Галдамаа баатар 1635 онд Ойрадын чуулган дарга,Хошуудын ноён Очирт сэцэн ханы өргөөнд төржээ.Хар багаасаа цэрэг дайны ухаанд боловсорсон хүү:

Миний хар морь аяндаа ядраагүй,

Миний нарсан үзүүрт жад мохоогүй

Аав аа, намайг ойлгоорой,

Би давших болно … хэмээн их дайны талбар уруу довтлон ордог байсан хэмээдэг.

Галдамаа баатар 17 насандаа буюу 1652 онд Ойрадын цэргийн хошуучд явж Баатар хунтайжийн удирдлаганд Казахын их цэрэгтэй тулгарахдаа өөрийн биеэр тус казахын ордын их цэрэгийг тэргүүлэгч Янхир ханыг ирүүл тулалдаанд дуудаж, хоёр талын их цэрэгийн магнайд, бүгдийн нүдэн дээр Янхир ханыг тас цавчин унагаж Их аян дайны талбарт алдар нэрээ дуурсгаж эхэлсэн юм.

Түүний өмнө 1643-44 онд Баатар хунтайж ,түүний дүү Авлай тайш, Халхын засагт хан Омбо-Эрдэнэ нарын цэрэг казахын нутагт байлдан дагуулал явуулж Казахын Янхир хан ,Узбекийн Жалантөс баатар нарын цэрэгтэй Алатауны Ар булагт тулж ихээхэн хохирол амсаж ,нутаг буцсан билээ.Энэ дайнд Хөндлөн Убаш зэрэг ноёд оролцохоос татгалзсан нь Ойрадын хүчийг сулруулсан.Иймд хожим Халх-Ойрадын цааз ёсоор Хөндлөн Убаш ноёнд ял ногдуулан,цэргийн хүчээр гэсгээжээ.

1644 оны Ар булгийн тулааны хариуг 1652 онд Галдамаа баатар Казахын Янхир ханыг бүгдийн нүдэн дээр цавчин алж авчээ.Ийн 17 насандаа түүний нэр Ойрад ,Казах ,Халх ,дундад ази даяар “Цахилгаан Галдамаа ’хэмээн алдаршсан билээ. Галдамаа баатар нь Баатар хунтайжийн хамт Казахын ордууд, Бухарыг удаа дараа цэрэглэн мордож их аян дайныг амжилттай удирдсан юм.1658 оны хавар Бухарын цэргийн жанжин Авдаршүхэр 38 мянган цэрэгтэй Таласт хүрч ирсэнд Галдамаа 3 мянган хүн удирдан Бухарын цэргийг ялан Авдаршүхэрийг алжээ.1660 онд Ойрадын их цэргийг удирдан Уйгарын Агасу,Кашгар хотуудын байлдан дагуулж нутаг буцсан билээ. 1661 онд Ойрадын чуулган ноён Очирт сэцэн ,түүний дүү Авлай тайш нарын хооронд хагарал гарч дайн дэгдэхэд тэднийг Галдамаа баатар эвлэрүүлсэн байдаг.

Очирт сэцэн хан өтөл насандаа Үдэ Агас хэмээх Халимагийн Пунцаг ханы охиныг хатан болгон авсан ба залуу хатан нь Очирт сэцэн ханы гарын шадар эмч Гахтай амрагийн холбоо тогтоосоныг Галдамаа баатар мэдсэн боловч дуугарсангүй өнгөрөөжээ. Галдамаа баатар ханиад хүрэх цагт эцгийн залуу эхнэр Үдэ Агас хатан нууцаа хадгалахын тулд Гаг эмчээр дамжуулан эмэнд нь хор өгч Галдамаа баатарыг хөнөөсөн гэдэг.

Галдамаа баатар удаан хугацааны дараа илрэх хоронд хордохын цагт Гаг эмчид хорлогдсоноо мэдсэн боловч эв найрыг бодож хэлсэнгүй явсаар богинохон насаа үдэж, хонин жил 1667 онд цэл залуу 32-хон насандаа өвчинөөр Бижид тэнгэрт хальсан юм.

Түүний эцэг Очирт Сэцэн хан хайртай хүүгээ хорлолоор үхсэнийг мэдээд ихэд гашуудан эмгэнэлийн шүлэг зохиож, Гахай оточийн гарыг тас цавчиж шийтгэсэн хэмээн домог өгүүлдэг. Очирт сэцэн хан харуусалын шүлэг зохиож дуу болгон дуулжээ.

Буур үхдэг, ботгоор босгодог

Хуц үхдэг, хургаар босгодог

Босошгүй Галдамаа минь хайран

Азарга үхдэг унагаар босгодог

Бух үхдэг тугалаар босгодог

Босошгүй Галдамаа мину хайран

Гараа алдсан Гаг эмчи

Ганцыгаа алдсан сэцэн хан

Ай босгошгүй Галдамаа минь

Эжий хөгширөөд эмээ болов

Эрги нураад элс болов

Гарыгаа алдсан Гаг эмчи

Ганцыгаа алдсан Сэцэн хан би

Босгомжи үгүй Галдамаа минь

хэмээн Очирт сэцэн хан гашуудан хайлж байсан домог Баруун Монголд яригдсаар байдаг юм.

Түүний чандарыг төвд рүү Далай ламд илгээсэн байна. Далай лам, Галдамаа баатарын жижигхэн ясан бүрхүүлтэй зүрх дээр анхааралаа хандуулж "Тиймээ, сайн хүн ясан зүрхтэй” хэмээн хэлсэн гэдэг. Галдамаа баатарын тухай домог,дуу хуур ойрад даяар цаашилаад нийт монгол даяар ихээхэн тархсан байдаг билээ. Үүний жишээ болгож Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай нарын дуулж ирсэн Усны эхэнд хэмээх дуу ийм болой.

Усны эхэнд хонхолзуур сойлгоостой

Улсын дунд Галдамаа минчүүрсэн

Эр төрсөн Галдамаа

Ээжийгээ санан минчүүрсэн Галдамаа

Ард архалсан алагтай Галдамаа

Асгаруулсан тавьсан тэвэгтэй Галдамаа

Хэцэд архалсан хээртэй Галдамаа

Хэнзлэн тавьсан тэвэгтэй Галдамаа

Эр төрсөн Галдамаа

Ээжийгээ санан минчүүрсэн Галдамаа

Буурал ээжээ уйлуулсан Галдамаа

Ботготой ингээ буйлуулсан Галдамаа

Буман цэрэг дагуулсан Галдамаа

Буугийн утаа бургиулсан Галдамаа

Дахилт

Сая цэргээ дагуулсан Галдамаа

Саадаг сумаа хавчуулсан Галдамаа

Хурц хөх тамхитай Галдамаа

Хунгийн хүзүүн гаанстай Галдамаа

Дахилт

Хар хадны хахилгаатай Галдамаа

Харцага бүргэдийн шүргээтэй Галдамаа

Цахир хадны цахилгаатай Галдамаа

Цахилгаа бүргэдийн шүргээтэй Галдамаа

Дахилт

Хаан тэнгэрээс төлөөстөй Галдамаа

Хаш цэнхэр нутагтай Галдамаа

Эзэн тэнгэрээс төлөөстөй Галдамаа

Эрхэт цэлгэр нутагтай Галдамаа.

БОДОНГУУД ДӨШ

(#МОНГОЛЫН #100 #СУУТ #ХҮН) бүтээлээс

Сэтгэгдэл үлдээх on ГАЛДАМАА БААТАР, түүний аян дайн

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.