Ноднин 7 -р сараас эхлээд Баянзүрх дэх гэрээсээ Лондонд байх нэгэн програм хангамжийн компанид “бүтэн” цагаар ажиллаж байна. Энэ талаар бичсү.

2013 он
Олигтой програм бичиж чаддаггүй ээ. Нэг л учрыг нь олдоггүй. Уг нь ангидаа бол арай гайгүйдээ ч ороод байх шиг. Сургуулиа хаяад сэтгэл судлал эсвэл гүн ухааны чиглэлээр сурмаар ч юм шиг санагдах боллоо. Өдөржин ном уншиж суувал сайхан биш гэж үү? Гэхдээ юу ч гэсэн 3 жил сурсных, энэ мэргэжлээрээ эцсийг нь үзээд алдъя гэж бодсон юм.

2014 он
“Манай компанид хэр удаан ажиллах бодолтой байгаа вэ?”

Анх дөнгөж сургуулиа төгсчхөөд Скайтелд ажлын ярилцлагад орох үед ийм асуултыг надаас асуув. Үнэнээ л хэллээ:

“3, 4 жил ажиллаад гадагшаа явж сурах бодолтой байгаа”

Одоо бодохнээ ямар гээчийн өрөвдөлтэй сэтгэхүй вэ? “гадаад” гэж нэг үлгэрийн газар байдаг, тэнд нь л очоодохвол их сайхан болох гээд байсан бололтой…

2015 он
Ажлаасаа сэтгэл ханамж авч чаддагүй ээ. Компанидаа оруулж байгаа хувь нэмэр ч гэж байхгүй шахам (манай багийн ажиллаж байсан төсөл бүтэлгүйтээд…) байсан тул ажлаасаа гардаг юм билүү гэж бодож байлаа. Гэтэл ашгүй компанийн удирдлага солигдож, бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр дуртай ажлаа хийж эхлэв. Далимаар нь ирээдүйд гадаадад сурах, ажиллахдаа бэлдсээр байлаа…

2016 он
Өглөө эрт босдог болж эхэллээ. Тэгээд ажлын цаг болтол алгоритмын бодлого бодно, мэргэжлийн эсвэл хувь хүний хөгжлийн ном уншина.

Эхлээд 100 өдөр дараалан эрт босох зорилготой байсан ч түүндээ хүрч чадалгүй 5, 6 удаа ялагдсан юм. Ялагдах бүрт өөртөө итгэх итгэл минь багассаар байсан нь надад харин ч давуу талтай байлаа. Би их шазруун хүн болохоор тэр байх. Чадахгүй байгаагаа мэдэрсэн нь эсрэгээрээ “заавал чадах ёстой юм байна!” гэсэн хор шарыг надад төрүүлсэн тул дахин нэг удаа зориглоод яг 100 өдөр алгасалгүй эрт босч чадсан билээ.

Даанч 100 өдрийн дараа дахиад л эрч хүчгүй болчихсон…

“Гадаадад сурна, тэгээд дараа нь гоё газар ажиллана” гэсэн хэнд ч хэрэггүй нохойн баас шиг зорилготой байхаар чинь яаж өглөө эрт босох вэ дээ?!

Бодох бүрт дотор чинь огшдог, арьс чинь бэржийдэг тийм зорилгоо олох хэрэгтэй юм байна гэдгийг тэр үед л ойлгосон юм…

2017 оны эхэн
Би их шазруун бөгөөд шартай хүн. “Хүнээс илүү гарах” гэсэн нэг муухай зан надад бий. Энэ муухай занг засах хэрэгтэй. Гэхдээ засагдах хүртэл нь ашиглаад авсан ч гэмгүй гэж надад хааяа бодогддог юм.

Надтай зэрэг шахуу сургуулиа төгссөн залуучууд Америкт мастерын зэрэг аваад Гүүгл, ФБ, Амазон, Эйпл энээ тэрээд ажиллаж байгааг харахаар өөртөө дургүй хүрдэг байлаа. Тэгээд тэднээс илүү гардаггүй юм аа гэхэд эн зэрэгцэж очъё гэж бодлоо.

