Магистрын сургалтын төлбөрөө олох гэж яваад “Зэс” брэндээ босгочихсон Гоёл чимэглэл гэхээр ихэнхдээ л эмэгтэйчүүдийнх байдаг. Эрчүүдийн гоёл гэвэл зангианы хавчаар, бугуйн цаг, хүзүүний зүүлт гээд л жагсаалт дуусдаг. “Зэс” брэнд эрэгтэй гоёлын, энгийн бугуйвчийг Монголд анх үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог. Сүүлийн үед эрчүүд, олны танил залуучуудын гангарч байгаа энгийн хэрнээ гоёмсог бугуйвчийг хэрхэн урлаж байгаа талаар “Зэс” брэндийг үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Зэс” брэнд үүссэн түүхээс уншигчидтай хуваалцаач. Эрчүүдийн гоёл хийх санаа хэрхэн төрж байв?

-Ээж, эгч нар минь гарын уртай, уран хүмүүс байдаг. Дээл, хувцас, гоёл чимэглэл урлана. “Сувдан хэлхээ” урланг ажиллуулдаг байхад би тусалдаг байсан юм. Тухайн үед би ШУТИС-ийг төгсөөд магистрт сурч байсан юм. Магистрынхаа төлбөрийг олох гэж ажиллаж байлаа. Нэг өдөр урлан дээр нэг ах эрэгтэй хүний гоёл асууж ирлээ. Тэндээс анх эрэгтэй хүний гоёл чимэглэл гэж байдаг билүү гэсэн асуулт тавьж санаагаа олж байсан. “Зэс” брэнд зах зээлд гарсан гол шалтгаан энэ юм. Үнэхээр брэндээ гаргахаас өмнө судалгаа хийхэд эрчүүдийн гоёл чимэглэл ховор байлаа. Цөөхөн тооны импортын бүтээгдэхүүн, ганц нэгхэн дотоодын гоёл байсан. Зөвхөн бүсгүйчүүд яагаад гоё ганган байх ёстой гэж, эрчүүд ч гэсэн энгийн хэрнээ цаанаа чамин гоёл хэрэглэж болохгүй гэж үү гэж бодсон. Ингээд л “Зэс” брэндийг хийж эхэлсэн дээ. Манай бүтээгдэхүүнийг Монголын бараг анхны эрэгтэй гоёл чимэглэл гэж ойлгож болно. Анх үүнийг хийж эхэлж байхад ижил төстэй хийдэг хэдэн хүн байсан. Гэхдээ тэд одоо хийхээ больсон байна лээ. Манайх л ганцаараа үлдсэн байх. Оюутан байхдаа, магистрын төлбөрөө олох гэж хийж эхэлсэн ажил минь хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд хартал аль хэдийнэ олонд танигдсан, зах зээлд байр сууриа олчихсон брэнд болчихсон байсан. Ингээд л цаашаа улам урам зоригтой, тэмүүлэлтэй хийж эхэлсэн.

 -“Зэс” брэндийн онцлог, бусдаас өөр өвөрмөц байдаг зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

-Өвөрмөц чамин тоноглол, нарийн нандин хийцийг нь онцолмоор байна. Мөн тухайн хүнд ээлтэй чулууг шигтгэж өгсөн нь бас давуу байдаг. Манайх дархчуудтай хамтарч ажилладаг. Нарийн хийц хэв маягийг яг мэргэжлийн хүн хийж байна гэсэн үг л дээ. Чулуу, мөнгөн тоноглол зэрэг түүхий эдээ гадны ороноос төдийгүй эх орондоо үйлдвэрлэхийг хичээж ажиллаж байна. Би өөрөө брэндийнхээ зургийг нь гаргаж, судалгаагаа хийж, урлаж бүтээдэг. Бүр захиалга, хүргэлтээ хүртэл өөрөө хийдэг болохоор хэрэглэгч надаас юу хүсэж байна, миний хийсэн зүйлийн юу нь илүү таалдагдав, алинд нь арай сэтгэл дундуур байна гээд захиалагч нарынхаа санаа бодлыг “уншиж” түүндээ тулгуурлаж хийж байгаа зүйлээ улам сайжруулдаг. Энэ бол хамгийн том давуу тал минь болдог байх.

-“Зэс” брэндийг монгол эрчүүдэд хүргээд хэдэн жил болж байна вэ. Брэнд болгон өөр өөрийн гэсэн шалгуур, онцлогоор брэнд гэх нэр хүндийг олж авдаг. “Зэс” брэндийн хувьд брэнд болсон гол шалгуур юу байв?

 -“Зэс” брэнд хэрэглэгчдэд хүрээд таван жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа зогсолтгүй хийж өмнөхөөсөө улам сайжруулж, туршлагажсаар байсан. Ер нь бол тууштай хийх л байдаг. Тэр явцад алдаа оноон дээрээ суралцаж улам сайжирч, захиалагч хэрэглэгчдийнхээ санал бодлыг, хүсэл сонирхолыг бүтээгдэхүүндээ тусгаж, шингээж, шалгуур бэрхшээлүүдийг даван туулж тэр хэрээр брэнд босож байдаг болов уу. Одоо манай бугуйвчийг монгол гэлтгүй гадны эрчүүд ч их авдаг болж. Зун аяллаар ирсэн хүмүүс бас их сонирхдог.

-Хийж байгаа зүйл брэнд болох хэрээр ажлын байр өргөжиж бусдад ч гэсэн боломж нээгдэнэ биз?

-Би нэг ч удаа ЖДҮ-ийн ч юмуу эсвэл ямар хөнгөлөлттэй зээл, тусламж авч байгаагүй. Анх 40 мянган төгрөгөөр эхлүүлсэн бизнесээ одоо ч гэсэн өөрийнхөө эргэлтийн хөрөнгө мөнгөөр явуулж байна. Захиалга нэмэгдэх хэрээр туслах хүн, ажилчин хэрэг болдог. Би гэртээ хүүхдээ хараад ажилгүй байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах бодлынхоо хүрээнд ажилчдаа авч байна. Одоогоор дөрвөөс зургаан хүнийг ажиллуулж байна.

BESTOFMONGOLIA.MN

Сэтгэгдэл үлдээх on Ц.ЗЭС-ЭРДЭНЭ:Сургалтын төлбөрөө олох гэж яваад “Зэс” брэндээ босгочихсон

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.