Гурван гүрэм хэмээх номын тайлбар
Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Шийрэв нинбо гэдэг бурхадуудын холбогдолтой уншдаг гурван номын нэр юм. Монгол орны хүрээ хийдүүдэд машид өргөн дэлгэр уншигддаг болсон ба хуучин цагт ном эрдэмд төгс мэргэжсэн эрдэмт лам хуврагууд айлд очиж засал ном унших, аврал гүрэм буулгахдаа энэхүү номыг голчлон буулгадаг байсан нь Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар бээр Дашлхүмбэ хийдэд морилон өөрийн номын их багш 2-р банчэн эрдэнэ
Чойжижалцан богдоос нийт Монголын ард түмнийг идээ ундаагаар элбэг дэлбэг цог хийморь нь дэлгэрч буян хишиг нь арвидаж явахын тухайд аврал айлтгасанд Дашчарвэв санг айлдсан ба цаг бусын аюул, хэл ам, хэрүүл тэмцэл, ад донгийн хорлол, үхээрийн бузар тэргүүтэн хүмүүн бүхэнд үл үзэгдэгч амьтаны үйл, нисванисаар хурсан муу бүхнийг ариусгах ном айлтгахад Гурван гүрэмийг уншиж яв хэмээн зарлигласан түүхтэй холбоотой юм. Ер нь ном гэдэг үг нь Төвд хэлээр чой гэсэн үг ба монгол хэлээр засах гэсэн утгатай үг бөгөөд зургаан зүйл амьтаны нэг хүн бээр мунхаг/эс мэдэх/ сэтгэлээр үүдэн өөрийн хийсэн үйл, үйлийг үүсгэгч наян дөрвөн мянган муу сэтгэл/нисваанис/-ээр орчлон дээр төрөл бүрийн зовлонг эдэлдэг ба эдгээрийг үүсгэгч хүсэл шунал,уур хилэн, мунхаг сэтгэл/гурван хор/-ийг засах гэсэн утгатай ажгуу. Хүмүүнд аливаа нэгэн өвчин тохиолдоход уг гарал болсон идээ ундааг тааруулах, эрүүл агаарт гарах, рашаан усыг хүртэх, эм тэргүүтэн элдэв засалын аргаар эмчлэхээс гадна ад, дон, лус савдагын хорлол тэргүүтэнийг гүрэм заслын аргаар эдгээдэг бөгөөд Гурван гүрмийг Монголын дээдэс лам нар ихэд голчлон уншиж амьтаны хүсэл горилыг хангаж номоор тэтгэдэг байжээ.
Ширнэн : Бурхан гэгээний айлдсан Ганжуурын гол утга болох Юм хэмээх 16 боть, Юмын хураангуй Нитийн 4-н боть зохиол ба түүний хураангуй Жадамба,түүний хураангуй Додүдба,түүнийг хураасан нь Ширнэн бөгөөд юм бүгд хоосон чанарын агаарт бүтсэн хэмээхийн хамгийн товч хураангуй зохиол юм. Хоосон чанар гэдэг нь бүх юм үр дагалдал.шалтгаан нөхцлийн нөлөөнөөс болж тухайн үедээ олон янз хувирахаас биш угаас хэзээд хөдөлбөргүй яг ягштал бүтсэн эд гэж байхгүй ямагт бие биендээ шүтэн барилдаж бүтсэн бөгөөд ямар нэгэн бурхан тэнгэрийн өршөөл түлхээсээр бүтээгүйн учрыг гүнзгийрүүлэн судлахад чухал холбогдох ёсыг хоосон чанарын ухаан гэнэ. Тухайн цаг үед амьтанд тохиолдох гай барцад, өвчин, ад зэтгэр зэрэг хамаг муу юмсыг хоосон чанарын агаарт бясалган бодохлоор суурь болсон хэл ам, ад зэтгэр тэргүүтэн бүх юм устаж арилдаг хэмээн Ширнэнг эхэнд нь уншдаг.
Цагаан шүхэрт: Цагаан шүхэрт бурхан нь бурхан багшийн үснэрээс хувилж гарсан бөгөөд Зургаан зүйл амьтаны хар цагаан хэл ам.нялхасын ад.ад дон, идээ ундааны бузар дэв, ган зуд, од харвах, өвчин эмгэг тэргүүтэний аюулаас авран хамгаалах тангарагтай бурхан юм.Түүний залбирал уншлаг нь мөргөл.бага тарни ,их тарни, хураангуй тарни тэргүүтэн олон хэсгээс бүтэх ба уншлага тарнийн энергээр хүмүүн амьтанд хурсан аливаа муу зүйл бүгдийг ариусган зохиох утгатай. Сударын төгсгөлийн хэсэгт бурханы үснэрээс гарсан Цагаан шүхэрт бурхан бусдын хөнөөлд үл дийлдэгч хэмээхийн тарни уншлагыг унших, торго.мод тэргүүтэн аль зохилтойд бичиж гэр оронд залах, хийсгэснээр дөрвөн махбодь хямран бие өвдөх, гал ус тэргүүтэн цаг бусын хорлолд үл чадагдах.ад зэтгэр.барцад саад бүхэн арилах.хур бороо цагтаа буух ,хүү хүссэн нэгэн тарнийг нь унших зүүх тэргүүтэнээр номыг ёсчилон үйлдэх аваас хүссэн бүхэн биелэн урьдын хураасан үйл амирлаад нас буян, хүч чадал агуу ихээр дэлгэрэх дараа төрөлдөө бурханы оронд төрөхийн ерөөлийг бичсэн байдаг.
Ногоон дарь эх: Ертөнцийн хүмүүний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй эд эдлэлээр элбэг.аливаа муу зүйлээр үл чадагдан амьдрах нь тухайн хүний үйлс дэлгэрсэн эс дэлгэрсэнтэй салшгүй холбоотой.Сайн цагийн мянган бурхадын дотроос өөрт нь итгэсэн, уншлага залбиралыг нь айлтгасан.даган бяссан, тарнийг нь тоолсон амьтан бүхний үйлсийг тэтгэгч.дэлгэрүүлэгч нь Ногоон дарь эх бурхан бөгөөд өнөөгийн 5-н цөвүүн дэвэрсэн энэ муу цагт Дарь эх бурханыг шүтэн эргэл мөргөл үйлдэх аваас амьтны үйлс дэлгэрнэ хэмээн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц айлдсан байдаг. Залбирал уншлага дотороо насны.эд баялгын, үр хүүхдийн гэх зэрэг Хорин нэгэн Дарь эхэд залбирч тус тусын шид бүтээлийг гуйн хүссэн утгатай.Нас буяныг уртасган, эд баялгыг арвижуулахын үйлсийг тэтгэн зохиогч Ногоон дарь эх бурханд сүсэглэхийг хүсэгч хүмүүн бээр Ум дээд Бодалагийн орноос Ногоон өнгийн дам үсгээс мэндэлсэн 3-н цагийн бурхадын үйлсийг тэтгэгч эх Ногоон дарь эх бурхан нөхөд сэлтийн хамт залран соёрх хэмээн бодоод Ум дари дүдари дүүрий суухаа хэмээх тарнийг аль чадахаар тоолон унших аваас хүмүүний үйлс дэлгэрэн санасан санаа сэтгэлчилэн бүтэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл үлдээх on ГҮРМИЙН ДЭЭД ГУРВАН ГҮРЭМ /ШУУД СОНСОХООР/ ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.