"Ном бол ертөнцийг харах цонх" гэх үгийг мэдэхгүй хүн лав үгүй байх. Тэгвэл “ертөнийг харах цонх”-уудыг хадгалсан номын сан юу болж таарах вэ? Алдарт зохиолч Луис Хорхе Борхес "Би диваажинг номын сангаар төсөөлдөг" хэмээн айлдсан нь бий. Номын сан “диваажин” юм бол номын сангийн карт юу болж таарах вэ? Эрдэнэсийн сан, аль эсвэл диваажингийн түлхүүр үү? Энэ тухай АНУ-ын тэргүүн хатагтай Лаура Буш "Миний хэтэвчин дэх хамгийн үнэтэй зүйл бол номын сангийн карт" гэжээ.

Харин мэдээллийн гэгдэх эрин зуунд амьдарч буй залуус та бүхний хэтэвчинд “эрдэнэсийн сан, диваажингийн хаалга”-ны хаалганы түлхүүр бий юу? Хэзээ нэгэн цагт, оюутан суралцагч байх үедээ тийм “түлхүүр”-тэй байгаад өнөөдөр харин түүнийгээ хаа нэгтээ “гээ”-сэн юм биш биз. Хаанаас олохоо, авахааа мэдэхгүй яваа юм биш биз. Сургалтын байгууллагын буюу сургуулийн номын сан тань танд баяртай гээд үйлчлэхээ байсан бол “нийтийн номын сан” гэдэг найман сартай балчраас наян настай буурлыг ч хүртэл хүлээн авч байдаг буянтай нэг газар байдгийг санаарай.

                Арай “Интернет байхад номын сангаар яах вэ”, “Номтой номгүй, номын сантай, сангүй амьдарч болоод л байна” гэсэн шигээ “мөөрч” яваа юм биш биз. Мэдээллийг мэдлэгтэй андуурч мөөрөгсдийн үе аль хэдийнээ улирч “Мэдлэгт суурилсан эдийн засаг, инноваци” гэгчийг бий болгосон залуус, та бидний үеийнхэн дэлхий дахинаа цахиур хагалан гарч ирлээ. Чи бид, эх орон минь хаана явна вэ?

                Энэ цаг үед нэг хэл дээрээс мэдээлэл, мэдлэгийг авах нь хангалтгүй бөгөөд дор хаяж гурваас доошгүй улсын хэлийг эзэмшиж, мэдээлэл, мэдлэгийг авах шаардлагатай болжээ. Үүнийгээ дагаад залуусын уншвал зохих номын жагсаалтаа ч тогтмол өөрчлөн, шинэчлэж байхаас өөр аргагүйд хүрлээ. Учир нь газар дээр цас лавсан орж буйтай нэгэн адилаар өдөр, цаг, минут тутамд хэвлэгдэн гарч буй номууд, мэдлэг “дэлхийг бүрхэн дар”-саар байна. Тэр дундаас та өөрт хэрэгтэй зүйлээ хэрхэн яаж олж унших вэ? Хуучинтайгаа л зууралдсаар байх уу?

                Дэлхийн томоохон тэрбумтнуудын уншиж буй номын жагсаалт, уншихыг санал болгосон номууд гэхчлэн байсхийгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсныг эрхэм уншигч авхай нар юу эс андах билээ. Уншвал зохих номын жагсаалт гэгчийг заавал аль нэг тамгын газар, бас аль нэг номын сан, хэвлэлийн газраас тогтоодог зүйл бус бөгөөд зорилго, чиглэлээ тодорхойлон, шинэд тэмүүлэн буй уншигч та өөрөө ч тогтоож болох л зүйл. Зайлшгүй тохиолдолд мэргэжлийн экспертүүд, номзүйч, номын санчдаас зөвлөгөө авахад буруудахгүй.

                Хуучны нэгэн сургаальд “Эмийн жор уншсан төдийгөөр эмгэг өвчин тань эдгэнэ гэж үү” хэмээжээ. Энд хий дэмий уншаад суух бус уншсан мэдсэн зүйлсээ ашигладаг, хэрэгжүүлдэг байх тухай утга агуулгыг илэрхийлжээ. Тиймээс уншсан зүйлээ ажилтайгаа холбон хэрэгжүүлдэг, туршдаг, түүнээс улбаалан шинэ мэдлэг гаргадаг, түгээдэг залуус өнөөгийн хэлээр амжилтын эзэд болох нь түгээмэл ажээ.

Уншдаг, ухаалаг Монгол залуус та бүхэн маань ч гэсэн тэднээс юугаараа дутах билээ. Урагшлах, амьдрах, ундрах амжилтад тань амжилт хүсье.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох

Сэтгэгдэл үлдээх on В.Түвшинтогтох: Эмийн жор унших төдийгөөр эмгэг өвчин эдгэнэ гэж үү?!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.