АМЕРИКТ МАСТЕРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХҮНИЙГ АМЕРИКИЙН КОМПАНИ АМЕРИК ДАХЬ ОФФИСТОО АЖИЛД АВАХ БОЛ БАЙДАГ Л ҮЗЭГДЭЛ. ХАРИН МАСТЕРЫН ЗЭРЭГ Ч БАЙХГҮЙ, АМЕРИКТ Ч БАЙХГҮЙ, ОЧИЖ Ч ҮЗЭЭГҮЙ МОНГОЛ БААЧКАГ АЖИЛД АВТАЛ НЬ ӨӨРИЙГӨӨ БЭЛДВЭЛ ЯМАР ВЭ?

гэсэн бодол толгойд орж ирсэн даруйд л зүрхний цохилт, амьсгал түргэсэж байна шүү… Ойрын зорилгоо олчихлоо! 💡

“Гэрээсээ гадаадад ажилладаг боллоо”, “гэртээ ажлаа хийж байна”, “дансанд маань $ орж ирж байна” гэж өглөө бүр бодит юм шиг төсөөлдөг боллоо. Далд ухамсараа өөрийн талд ажиллуулах гэж тэр.

2017 оны сүүл
Ахлах программист болоод өөрөө ажлын ярилцлаганы нөгөө талд суудаг болов. Хамт ярилцлагад ордог хүний нөөцийн менежерүүд яг нөгөө асуултаа асууна. Манай залуучууд яг нөгөө хариултаа хэлнэ:

“х жил ажиллаад гадагшаа явна/сурна/ажиллана”

Монголын томоохон компанийн ахлах программистын цалинг дор хаяж 40 жил үрэлгүй цуглуулвал санхүүгийн эрх чөлөөнд хүрч болно гэдгийг бодох тусам яс хавталзах ч одоо хийж байгаа ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулвал хариу нь хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт итгэдэг боллоо.

Хүмүүс оногдсон ажлаа дуусгачхаад сошиалаар сэлгүүцэх зуур би компанидаа хэрэгжүүлж болох, хийж болох шинэ бүхнийг үзэж судалдаг, туршдаг байлаа.

Би сайн явахын тулд манай компани сайн явах ёстой!

2018 он
Компанийхаа дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, ажилтнууд хамтран ажиллахад илүү таатай болгоход туслах 2 нээлттэй эхийн төслийг хэрэгжүүлэв. Энэ зуур маш их зүйлсийг сурч авав.

Ийм ажил хийгээдэх гэж хэн ч надад даалгаагүйг дурьдах нь зүйтэй. Чи өөрт чинь даалгасан ажлыг л хийгээд явдаг бол хэзээ ч өсөж хөгжиж чадахгүй! Илүү цагаар сууж ажилладаггүй юм аа гэхэд ядаж л ажлын 8 цагийг компанидаа бүрэн зориулах хэрэгтэй!

“Юу тарина, түүнийгээ хураана” гэж маш үнэн үг. Өөрийгөө 100% дайчилж, “сэтгэл” гаргаж байж тэр зэргийн хариуг хүртэнэ. Тэгэж чадахгүй байгаа бол ажиллаж байгаа газраа ямар ч эргэлзээгүй солих хэрэгтэй! Одоо Монголын компаниуд бүгд шахуу ажиллах хүчний дутагдалд орчихсон байгаа. Тиймээс одоохондоо компаниуд чамайг биш, чи компаниудыг сонгох боломжтой байна гэсэн үг.

“Сэтгэл” гаргасан маань хамтран ажиллагсад, удирдлагуудад анзаарагдаж компанийн тайлангийн хурал дээр албаны шилдэг ажилтан болсон гэдгээ мэдэв.

Закитайгаа

Улам илүү хичээж ажиллах хэрэгтэй боллоо. Магтуулна гэдэг нэг хэрэг, магтаалд тэнцэнэ гэдэг бас нэг хэрэг…

2019 оны эхэн
Нөгөө хэрэгжүүлсэн 2 төслөө яаж сайжруулах вэ гээд л их нухдаг байлаа. Тэр зуур төсөлтэйгөө холбоотой форумуудаар их хэснэ. Гэтэл нэг өдөр тэнд шинэхэн цагийн ажлын зар байгааг хараад мэйл бичиж үзтэл хариу ирж байна шүү.

Хийлгэх ажил нь 3 → 4 хоногт багтах аж. Захиалагч нь Флоридад мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг жижиг компанитай ах хүү байсан тул цагийн хөлсөө Америкийн дунджаар хэлэх гэтэл айхтар их санагдаад болдоггүй. Сарын цалингаа нэг өдөрт авчих гээд ч байх шиг… Их мөнгө нэхээд үргээчхэж магадгүй гэж бодоод Америкийн дунджаар биш дэлхийн дунджаар мөнгөө тохиров.

