Монголын газар нутаг дахь хадны сүг зургийн хамгийн зүүн захын хязгаар нь Бударын чулууны дурсгал юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70 км зайд хад цохио бүхий өвөрмөц тогтоц бий. Цохионы дунд хэрд 8.7 метр урт хадан хананд хоёр хэсэг газарт адуу мал, ан амьтад, хүний дүрсийг хонхойлгон цохижээ. 1996 онд Монгол – Солонгосын хамтарсан “Дорнод Монгол” судалгааны анги илрүүлэн судалж НТӨ II-I мянган жилд хамааруулан үзсэн. Нэг их тохиолдоод байдаггүй шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь сонирхолтой өгүүлэмж болно. Мөн хүний дүрс хамгийн олноор дүрслэгдсэн бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлдэг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтлөлцсөн, хоорондоо хөөцөлдсөн, эсвэл ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүмүүс мэтийг тоймлон зурах арга барилаар дүрсэлжээ. Бас зээр ба чоныг олон тоогоор зурж, харин гөрөөс, янгир зэргийг адуу мал, хүн рүү харан зогсож буйгаар, эсвэл үргэн зайлж буй байдлаар цэвэрхэн, тод дүрсэлсэн байдаг. Мөн бөөгийн есөн онгодын нэгэнд тооцогддог могойг зурсан байдаг нь сонин аж.

Судлаач Ч.Буянбадрах

Сэтгэгдэл үлдээх on Догшин БУДАРЫН ЧУЛУУ – Хүрлийн үеийн хүмүүс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.