Бурхан шашинтны нандин шүтээний түүх Бурхан багшийн цахиур эрдэнэ буюу шүдийг Монголд 436 жилийн өмнө залж авчран шүтэж, цагийн эрхээр нууцлан тахиж, улмаар бүр ч чандлан хадгалж байсан нь олджээ. Арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирэхдээ энэхүү нандин шүтээнд сүжиг бишрэлтэйгээр мөргөн залбирсан юм. “Пост коммунист орнуудын шашны байдал” олон улсын хурал Улаанбаатарт өнгөрсөн оны долдугаар сард болоход ирж оролцсон Ажа ренбүүчи Бурхан багшийн шүд мөн хэмээн анхлан залбирч мөргөжээ. Ажа ренбүүчи Бурхан багшийн ариун шарил, ариун үлдэсэнд гурав дахь удаагаа ийнхүү мөргөж буйгаа ихэд сүслэн ярьсан байна.

Бирмд 1993 онд иргэний дайн дэгдэхэд Ажаа ренбүүчи Бээжингийн Бадачу сүмд байдаг Бурхан багшийн нэг шүдийг авч очин галыг нь зогсоож байжээ. Бурхан багшийн шүд Шри Ланк, Энэтхэг, Хятад, Тайвань, Сингапур, Японд тус тус шүтэгдэн залагддаг бол долоо дахь нь ийнхүү энэ цаг үед бурхны шашны хүчтэй дэлгэрүүлснээс хойших дөрвөн зуу гаруй жилийн турш Монголд залагдаж байсан нь илэрлээ. Эртний торгоны замын уулзвар, одоогийн Хятад Си Ан хотод хадгалагдаж байгаа Бурхан багшийн дунд хуруу бий. Монголд дөрвөн зуу гаруй жил Түшээт ханы хувьтай шүтээн гэж нууц байдлаар тахин шүтэж, дээдэлж байгаад шашныг устгах 1930-аад оны үеэс бүр ч чандлан хадгалж, үрэгдүүлэлгүй бидний үед хүрч ирсэн энэхүү шүтээний тухай Монголын эрдэмтэд дэлгэрүүлэн судалж байна.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр түүхч, судлаачдыг дайчлан, шашин соёл төдийгүй, аялал жуулчлал, дэлхий нийтийн анхаарлыг татах хосгүй олдворыг дэлгэрүүлэн судлах ажил өрнүүлж байгаа юм. Бурхан багшийн цахиур эрдэнэ хэмээх шүдний талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Ням-Очир нар эхний судалгааг хийж эхэлжээ. Халх-Ойрадын дайн, Галдан Бошигтын догшин ташуур, шашин, лам нарыг устган, сүм хийдийг үнсэн товрог болгох Сталины тушаал, ногоон малгайтнуудын хурц хараа, үзэл суртлын хатуу хяналтыг даван туулж энэ өдрүүдэд сүсэг залбирал дагуулан тодорч буй Бурхны шүд буюу цахиур гэж юу вэ? Хэн хэзээ хэрхэн залж авчирч, ямар дэг жаяг, ёс горимын дагуу нууцлан шүтэж ирсэн бэ? Халхын Автай Сайн Хан залан авчирч, Эрдэнэ зуу хийдийг зориулан босгосон нь Халхын нөлөө бүхий ноён Автай Монголжин Түмэдээс Халхад ирсэн худалдаачдаас Алтан хан, Далай лам Содномжамцтай дотно харилцаа тогтоон, шашин дэлгэрүүлж буйг сонссон байна. Түмэдэд хоёр удаа элч илгээн, Алтан хан, Сэнгэдүүрэн хан нараар уламжлуулан Түвдийн хутагт хувилгаадтай холбоо тогтоон харилцаж эхэлжээ.

