УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН 62 мандат авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. 2016 оны сонгуулиар МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болж байсан билээ. Харин УИХ-ын сонгуульд  дараалан хамгийн олон суудал авч, үнэмлэхүй олонхи болж буй анхны тохиолдол юм.

Ирэх дөрвөн жил МАН улс орныг залж, бодлогоо хэрэгжүүлэх нь тодорхой боллоо. Ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөр, бодлогыг харж саналаа өгсөн. Өнөөдрөөс эхлэн МАН мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж ажиллах үүргийг хүлээж байна. МАН-ын хөтөлбөрөөс ард түмний аж амьдралд шууд нөлөөлөх топ 10 амлалтыг дахин сануулъя.

1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно.

2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, харин бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.

3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна.

4. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.

7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.

8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​МАН-ын топ 10 амлалт

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.