Цар тахалтай үед иргэн, аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, олон өрхийн аж амьдрал доголдож эхэлсэн. Монголд  өдрийн хөдөлмөрлөсөн орлогоороо хоногийнхоо хоолоо залгуулдаг олон өрх бий. Эдгээр өрхүүд хатуу хөл хориотой үед амьжиргаагаа залгуулахад хүндхэн болж, ойр орчмынхоо хүнсний дэлгүүрт өр, зээл тавьж хоногийн хоолтой хонож буй. Тэгвэл  АНУ-д ажиллаж амьдарч буй Т.Тэгш-Өлзий гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгсөн сайн мэдээ саяхан гарсан. Бид Т.Тэгш-Өлзийтэй өөртөө нь холбогдож уг асуудлаар ярилцлаа.

-Сайн байн уу. Бидэнд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Түмэнбаярын Тэгш-Өлзий гэдэг. Би Калифорни мужийн Лос Анжелес хотод ажиллаж амьдраад 14 жил болж байна. Хот хоорондын тээвэрт трак буюу том тэрэг барьж машин зөөдөг ажил хийдэг.

-Таны хувьд 1000 доллар хандивлаж гэр хорооллын айл өрхийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгсөн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ хандивыг өгөх болсон шалтгаан юу вэ?

-Би нэг нэвтрүүлэг үзэж суухдаа өөрийнхөө чадахаар мөнгө хандивлаж, бага ч болтугай хүнд туслая гэсэн шийдвэр гаргасан. Тухай нэвтрүүлэг яг ямар нэртэй байсныг санахгүй байна. Тэрхүү нэвтрүүлэг нь гэр хорооллын дэлгүүрээр орж иргэдийн худалдан авах чадвар болон нөхцөл байдал ямар байгаа талаар худалдагчаас асууж байсан. Тухайн худалдагч “Худалдан авалт муу байна. Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ авч чадахгүй. Бидний хувьд бараа материал дуусч байна. Иргэд ихэвчлэн з.ээл тавьж байгаа. Бид өгөхгүй байж чаддаггүй, өгөхөөр дараа нь мөнгөө авч чадахгүй маш хэцүү байдалд байна. Нэг ширхэг талхыг ч з.ээлээр авч байна” гэж ярьж байсан. Миний хувьд тэр “Иргэд талхаа авч чадахгүй з.ээлээр авч байна” гэх үг маш хүнд туссан.  Ингээд байдал хүнд байгаа иргэдэд бага ч болтугай туслах шийдвэр гаргаж “Хүн чанар” нэвтрүүлгийн багтай холбоо барьсан. Би  тус нэвтрүүлгийн багт хандан хэдийгээр би баян хүн биш ч хоногийн хоолоо дэлгүүрээс з.ээлээр залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болмоор байгаагаа илэрхийлсэн. Ингээд миний санал хүсэлтийг хүлээн авч хэрэгтэй хүмүүст нь найдвартай тус болно гэж амласан тул 1000 доллар буюу монгол мөнгөөр 2.8 сая төгрөгийг хандивлахаар болсон.

-Таны хандивын мөнгө яг хэрэгтэй хүмүүстээ очсон гэж бодож байна уу?

-Би тус нэвтрүүлгийн багт хэцүү амьдралтай хоногийн хоолны мөнгөгүй байгаа иргэдийг олоод яг уулзаад нүдэн дээр нь худалдагчид мөнгийг нь өгөөд, өрийг нь тэглэх баталгаатай юм хийхийг хүссэн. Миний хүсэлтийн дагуу хандивыг өгөхдөө дэлгүүрийн худалдагч болон иргэдтэй би видео бичлэгээр ярьж байсан учраас хэрэгтэй хүмүүстээ хүрсэн гэж бодож байгаа. Надад бол өгсөн, авсан гэх баримт хангалттай хийж өгсөн.

-Нийт хэдэн айлын өрийг тэглэж өгсөн вэ?

-Нэг айлд 50-100 мянган төгрөг гэж тооцоолж, илүү олон айлыг хамруулахыг хүссэн. Нийт 37 айлын өрийг тэглэсэн байгаа. Нэг хүн ч гэсэн өрөө дарсан гэж бодоод нойр бүтэн хоног гэж бодсон. Мөнгөгүй болсон хүн чинь дэлгүүрт хашаа байшингийн бичиг, иргэний үнэмлэх гэх мэт үнэд орох бүх зүйлээ тавиад хоногийн хоолны материалаа авдаг юм байна. Зөвхөн дэлгүүрийн өрийг тэглэх өрх толгойлсон эх болон тог, усны мөнгөгүй болсон иргэдэд доод тал 200 мянга төгрөгийн тусламж үзүүлсэн байна лээ.

-Коронавирусийн халдвар гээд дэлхийн бүх улс орон хэцүү байдалтай байгаа. Таны амьдарч байгаа хотын нөхцөл байдал хэр байна вэ?

-Өнгөрсөн даваа гаригаас нэг дахь өдрөөс эхлэн Лос Анжелес хотод дахин хол хорио тавьсан байгаа. Үзвэр үйлчилгээний газрууд, үсчин гоо сайхан гэх мэт газруудын үйл ажиллагааг зогсоосон. Миний амьдарч байгаа муж бол халдвар зэрэг маш өндөртэй байгаа. Жижиг төрлийн бизнес эрхэлдэг, ажилладаг хүмүүсийн орлого зогссон. Харин миний хувьд том тэрэг барьж хот хооронд явдаг учраас ажилгүйдэлд ороогүй байгаа. Өөрөөр хэлбэл зам тээвэр маш сайн хөгжсөн учир трак зогсвол Америкийн эдийн засаг зогсолтод орно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

ITOIM.mn

​Америкт амьдардаг Т.Тэгш-Өлзий: Нэн я.дуу 37 өрхийн өрийг тэглэж өгсөн, тэд бүтэн нойртой хонож байгаа байх-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “​Америкт амьдардаг Т.Тэгш-Өлзий: Нэн я.дуу 37 өрхийн өрийг тэглэж өгсөн, тэд бүтэн нойртой хонож байгаа байх”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.