Автай 1585 онд гуравдугаар Далай лам Содномжамцыг Монголын газар шороон дээр хоёр дахь удаагаа залрахад буюу Түмэдийн Алтан ханы байгуулсан Хөх хотод ирээд байхад нь очиж уулзжээ. Гуравдугаар Далай лам улс төр, цэргийн гол түшиг тулгуур Алтан ханы хойдын буяныг үйлдэхээр Хөх хотод ирсэн байжээ. Чухамдаа усны их Далай хэмээх цолыг Баруун түмний буюу өмнөд монгол ноёд, тухайлбал Алтан ханаас Содномжамц ламд олгосон юм. Чингис хааны үетэй харьцуулшгүй хүч чадал сулран доройтсон ч эзэнт гүрний үр сад морьтойгоо, нумтайгаа, Түвд мэтийн улс оронд догшин ташуур, хуй салхи хэвээрээ байлаа. Монголчуудаас “Очирдара Далай блама” буюу Далай хэмээх цолыг Содномжамцад олгосон нь Түвдийн шашны тэргүүн гэж өргөмжилсөн хэрэг билээ. Түүнээс хойш Далай ламын тэргүүлсэн гэлүгбагийнхан Түвдийн шашны урсгал хоорондын тэмцэлд Монгол ноёдоос дэмжлэг аван бусдыгаа ноёлох болов. “Өндөр гэгээний намтрууд оршвой” сударт тэмдэглэснээс үзвэл Автай Хөх хотод зуны тэргүүн сарын шинийн 15-нд Далай ламтай уулзаж, булганы арьс, алтадсан өргөө, алт, мөнгө, мал сүрэг зэрэг үлэмж их бэлэг сэлт өргөжээ. Далай лам хариу болгож, “Очирай сайн хан” цол, шар үсэг бүхий тамга, пагмадүв очир хааны хөрөг гэх зэрэг зүйлсээр шагнажээ.

Автай, Содномжамц нар шарын шашин буюу Түвдийн буддизмын гэлүгбагийн урсгалыг Халхад нэвтрүүлэхээр Эрдэнийн сүм барих, Шигэмүни бурхан багшийн дүр бүтээх, шашны ном, зохиол орчуулах талаар хэлэлцэн тохирчээ. Үүнийг хүртэл Халхад хан цолтон байгаагүй юм. Автайн нэр сүр ч нэмэгдэн, Халхын дангаар захирах хэмжээнд хүрч байжээ. Автай, Содномжамц нар Халхад шарын шашин дэлгэрүүлэхээр ярьж тохирон уулзаж, бэлэг сэлт, цол өргөмжлөл харилцан өгчилгөх үед Буддагийн эрдэнийн шүдийг гэлүгбагийн тэргүүн монгол ноёнд барьжээ.

“Өндөр гэгээний намтар” хэмээх судар 14 янзаар олдоод байгаа бөгөөд Бурхны шүд буюу цахиурыг хэрхэн залж авчирсан тухай дэлгэрэнгүй мэдээ бүхий нэг хувилбарт Халхын Автай сайн хаан Төвдөд мянган цэрэгтэй хүрч очин, Далай ламд “Эвлэрвэл эвлэрье, эвдэрвэл эвдэрье” гэжээ. Содномжамц лам айн хиртхийж, бурхан багшийн галд үл шатах нандин шүтээн Автайд өргөснийг Халхад залж авчран, энэхүү эрхэм дээд эрдэнэд тусгайлан зориулж, Эрдэнэ зуу хийдийг барьсан тухай батлан бичжээ. Халхын Хамба Номун хан Жамбалдоржийн өвөөс үлдсэн “Өндөр гэгээний намтар” хэмээх монгол хэлээр бичсэн хоёр дэвтэр, “Ялгуусан хутагтын намтар” төвд модон барын сударт Бурхан багшийн шүд буюу эрдэнийн цахиурын талаар дэлгэрэнгүй мэдээ сэлт бий. Автай сайн хан эргэж ирээд, орд өргөөнийхөө дэргэд анхлан гурван модон дуган барьж, 1586 оны зуны тэргүүн сарын шинийн 15-нд оршоолгон ёслуулахаар Далай ламыг урьжээ. Далай лам биеэр ирж чадахгүй болсон тул Сажа Лодойнямбуу хэмээх ламыг төлөөлөн илгээсэн юм байна. Энэхүү сүмийг хоёр жилийн дараа аравнайлж “Бат Эрдэнэ зуу” гэж нэрийдэв. Эрдэнэ гэж нэрлэх болсон нь бурхан багшийн галд үл автах эрдэнийн шарил буюу шүд, цахиурыг залсны учир ажээ.

