Олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох асуудал олон улсад шинжлэх ухаан болтол хөгжсөн байна. Америк, Европын их сургуулиуд энэ чиглэлээр бүтэн мэргэжлийн ангиудыг нээн суралцуулж эхлээд хэдэн арван жилийг ардаа үлджээ.

Гол зорилго нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гаргалтыг зөв зүйтэй гаргах мэдлэгийг олгох мэргэжилтнүүдийг бэлдэх явдал юм. Учир нь дан ганц АНУлсад гэхэд хүн амын эрүүл мэндийн боловсрол байдал муу байх нь жилд улсын эдийн засагт 106 тэрбум ам.доллараас 238 тэрбум ам.доллартай тэнцэх хохирлыг учруулдаг ба эцсийн дүндээ мөнгөөр хэмжих боломжгүй хэдэн сая хүний алтан амь эрсддэг тухай сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаа харуулсаар байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын зардал улсын нийт төсвийн 8%, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6%-тай тэнцэх хэмжээнд байна /Статистикийн мэдээллийн нэгдсэн сан/. Олон улсад эрүүл мэндийн салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 8,8%тай тэнцэх хэмжээнд байх нь зохистой хэмжээ гэж үздэг.

Манай орны хувьд энэ үзүүлэлт даруй 5 дахин бага байхаас гадна үүнээс 13% хүрэхгүй хэсэг нь хүн амын урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн ажлуудад зарцуулагддаг гээд бодохоор өрөвдөлтэй.

Монгол улсын хувьд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох бодлого маш муу хөгжсөн. Хамгийн анхаарал сул тавигддаг асуудлын нэг. Шалтгаан нь эрүүл мэндийн салбарын хөгжил бусад салбарынхтайгаа хөл нийлүүлэн алхах боломжгүй, байнгын санхүүжилтын болоод улс төрийн хараат байдалтай байдаг явдал юм.

Иймээс хүний их эмчийн мэргэжлийг эзэмших явцдаа дан ганц хүний биеийг эмчлэх нь хангалтгүй бөгөөд хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, боловсролд дэмжлэг үзүүлэхгүйгээр эрүүл нийгмийг бүтээх боломжгүй гэдгийг ойлгосон.

Энэ ажил тийм ч амар бүтэх ажил биш юм. Бурзай бурзай, могойн зураг, байрны постууд хэдхэн минутын дотор хэдэн мянга лайк, пост хүрэлт нь сая саяаар хэмжигдэж байхад эрүүл мэндийн талаарх мэдээлэл хүрц муутай, үнэлэгддэггүй байдал одоо ч байсаар л байна.

Яавал өөрчлөгдөх, юу хийвэл хүмүүст эрүүл мэндээ хайхрах дадал зуршил, анагаах ухааны талаар багахан ч гэсэн ойлголтыг ямар байдлаар өгөх вэ гэж маш их уншиж судалж, толгойгоо гашилгаж, олон зүйлийг удаа дараа туршиж үзэн одоо ч суралцаж дуусаагүй л явна.

Энэ чиглэлээр манай оронд одоогоор институтын түвшинд мэргэжил олгох, мэргэжилтэн бэлтгэх бодлого болоод боломж байхгүй байгаа учир тэр хугацааг хүртэл өөрийн хувь нэмрээ оруулахаар зориг шулуудан ажиллаж байна.

Хамгийн сүүлд 2019 онд эрүүл мэндийн салбар, иргэдэд мэдээ мэдээллээр хангах, салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, инновацийг үрийг үрслүүлэх зорилготой Medway Consulting хэмээх гарааны компанийг үүсгэн байгуулж “Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох” өөрийн шинэ төслөө эхлүүлээд жил хагасын нүүрийг үзэж байна.

Сүүлийн үед салбарын түүчээлж буй эмнэлгийн  удирдлагууд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд анхаарлаа хандуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа бөгөөд цаашид хамтран хүчээ нэгтгэх ажиллах боломж бий болно гэдэгт итгэлтэй байдаг.

Сэтгэгдэл үлдээх on С.Анударь: Хүн амын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, боловсролд дэмжлэг үзүүлэхгүйгээр эрүүл нийгмийг бүтээх боломжгүй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.