Монголд анх удаа хашаан дотроо лийр тарьж ургуулсан хөдөлмөрч, бүтээлч энэ бүсгүйг Л.Отгонцэцэг гэдэг.

Цаг агаарын эрс тэрс уур амьсгалаас үүдэн олон төрлийн жимс, ногоо тарихад хүндрэлтэй байдаг. Харин Л.Отгонцэцэг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахын тулд өөрийн хашаандаа лийр тарьж, энэ жилийн шинэ ургацаа саяхан хурааж авчээ.

Арван жилийн турш өвөл, зуныг үл харгалзан лийрийн модоо арчилж, сайхан үгсээр мялааж, өөрийн хүүхэд мэт асарч тойглон, ургацаа хураан авдагтаа тэр туйлын баяртай, жаргалтай байдгаа ярьсан юм. 
 


Халуун оронд ургадаг жимсийг Монголд арчилж ургуулна гэдэг амаргүй.

Л.Отгонцэцэгийнх Баянгол дүүрэгт байрлах Бичил хорооллын хажууханд 0.07 орчим га газартаа төвхнөжээ. Хашааны хаалга нээгдсэн даруй нүд баясгам эрээн цэцэгс, нов ногоон моддын шуугиан угтав. Тансаглал гэж үүнийг л хэлэх байх.

Хашаан дотор мод, цэцэгсийг тойруулан байшин хүртэл зам тавьсан байлаа. Эднийх лийрний гурван модтой ба намрын өнгө хэдийнэ моддыг хучжээ. Цөөн хэдэн ширхэг лийр газарт унасан байв. Цааш явахад давжаа алим буюу бидний хэлж заншсанаар ранетик жимсний мод харагдав. Хурааж авах цаг нь арай болоогүйг эзэн нь тайлбарлалаа.

Ажилсаг бүсгүйн хашаанд мойл, интоор, гүзээлзгэнэ, агч мод, чавга, уутат помидор, эрдэнэшиш гээд тариалаагүй жимс, мод алга. Жимсний моддоос гадна Алтанзул цэцэг, Наранцэцэг, Сарнайн бут, Мандарваа, Астра, Шторкроза алаглана. 
 


Сурвалжлагын эзэн аав, ээжээсээ энэ хашаа, байшингаа өвлөн авч, эндээ элбэг дэлбэг сайхан амьдрал бүтээхийг зорьжээ. Жаран жилийн өмнө барьж байсан хашаа хэний ч нүд, сэтгэл баясахаар цэцэрлэгт хүрээлэн болж өргөжсөн нь гайхалтай. 

Л.Отгонцэцэг “Би цэцэрлэгт хүрээлэнгээ “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэдэг. Би энэ газарт байхдаа бүхий л муу муухай зүйлсээс холдож, сайхан энерги авдаг. Өөрийн гараар тарьсан жимс, ногоо маань хамгийн цэвэр ариун, өндөр чанартай хүнс болдог. Би хувьдаа үүнийг л тансаглал гэж хэлмээр байна” гэж бахдалтайгаар хуучлав.
 


Амьдралд өрнөх олон хар бараан үйл явдал дунд хөдөлмөрч хүн, тэр дундаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа түүнээс баяр баясгалан л мэдрэгдэж байсан юм.

Л.Отгонцэцэг ярилцлагын эхэнд “Сошиал орчин их сөрөг байх юм. Маш их бухимдал, улс төр, хямрал, өвчин зовлон зэрэг олон асуудал тэнд өрнөдөг. Харин миний хүссэн зүйл бол тэднийг сайхан зүйлд уруу татах. Ядаж л хэн нэгний хийсэн бүтээсэн зүйлийг хараад нэг ч гэсэн хүн баярлаасай, суралцаасай гэж хүсдэг. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ухаараасай, монгол хүн бүр надаас үлгэр жишээ аваасай гэж боддог" гэсэн юм. 

Гэр хороололд амьдардаг гэхээр л шороон дунд амьдрах ёсгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаглаж чаддаг.

Бид шувууд жиргэсэн, модод шуугисан алтан намрын өнгийг биширсээр түүний гэрт орлоо. Хөргөгч дүүрэн жимсний компотоор дайлав. 

"Тарьсан жимс бүрээ удаан хадгалахын тулд компот хийдэг. Жимсний амтыг тэр чигт нь хадгалахаас гадна удаан хэрэглэх боломжтой болгодог” гэж тэр зөвлөлөө. 

Ихэнх цагийг хашаан дотроо өнгөрүүлдэг талаар хуучлахдаа “Зуны өглөө сэрээд гэрээсээ гарахад хашаанд маань тал талаас шувууд цуглачихсан байдаг. Өвсний үнэр, агаар, өнгө зэрэг жинхэнэ байгалийг хашаандаа л мэдэрч байна. Гэр хороололд амьдардаг гэхээр л гараа хумхиад, залхуураад, шороон дундаа зүгээр суугаад байж болохгүй. Би гэр хороололд амьдардаг ч Зайсанд байгаагаас илүү тансаг амьдарч байна” гэсэн юм.

Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Түүний бүтээсэн "Диваажингийн цэцэрлэг"-т зочилно уу!
 

ZINDAA.mn
Сэтгэгдэл үлдээх on Гэр хороололд амьдардаг ч ЗАЙСАНД байгаагаас илүү тансагладаг бүсгүй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.