Эрдэнэ зуу хийдийн гол шүтээн нь гурван зуу бурхан. Бурхан багшийн цахиур эрдэнэд зориулан эдгээр бурхдыг бүтээн залсан уг учир, ёс түүхтэй. Эрдэнэ зуу хийдийн ханын зурагт энэ үеийн үйл явдлыг харуулсан. Лог.Дэндэв гэгч ханын зургийг 1932 онд хуулбарлан авсан нь шүдний судалгааг дэлгэрүүлэн хийхэд их хэрэгтэй баримт сэлт болж байна. Бурханы шарира ратна буюу шарил эрдэнэ гэж юу вэ? Халхын Автай сайн хаан бурхан багшийн цахиурыг Монголд залж авчирсан, түүнд зориулан Эрдэнэ зууг барьж босгосон, сүм хийдийн нэрийг оноон өгсөн, гол шүтээний учир шалтгаан, төвд, монгол ном сударт өгүүлсэн мэдээ сэлт давхар нотолж байна. Самгарди буюу санскрит хэлээр шарира ратна хэмээхийн монголчлогдсон нь шарил эрдэнэ юм.

Бурхан багшийн шарил буюу ринсрэл хэмээхийн тухайд баримт нотолгоо, мэдээ сэлт хангалттай бий. Тухайлбал, Бурхан багшийн намтарт юу гэж өгүүлсэн байдаг вэ? Бурхан багш наян насан дээрээ мөнх бусыг үзүүлэхэд уламжлал ёсоор чандарлан хайлав. Номын хэлээр хайлах, чандарлах, гал мандал өргөх, чадагдах буюу шатагдах гэх зэргээр нэрлэнэ. Ринсрэл ч гэх ариун шарил, ариун үлдэс нь аливаа хүний цогцос биеийг хайлж чандарласны хойно галд үл шатах таван зүйл бий хэмээн эртний Энэтхэгт үзнэ. Банязарам гэж нэрлэнэ. Тэдгээр үл шатагдах таван зүйл нь шүд, зүрх, гавлын яс, дунд чөмөгний толгой, хурууны үе юм. Бурхан багш Буддаг хайлж чандарлахад банязарам мөн үлдсэн байна. Чандарлах явц гурван сар үргэлжилнэ. Гал оруулсаны хойно бүрэн унтарч, байгалийн салхиар туугдан хайлж дуусах хүртэлх хугацаа юм. Одоо бол их халуун хэмд 72 цагт чандарлана. Бурхан багшийн намтарт өгүүлснээр ариун шарилыг нь хайлахыг харж байсан нэгэн шавь нь гал дундаас тэсгэлгүй хэсэг зүйл шүүрэн авч Шри Ланка орон руу явжээ. Галаас авсан хэсэг зүйлс дотор доод эрүүний 5 буюу 7 шүд байсан гэсэн түүх домогтой. Дэлхийн Буддын шашинты хамгийн эрхэм нандин шүтээнд Бурхан багшийн шүд буюу цахиурыг тооцно. Олон улсын нэр томъёо нь relic гэнэ. Харин пэлдэн буюу арвидах шарил гэдэг нь чандар нь юм байна.

Өнөөдөр Бурхан багшийн шарил хэмээх нэрээр дэлхий дахинд нэрлэдэг, Монголд 90-ээд оны эхээр залж авчирч байсан тэр зүйл юм. Цагийн урт, хүнд бэрхийг даван бидний үед хүрч ирсэн нууц түүх Халх-Ойрадын дайны үеэр Эрдэнэ зуу хийдийг шатаан түйвээсэн нь энэхүү цахиураас болж, түүнээс хойш Түшээт ханы хувьтай шүтээн хэмээн нууцлан шүтдэг болсон байна. Ариун шарилын үлдэс шүдийг Монгол хоорондын дажны үеэр зөөн нууцалж одоогийн Хөгнө хааны хийд, Цахиуртын жас, Цахиуртын хурал зэрэг газраар хадгалж байжээ. Галдан Бошигт Төвдөд шавилан сууж асан, буддын шашны гүн мэдлэгтэй, хувилгаан цолтон байсан тул Бурхан багшийн шүдний мөн чанар, хамгийн гол нь хүч чадлыг нь мэддэгт байжээ. Бурхан шашинтны дээд шүтээнийг гартаа оруулсан цагт Халх, Ойрадыг нэгтгэн зангидах, шүтлэгээр дагуулах боломжтойг мэдэж байсан нь эргэлзээгүй юм. Галдан хаан Эрдэнэ зууг түйвэрдэн эрээд цахиурыг олж чадаагүй, Эрдэнэ хамбын хийдэд аваачсаныг олж мэдээд бэдрэн хүрч очжээ. Эрдэнэ хамбын хийдээс ч мөн олдоогүй, лам нар нь гаргаж өгөөгүй тул мянган хуврагийг хөгнөн засчээ. Хөгнөх буюу засах гэдэг нь бэлгэсийн эрхтэнийг нь огтлон хөнгөлнө гэсэн үг юм. Түүнээс хойш Хөгнө хааны хийд гэх болсон байна. Одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дахь Цахиуртын хурал хэмээх цагийн хуралд Бурхан багшийн шүдийг шилжүүлэн шүтэж байжээ. Цахиур хэмээх нь шүд гэсэн үг. Цахиуртын жасаа, Цахиуртын хурал гэх нэр алдар ч энэхүү шүтээнтэй шууд холбоотой байна. Халх-Ойрадын дайн дажин зогссоны дараа Эрдэнэзууд эгүүлэн залж шүтэж эхлэхдээ нууцлан “Түшээт ханы хувьтай шүтээн” хэмээн зөвхөн алтан ургийн лам, ноёдод нээлттэй болжээ. Өнгөрсөн зууны гучаад оноос лам, шашин, сүмийг устгах Сталины заавар тушаал хэрэгжиж, дуган сүм үнсэн товрог болов.

