зайлсхийх, үр дүнтэй эмчлэхэд тустай. Амьдралын хэв маяг, зуршлаа өөрчлөх нь ясны сийрэгжилтийн шинж тэмдгийг хойшлуулах, бууруулахад чухал нөлөөтэй.
 
Хянаж, сэргийлэх боломжгүй эрсдэлт хүчин зүйлс

  • Хүйс: Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэл өндөртэй бөгөөд өвчний явц түргэн байдаг. Ялангуяа цэвэршилтийн дараах насанд эсвэл өндгөвчийг тайрч, мэс заслын аргаар цэвэршсэн эмэгтэйчүүдэд эрсдэл илүү өндөр. Дааврын дутагдлын улмаас ясны сөнөрөл маш хурдтай явагдаж, ойролцоогоор эмэгтэйчүүдийн 40-50 хувьд нь яс хугарах эрсдэл өснө.
  • Нас: Ясны нягт 30 орчим насанд хамгийн өндөр хэмжээндээ хүрээд цааш аажим буурдаг:
    • 60-аас дээш насны эмэгтэйчүүдийн 10 хувь нь ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэлтэй
    • 70-аас дээш насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэлтэй
    • 80-аас дээш насны эмэгтэйчүүдийн 40 хувь нь ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэлтэй
  • Удамшил: хэрэв гэр бүлийн гишүүн нь ясны сийрэгжилттэй, яс хугарч байсан бол үр хүүхэд, хойч үед нь тохиолдох эрсдэлтэй
  • Гарал үүсэл: Кавказ, Ази үндэстнүүд ясны сийрэгжилтийн эрсдэл өндөртэй
  • Эм бэлдмэл: зарим төрлийн эм бэлдмэл нь ясны нягтралыш бууруулах гаж нөлөөтэй байдаг. Эдгээр эмүүдэд ревматойд артритын үед хэрэглэдэг стеройд эм, бамбай булчирхайн эмгэгийн эм, багтраа өвчнөөс сэргийлдэг эмүүдийг дурдаж болно.
  • Яс хугарч байсан өгүүлэмжтэй: өмнө нь яс хугарч байсан хүмүүс дахин яс хугарах эрсдэл 2.5 дахин их байдаг.

Хянаж, сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйлс

  • Архи, согтууруулах ундааг өдөрт хэрэглэвэл зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь ясны сийрэгжихэд нөлөөлнө.
  • Тамхинд агуулагдах хорт нэгдлүүд ясны нягтыг хадгалагч эсүүдийг гэмтээдэг. Тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад өдөрт 20 ширхгээс олон утаат тамхи татдаг хүний ташааны яс хугарах эрсдэл 1.5 дахин өндөр.
  • Хэт туранхай байх: биеийн жин хэт бага, туранхай хүмүүс (Анорекси өвчтэй) ясны сийрэгжилтэнд өртөх эрсдэл өндөртэй бөгөөд яс хугарах эрсдэл 2 дахин нэмэгдэнэ.
  • Шим тэжээлийн дутагдал: Хоол хүнсэндээ 5 ба түүнээс олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүст шим тэжээл, эрдсийн тэнцвэр алдагдаж, кальци, Д амин дэм, уураг зэрэг шим тэжээлийн дутагдалд ордог.
  • Хөдөлгөөний дутагдал: Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс ясны сийрэгжилтэнд өртөх эрсдэл илүү өндөр. Өдөрт 9-өөс олон цаг суугаа ажил хийдэг хүмүүсийг 6 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулахад ясны сийрэгжилтэнд өрдөх эсрдэл 50 хувиар илүү.
  • Хоолны дэглэм: өдөрт 1 цайны халбагаас илүү давс, 3 аягаас илүү цай, кофе, 4-өөс олон лааз хийжүүлсэн ус, уургийн хэрэглээ өндөр байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлнэ. Уургийн хэт өндөр хэрэглээ нь кальцийг биед үр дүнтэй шимэгдэхэд саад учруулдаг.

Цэвэршилт ба ясны сийрэгжилтийн хамаарал

Эмэгтэйчүүдийн ясны эдийн нягт эрэгтэйчүүдтэй харьцуулахад ойролцоогоор 10-30 хувиар бага байдаг. Үүнээс гадна цэвэршилтийн дараах үе шатанд ясны эдийн сөнөрөл жилд 3.5%-тай явагдана. Цэвэршилтийн дундаж нас 50 орчим бөгөөд энэ хугацаанд эстроген дааврын нийлэгжил буурдаг нь ясны бат бөх чанарт сөргөөр нөлөөлж, яс хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Түгээмэл илрэх шинж тэмдэг

Ясны сийрэгжилтийн эрт үеийн шинж тэмдгүүд бараг ажиглагдахгүй тул чимээгүй аюул гэж нэрлэх нь бий. Унаж бэртэн яс хугарсны дараа ихэвчлэн оношлогдоно. Нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд өвчний явц даамжрахын хирээр өвдөлт нэмэгддэг. Нуруу, ташаа, шууны ясны эрүүл мэндэд асар хөнөөлтэй.

