2002 онд буюу эдүгээгээс 17 жилийн өмнө Монгол Улсын дархан аварга Дарийн Дамдин гуайн гэрт очиж энэхүү ярилцлагыг авсан юм. Харамсалтай нь энэ ярилцлагаас хойш хэдхэн хоногийн дараагаар аварга тэнгэрт хальсан.

Аваргын гэр бидний хэлдгээр Сансарын колонкийн дэргэдэх таван давхар байшинд байлаа. Аваргын зарим үгс сайн ойлгогдохгүй ч бид хоёр ярилцаж чадсан юм. Ярьж байхдаа аварга их инээмсэглэнэ.

Үүнээс өмнөхөн МҮБХ-ын зартай Их Эе болон Цэцдийн зөвлөлийн хурал болсон юмдаг. Тэгэхэд аваргын хүү Д.Баяраад арслан, гарьд цол олгох эсэх тухай яриа нэлээн гарсан. Гэвч аварга энэ сэдвээр хурал дээр ганц ч үг хэлээгүй юм.

Мөн Нүхтийн амралтад шөнөжин хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлын үеэр аварга цурам ч хийлгүй суусаар байсан билээ. Зарим залуу бөхчүүд зүүрмэглэж ядарч суухад аварга нас дээр гарсан хэрнээ ажрахгүй суусаар байсан нь үнэхээр бахархмаар санагдаж байсныг энд нэмэрлэсү.

Ингээд та бүхэнд энгүй их аваргын хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлагыг толилуулж байна. Аваргаа эргээд нэг дурсъя.

Хоёр мөнхийг та дэмжиж, ээлжилж авдаг байсан гэж ярьдаг юм билээ?

Дандаа ч ээлжилж авдаг байгаагүй ээ. Эхэндээ ч хоёуланг нь тунааж, хооронд нь үзүүлж, ядрааж байгаад хэн давсантай нь барилддаг байсан үе бий. Гэхдээ бас ээлжилж авсан тохиолдол ч бий. Мөөеө гүйж ирээд “Баянааг та амархан хаяна шүү дээ. Түүнийг авчих” гэнэ. Төдхөн Баянаа нь гүйж ирээд “Мөнхбатыг та амархан давна шүү дээ” гэдэг байж билээ. Бас бие биенийхээ нарийнхан гуятайг гайхна. “Та тэр нарийхан гуяыг аваад давахгүй гэх биш. Та цаадахиа амалчих” гээд эхэндээ салдаггүй байлаа даа. /инээв/

Циркийн хүн улсын аварга болж болохгүй гээд танд өгөх цолоо хойшлуулж байсан гэдэг?

Тийм ээ, тэгдэг л байсан. Бөх хүн байж эм хүн толгой дээрээ гаргалаа гэж бөхчүүд их сэжиглэнэ. Би циркийнхээ хүчний үзүүлбэрийг хийхийн тулд олон хүнийг толгой дээрээ гаргана шүү дээ. Тэдэн дунд эмэгтэй хүн ч цөөнгүй. Гэвч би бол сэжиглэдэггүй байсан.

С.Цэрэн аварга, Ө.Эрдэнэ-Очир арслан та хэд нэг авдар а рхийг тун хурдан “сулласан” тухай яриа байдаг нь үнэн юм уу?

Үнэн. Цэрэнгийн таньдаг хүүхэн а рхи худалддаг байсан юм. Эрдэнэ-Очир бид хэд Цэрэнг дагуулж очоод нэг авдар а рхи авлаа. Гэтэл худалдагч хүүхэн “Хөөе Цэрэн гуай шилийг нь яах юм бэ?” гэхэд нь “Өө ах нар нь энүүхэнд гялалзуулчихаад ирнэ” гэж хэлээд аваад явсан даа. Тэгээд үнэндээ л гялалзуулж, нэг нь бараг тавыг сулласан байх аа.

Тэгж их уучихаад согтоод уначихгүй юу?

Үгүй дээ, уучихаад шилийг нь аваачиж өгөөд л харина шүү дээ.

Аварга аа, таныг олон начин төрүүлсэн гэж зэмлэх хүмүүс ч байх юм…?

“Танилын нүүр халуун” гэдэг дээ. Миний хувьд барилддаг таньдаг залуу дөрөв даваад ирэхэд нь тав давуулахгүй гэж эсвэл давуулна гэхэд хэцүү л байдаг байсан. Аятайхан хүүхэд бол даваа өгчихдөг л байсан. Гэхдээ энэ яригдаад байгаа шиг мөнгө төгрөгөнд би “сөгдөж” байгаагүй юм шүү. Ганц хоёр шил а рхи л хүндлээд задлахад нь татгалздаггүй байсан байх. Миний “төрүүлсэн” анхны начин бол Төв аймгийн Загдсүрэн гэж залуу бий. Би түүнийг сайн л бөх гэж боддог.

Та “Хоёр Мөнх”-ийн хэнд нь илүү найдлага тавьдаг байсан бэ?

Мөнхбатад л найддаг байлаа. Цаадахь чинь намайг дагах их дуртай байсан. Өнөөх бууны нохой гэдэг шиг л… /инээв/ Мөнхбат харилцаа их муутай, амтай залуу ирсэн юм. Сүүлдээ тэр ам нь сайнм барилдахад нь их нэмэр болсон. Нэг айхавтар гэмтээгүй бол олон жил сайн барилдах байсан даа.

Баянмөнх аварга ямархуу хүү ирж байв?

Би Баянмөнхийг нэг их хардаггүй байсан л даа. Харин Мөнхбатыг аварга болчихоосой гэж гэж боддог байлаа. Сүүлдээ Мөнхбат сайхан аварга болсон шүү.

Та бусад аваргуудын тухай бодлоо хэлнэ үү?

Д.Цэрэнтогтохыг би цэрэгт байхад нь гурвын даваанд амлаж барилдсан юм. Тэгэхэд л цаашдаа тун их чангарч, сайн бөх болох нь шууд мэдрэгдэж байсан.

Д.Хадбаатар аваргын хувьд…?

Хадбаатар залуудаа яг л жаахан хүүхэд шиг зантай хэрнээ заримдаа ч их хачин залуу шиг санагддаг байсан. Тэгээд эрт явчихсандаа, хөөрхий.

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд…?

Сайн бөх өө. Гэхдээ Баянмөнх, Бат-Эрдэнийн тахай “Мэх байдаггүй юм шүү дээ” гэж хэлж байхыг сонсож байлаа. Бодоход бас тийм ч юм шиг. Гэхдээ сайхан аварга аа.

А.Сүхбатын хувьд…?

Түргэн шуурхай барилдаантай сайхан бөх

Та тав дараалан түрүүлчихээд С.Цэрэн аваргад өвдөг тохой шороодоогүй хэрнээ унасанд тооцогдох харамсалтай байсан биз?

Намайг “Гурван хөлтэй бөх байдаггүй” гээд унасанд тооцсон. Би жаахан гайхаад зогсоод байсан л даа. Уг нь дотроо бол эсэргүүцээд тахимаа өгөмгүй, дахиад барилдмаар л байлаа. Гэвч Лхагвасүрэн жанжин ирээд тахимаа өгсөнгүй гэж намайг загнасан. Бас үзэгчид “Цэргийн хүн түрүүлж болдоггүй юм уу” гээд хашгиралдаад байсан. Тэгээд л би тахимаа өгсөн.

news1.mn Р.Гэгээ /Р.Мөнхдаваа/

Сэтгэгдэл үлдээх on Дархан аварга Д.Дамдин: Мөнгө төгрөгөнд би “сөгдөж” байгаагүй – Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.