Ерөнхий сайд П.Гэндэн монголоос гадна төвд бичиг үсэгтэй, шашин шүтлэгтэй хүн төдийгүй одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн учир Эрдэнэзуу хийдийн гол шүтээний тухай дуулж сонссон байжээ. Лам нараа устгах Сталины шахалтыг аргацаан хойшлуулж, баруунтан хэмээн цоллуулсан билээ. П.Гэндэнг Сочид амарч байхад нь 1937 оны 7 дугаар 17-нд Зөвлөлтийн Дотоод хэргийн Ардын Комиссариатаас дайчлан баривчилж, ердөө сар гаруйн дараа буудан хороосон юм. Цахиурыг чандлан хадгалахыг П.Гэндэн үүрэг болгосон хөдөлшгүй баримт олдоод байна. Тэрбээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Өлзий-Очирт үүрэг болгожээ. Ц.Өлзий-Очир нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дэндэвт нэр заан явуулсан албан бичигт “Энэхүү Будда бурханы шүд хэмээх нэгэн нарийн зүйлийг танай хүрээлэнд хүргүүлж ихэд сайнаа хадгалуулахын хамтад энэ нь ямар зүйл болохыг сайтар шинжин боловсруулж гүйцэтгүүлье хэмээн Ерөнхий сайдаас зааварласнаар хүргүүлэв” гэжээ. Нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ Богдын ордон музейд Бурхан багшийн шүд хадгалагдаж байгаа тухай сайн мэдэж, түүхч шавь нартаа санааны мухартаа марталгүй хадгалж байхыг захиж байжээ. Хамаагүй хүнд үзүүлж яриад байдаггүй юм. Цаадуул чинь нэг л өдөр гайтуулаад устгачихаж мэднэ.

Харин түүхч хүн үүнийг санааны мухарт хадгалж явах хэрэгтэй” гэж Түүхийн хүрээлэнгийн нэгэн өрөөнд 1979 оны намар ярьсныг түүнийг шавь профессор А.Очир нотолж байна. Цаадуул гэдэг нь Зөвлөлтийнхнийг хэлсэн хэрэг юм. Зөвлөлтүүд нандин шүтээний талаар мэдэж байсан баримтыг энэ өгүүллийн дараагийн цувралд дурьдах болно. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дэндэвт үүрэг өгснөөс хойш “адууны шүд” хэмээх өөр нэртэйгээр хадгалагдсаар бидний үед хүрч ирснийг саяхан нээж олсон байна. Гадуурх уутан дотор нь монгол бичгээр юун тухай зүйл болохыг нь бичиж үлдээсэн байжээ. Цагийн эрхэнд авталгүй өөрийнхөөрөө, шашин соёлоо гэсэн итгэл сэтгэлээ алдалгүй явсан өвдөг дээдсийн ухаан энэ “үндэсний баялаг”-т шингэжээ. Эрдэнэзуу хийдийн бага унзад явсан Гомбо-Очир агсан, Хамба номун ханы өвийг хадгалагч, Хөвсгөл аймгийн харъяат О.Бадмаадорж нарын зэрэг өвөг дээдсийн үл тасрах ухаан энэхүү шүтээнийг олны өмнө нээн залах хүртэлх түүхийн нугачаанд алдагдаагүй баримт сэлт болно.

Д.Болдхуяг

Сэтгэгдэл үлдээх on МОНГОЛД БАЙДАГ БУРХАН БАГШИЙН ШҮДЭНД МӨРГӨВӨЛ НЭГЭН НАСНЫ АВШИГ ХУРНА ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.