Биотехнологийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан  амьд организмыг олон улсад “GMO- Genetically Modified Organism” гэж тэмдэглэдэг.

Хувиргасан амьд организмыг гарган авах шалтгаан:

  • Дэлхийн хүн амын хурдтай өсөлт
     
  • Өдөр тутам нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ
     
  • Байгалийн баялгийн нөөцийн хомсдол
     
  • Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, практикт эрчимтэй ашиглах шаардлага дэлхий дахинд гарч байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд генийн өөрчлөлт бүхий өндөр ашиг шимтэй ургамал, амьтдыг гарган авч хүнс, эмийн үйлдвэрлэлд хэрэглэж байна.

Хувиргасан амьд организмын талаарх баримтууд:

Анхны генийн өөрчлөлттэй организм болох шавьж болон өвчинд тэсвэртэй улаан лоолийг 1994 онд гарган авсан.Дэлхийд тариалж буй буудай, будаа, төмс, улаан лооль зэрэг өдөр тутмын хүнсний хэрэглээний таримал ургамал болон шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын дийлэнхи (26-77٪) нь хувиргасан амьд организм байна.

Генийн өөрчлөлттэй хувиргасан амьд организмыг тариалснаар 10 жилийн (1996-2006 он) хугацаанд 28,9000 тонн пестицид хэрэглэхээс татгалзаж чадсан байна.  

Америкийн эрдэмтэд хойд туйлын загасны генийг гүзээлзгэнэд суулгаснаар хүйтэнд тэсвэртэй шинэ зүйлийн гүзээлзгэнэ гарган авсан

Зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлын өвчин элбэг тохиолддог.

Хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будаанд А витамин нийлэгжүүлдэг генийг шилжүүлэн суулгаж баяжуулан “Алтан будаа-Golden rice” будааг гаргасан нь  тус өвчнөөр өвчлөгсдийн тоог бууруулж чадсан.

Судлаачид мөн байгаль орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор металл боловсруулагч хувиргасан бичил биетүүдийг гарган авсан.

Биоаюулгүй байдлын Картагены протокол

Биоаюулгүй байдлын протокол буюу Биологийн олон янз байдлын конвенцийн биоаюулгүй байдлын картагены протоколын зорилго нь биологийн төрөл зүйлийн хамгаалал ба тогтвортой ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж болох мөн хүний эрүүл мэндэд эрсдэл үзүүлж болох орчин үеийн биотехнологийн тусламжтай бий болсон хувиргасан амьд организмыг аюулгүй тээвэрлэх, хадгалах болон ашиглахад хамгаалалтын шаардагдах түвшнийг хангахад хувь нэмэр оруулахад оршино.  

Генийн өөрчлөлттэй ургамал

Генийн өөрчлөлттэй ургамал тариалалтаар эдгээр орнууд тэргүүлж байгаа (2014 оны байдлаар) бөгөөд тариалж буй ургамлуудын дийлэнх хувийг  шар буурцаг, эрдэнэшиш, хөвөнгийн ургамал, фафаяа эзэлдэг байна.


Генийн өөрчлөлттэй ургамлын ач холбогдол:

Газар тариалангийн ургамлын хувьд:

  • Амт, чанар, шим тэжээл сайжирах
  • Ургацын гарц нэмэгдэх
  • Боловсрох хугацаа богиносох
  • Гадны нөлөөнд, элдэв өвчинд тэсвэрлэх чанар сайжирах
  • Шинэ бүтээгдэхүүн, технологи, инноваци бий болох
  • Гербицид, пестицид тэсвэрлэх

Хүрээлэн буй орчны хувьд:

  • Пестицид, гербицидийн хэрэглээ буурна.
  • Хөрс, ус, эрчим хүч хэмнэнэ.
  • Ойн аж ахуйн биоүйлдвэрлэлийг хурдасгана.
  • Байгальд хоргүй хог хаягдал үүснэ.
  • Бүтээмж нэмэгдэнэ.

Нийгмийн хувьд:

  • Хүнсний аюулгүй байдлын хяналт сайжирна
     
  • Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг урьдчилан гаргах
     

2002 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага(World Health Organization)-аас генетикийн өөрчлөлттэй организмыг хүнсэнд хэрэглэх тухай зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжийн дагуу тухайн ургамал дараах шалгуурт нийцэж байгаа тохиолдолд хүнсэнд хэрэглэхийг зөвлөсөн байна.

Үүнд:

  • Хортой чанартай эсэх
  • Харшил үүсгэх эсэх
  • Хүний биед сөргөөр нөлөөлж болох бодис агуулдаг эсэх
  • Шилжүүлэн суулгасан ген тогтвортой эсэх
  • Ген суулгасны дараа ямар нэгэн таамаглаагүй шинж үзүүлсэн эсэх

Эх сурвалж: НЭМХ

Сэтгэгдэл үлдээх on Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж юу вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.