Ажлаасаа 2 өдрийн чөлөө авч байгаад нөгөөхийгөө дуусгачихлаа. Ах хүү “мөнгөө яаж явуулах вэ” гэж байна. Олон улсын гүйлгээ (int. wire transfer) -р энэ данс руу хийчих гээд өөрийнхөө долларын дансны дугаарыг, банкныхаа бүтэн нэр, хаяг, SWIFT кодтой явууллаа. Гэтэл мань хүн банкин дээрээ очоод Монгол руу мөнгө явуулах гэж бөөн юм болжээ. Монгол шиг улс руу мөнгө шилжүүлэх маш эрсдэлтэй энэ тэр гэж баахан муулсан бололтой.

3, 4 хоногийн дараа доллар маань дансанд орж ирсээн. Тэр болтол өдөрт хэд хэдэн удаа дансаа шалгаад л, сэтгэл санаа ч гэж бөөн догдлол байлаа. Яг орж ирсэн байхыг нь хараад л нүдэнд нулимс цийлгэнэсэндээ. Хоёр, гурван жилийн турш өглөө бүр төсөөлсөн төсөөлөл минь бодит болсон тэр мөчийг мартахын аргагүй.

“Татах хүчний нууц” гэж үнэхээр байдаг гэдэгт би итгэдэг болсоон! Сажилж явбал хүрнэ шүү, хүрнэ!

Тэгээд л шууд 2 долоо хоногийн дараа ажлаасаа гарна гэдгээ менежер, захиралдаа хэлэв. 3 хоног гэрээсээ ажиллаад л сарын цалингаа олчхож байхад яаж 9 → 18 -н хооронд оффисын ажил хийж суух юм бэ?

2 долоо хоногийн турш бүх системүүдээ сайхан хүлээлгэж өгөөд л гараад шидчихлээ. Оддыг тоолно оо!

2019 оны дунд
“Чөлөөт жадчин” буюу freelancer болоод 3 сарын нүүрийг үзэв. Ажлаа сэтгэлээсээ хийхийн ид шид, үр өгөөжийг мэдэрсэн болохоор үйлчлүүлэгчид маань ч ам сайтай байлаа. Гэтэл нэг үйлчлүүлэгч маань намайг гэрээт ажилтнаар авах санаатай байгаагаа яг наадмын өмнөхөн хэлэв.

Би ч ажлын цаг энэ тэр гэхгүй, зарим өдөр дургүй хүрвэл голын эрэг бараадсан шиг жинхэнэ чөлөөтэй ажиллаж байсан болохоор эхэндээ жаахан дурамжхан байлаа. Гэхдээ л байнгын, найдвартай орлогын эх үүсвэртэй болох нь нэг бодлын сэтгэлд амар санагдсан учир саналыг нь хүлээж аваад одоог болтол ажиллаж байна. Энэ зуур маш их зүйлсийг сурсаар л явна…

Монгол хүн хангалттай мөнгө олохын тулд заавал гадаадад хар ажил хийх албагүй, гадаадад сургууль төгссөн байх шаардлагагүй, корпорацын шатаар мөлхөх ч хэрэггүй!

Ийм боломжтой гэдгийг батлахын тулд сүүлийн хэдэн жилийн турш өдөр бүрийг аль болох өөртөө ашигтайгаар өнгөрүүлэх гэж хичээсэн юм.

Ажил чинь комьютертой холбоотой л бол чамд ч гэсэн гэрээсээ гадаадад ажиллах боломж байна! Яаж вэ гэж үү?

Амьдралыг жаахан ч болтугай “өөртөө ашигтай” талаас нь хар. Хандлага, харах өнцгөө эерэг болго. Хэчнээн мундаг байлаа гээд сөрөг хандлагатай хүнтэй хэн ч ажиллахыг хүсдэггүй.
Одоо хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хий. Ур чадвараа хөгжүүлэх гэж хичээ. Мэргэжилдээ дур сонирхолгүй бол сонирхолтой зүйлээ одооноос сурч эхэл.
Англиар “юм” их унш.
Англиар “юм” их сонс.
Англиар “юм” их бич.
Дараа нь энэ талаар илүү дэлгэрэнгүй бичнэ ээ…

Гэрээсээ Лондонд ажилладаг болсон нь 2 сэтгэгдэлтэй

2 сэтгэгдэл “Гэрээсээ Лондонд ажилладаг болсон нь”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.