Бүсгүй хүн бүр хүүхэд байхдаа хүүхэлдэйндээ хувцас оёж тоглодог ч тэр бүр оёдолчин,загвар зохион бүтээгч болоод байдаггүй билээ. Тэгвэл балчир насандаа мөрөөдөж тоглож байсан зүйлээ ажил болгон брэнд болтол нь хөдөлмөрлөж чадсан “We” брэндийн үүсгэн байгуулагч Г.Нэргүй бүсгүйтэй ярилцлаа.

“WE” брэндийн үүсгэн байгуулагч Г.Нэргүй: Хувцасны брэндтэй болно гэж эсээ бичиж уралдаанд орж байсан минь биеллээ олсон

Үндэсний хувцасны брэнд манай улсад олон бий. Танай брэндийн хувьд бусдаас юугаараа онцлог вэ?

Би европ хувцасны оёдол, эсгүүр их сонирхдог. Тиймээс энэ чиглэлээр үйлдвэрлэлээ явуулж байгаа. Үндэсний хувцасны брэнд хэдий олон байгаа ч түүний эрэлт байгаа гэж харсан болохоор брэндээ бүтээсэн. Миний хувьд нягтлан бодогч мэргэжилтэй. Би  2016 онд оёдлын дамжаанд сурсан.  Намайг  төгсөж байхад шинэ жил болж таарсан. Тэр үед дамжааныхаа багшийн хажууд өрөө түрээслэж таньж мэддэг найзууд, хүүхнүүдээсээ шинэ жилийн даашинзны захиалга аваад энэ ажлаа эхлүүлсэн. Захиалга өгсөн хүмүүс сэтгэл хангалуун байсан нь цааш үргэлжлүүлж хийх, үйлдвэрлэл явуулах хөшүүрэг болсон. Хүүхэд байхдаа өөрийнхөө хувцсыг хасаад хүүхэлдэйндээ хувцас оёж тоглодог байсан. Охин хүүхэд болгон тэгж тоглодог ч тэрийгээ ажил болгосон нь ховор байх. Ер нь тэр л суурь болж хүсэл мөрөөдөл минь намайг чиглүүлж өгсөн дөө.

Таны хүүхэд байхын мөрөөдөл биеллээ олсон байна. Тэгвэл одоо та юу мөрөөдөж байна вэ?

Намайг оюутан байхад нэг эсээ бичлэгийн уралдаан зарлагдсан. Би эдийн засгийн чиглэлээр сурч байхдаа хувцасны брэндтэй болно гэж бичиж байсан цаасан дээрх мөрөөдөл маань өнөөдөр биеллээ олж брэндээ үүсгээд явж байна. Одоо орчин үетэйгээ хөл нийлүүлж цахим орчныг хангалттай ашиглаж байна. Үүнийг би дэлхийд гарах гарц гэж харж байгаа. Гэхдээ нэн тэргүүнд дотоодынхоо зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзлэх, дараа нь дэлхийд гарах гэсэн шат дараалал, төлөвлөгөө, мөрөөдөлтэй ажиллаж байна.

Загвараа өөрөө зохион бүтээдэг үү?

Би өөрөө зохион бүтээж, материалаа сонгодог. Анхнаасаа загвар материалаа чанартай байлгаж байр сууриа олно гэсэн зорилготой эхлүүлсэн учраас одоо 30 ажилчинтай, байнгын хэрэглэгчидтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан учраас хэсэг ажилчдаа  амраагаад ерөнхийдөө амралтын байдалтай байгаа.

Анхны дэлгүүрээ хэзээ нээж байсан бэ?

2018 онд “GMALL”-д дэлгүүрээ нээж байсан. Харин 2019 онд “Зайсан Хилл”-д нээсэн. Энэ жил “Их наяд”-д болон Дарханд салбаруудаа нээсэн. Нийт дөрвөн салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Брэндийн нэр их сонирхолтой санагдаж байна. “We”  гэж нэрлэх болсон учир юу байна?

Анх сошиалаар захиалга авж ажилладаг байсан болохоор өөрийн иргэний үнэмлэхийн нэр буюу Нэргүй гэж анх нээж байсан. Пэйж хуудсаа ч мөн “Нэргүй Fashion” гэж нэрлэж байсан. 2019 оноос эхлэн брэндийнхээ нэрийг “WE” брэнд болгон өөрчилсөн “WE” брэнд гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй болж байна. Анх энэ брэндийг үүсгэхдээ гэр бүл болон бусад бүх хүмүүсийн туслалцаатайгаар үүсгэж байсан болохоор бид буюу “We”  гэдэг нэрээр өөрчилсөн.

BESTOFMONGOLIA.mn

Сэтгэгдэл үлдээх on Г.Нэргүй: Хувцасны брэндтэй болно гэж эсээ бичиж уралдаанд орж байсан минь биеллээ олсон

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.