Эмэгтэйчүүд ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Цэвэршилтийн үе шатыг дамжиж байгаа эмэгтэйчүүд өөрийн эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах шаардлагатай. Стрессийг бууруулж, кальциар баялаг, зохистой хоолны дэглэм баримтлах нь зүйтэй. Ингэснээр ясны эрдсийн нягтыг сайжруулахад нөлөөлнө. Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн хувьд кальци нь ясыг бат бөх болгоход нөлөөгүй ч, ясны сөнөрлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Долоо хоногт 2-3 удаа дор хаяж 60 минутын турш тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Учир нь дасгал хөдөлгөөн ясны эдийн кальцийг хадгалахад тустай. Тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх нь ясны сийрэгжилтээс үүдэлтэй яс хугарлаас сэргийлэх бодит алхмууд юм.

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх нь

Ясны сийрэгжилтээр зөвхөн ахмад настнууд өвчлөхгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг залуу наснаасаа хэрэгжүүлж эхлэх нь хожим яс хугарах эрсдэлээс сэргийлнэ.

Кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох брокколи зэрэг ногоон навчит ургамлууд, сүү, ястай сардин болон бусад жижиг загас, хатаасан сам хорхой, дүпү зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх. Д амин дэм нь бие махбодид кальци шингэх үйл явцад оролцдог. Өдөрт 400-800 нэгж Д амин дэм хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд 1 аяга сүүнд 100 нэгж Д амин дэм, 300мг кальци агуулагдана.

Ясны эдийн нягтыг хэмжих

Ясны эдийн нягтыг хэмжих нь аюулгүй, өвдөлтгүй оношилгооны арга бөгөөд ясны бүтцийн талаар чухал мэдээллийг өгдөг. Үнэлгээг ДЭМБ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Рентген оношилгоогоор ясны сийрэгжилтэнд өртсөн хэсгүүдийн ясны зузаан, хугарлын шинж тэмдэг зэргийг оношлох боломжтой.

Ясны эрдсийн нягтыг хэзээ хэмжих вэ?

  • Эрсдэлт хүчин зүйл бага хүмүүс: 60 наснаас эхлэн ясны эрдсийн нягтыг хэмждэг байх
  • Эрсдэлт хүчин зүйл өндөр хүмүүс: Ясны сийрэгжилтээс үүдэлтэй яс хугарсан өгүүлэмжтэй, эсвэл стеройд төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг хүмүүс ясны эрдсийн нягт хэмжих оношилгоонд тогтмол хамрагдах нь зүйтэй.

Гэр орондоо аюулгүй орчин бүрдүүлж, унаж бэртэхээс сэргийлье

Гэрийнхээ дотоод орчинд аюулгүй байдлыг хангаж, тэнцвэр алдан унаж бэртэхээс сэргийлэх боломжтой. Ялангуяа гэр бүлийн настай гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад дараах энгийн алхмууд чухал үүрэгтэй:

  • Шат: Цахилгааны утас, телефон утасны шугам, олс зэрэг тээглэж унах эрсдэлтэй зүйлсийг шалан дээрээс зайлуулах. Хэрэв шалан дээр хивс, хивсэнцэр дэвссэн бол өнцөг нь хүн тээглэхгүй, шалан дээр хальтрахааргүй байрлуулсан эсэхийг шалгах. Хаалганы шалавч зэргийг мөн адил шалгах.
  • Ариун цэврийн өрөө. Ванны хажуу хананд бариул суурилуулж, ванн эсвэл шүршүүр дотор гулгадаггүй резинэн дэвсгэр байрлуулах.
  • Гэрэлтүүлэг: Гэр дотор ялангуяа шат, корридорын гэрэл хангалттай эсэхийг шалгах. Харанхуйд байнга гэрэл асааж явах.
  • Гал тогоо: Халтирч унах эрсдэл байгаа эсэхийг байнга хянаж, шалан дээр юм асгаж, унагасан бол тэр даруйд цэвэрлэж хэвших.   
  • Шат: Шатны гадаргуу гөлгөр биш, хангалттай өргөн, бариултай, гэрэл хангалттай тусахуйц байна.
  • Гутал: Халтирч унах эрсдэлтэй, гөлгөр ултай гутал, дан оймстой гэр дотуур явахгүй байх.
  • Зарим төрлийн эм бэлдмэл толгой эргэх гаж нөлөө үүсгэдэг. Иймд эм болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унаж бэртэхээс сэргийлэх шаардлагатай.
Сэтгэгдэл үлдээх on Ясны сийрэгжилт бидний эрүүл мэндэд “чимээгүй” заналхийлж байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.