Одоогоос 5 жилийн тэртээ, Цагаан сарын ѳмнѳхѳн, Цахим Ѳртѳѳний ѳргѳн сүлжээгээр Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байх нь зохистой талаар хэлэлцүүлэг явуулж, ѳѳрѳѳ модератор хийсэн юм. Тэхэд 8 сабжетаар 100 гаруй маил цугласныг товчоолоход 500 гаруй санал болж билээ. Дараа нь 2013 онд дахин хэлэлцүүлэг ѳрнүүлж бас л олон санал, маш ховор үнэтэй материал цуглаж байлаа. Түүнээс хойш энэ сэдвээр зарим нэг эрдэмтэдтэй барин тавин зѳвлѳж, басчиг цаг гаргаж архив ухан, нийтэд ил гараагүй ганц нэг материал олзуурхан олж авсан юм. Венецид байдаг Марко Пологийн номын санд Хубилай хааны үеийн монголын ёс заншилтай холбоотой маш их баримт хадгалагдаж байгаа гэсэн юм олж сонссон, манай тѳр засаг энийг анхаарвал зүгээр ч юмуу гэсэн санааг далим гарган энд хавчуулъя.

Монголын соёлын ѳв

ЦАГААН САР гэж нэршсэний учир нь, 9 цагааны үйлтэй холбоотой юм болуу гэсэн сэтгэгдэл тѳрдѳг. Монголчуудын Цагаан сараа тэмдэглэн ирсэн зан үйл нь үе удам дамжин уламжлагдсан, эрийн гурван наадамтайгаа эн зэрэгцэн очиж үнэлэгдэхээр хэмжээний соёлын томоохон үнэт ѳв юм. Тиймээ, шинэ оноо угтах ёслол аль ч оронд, ямар ч үндэстэнд байдаг л зүйл байх, гэхдээ монголын энэ зан үйл бол онцгой учир утгатай, гүнзгий агуулгатай ураг, үндэс угсаагаа гэсэн генийн удамшил нэвт шингээсэн үнэтэй сайхан соёл ажээ. Энэ сайхан уламжлалын туулж ѳнгѳрүүлсэн түүхэн замнал нь шулуун дардан, нэр шигээ цагаан байсан гэж нотлохыг оролдвоос, бичээч бибээр худалч болж таарна. Бурханы шашин, бѳѳгийн ёсонд довтлуулан нэгийг үзэж, коммунизмд х ориглуулан, дарлуулан хийморио гутаалгаж, ойворгон хүмүүсийн хийрхэлд автан хазайсан ч гэсэн ноён нуруугаа алдаагүй, үе удам дамжин ёсчлогдсоор ѳнѳѳг хүрсэн соёл юм шүү гэвэл харин үнэнд ойртох л болуу.

Их эзэн Богд Чингис хаан, 1206 онд нэгдсэн монгол улсаа байгуулсныхаа дараа, урьд нь намар цагаар ёсчилдог байсан цагаан идээний баярыг, ирэх урин цагийн эхэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шилжүүлж ЦАГААН САР гэж нэрийдэж байхаар зарлигдсан байдаг. 1207 онд анхны ЦАГААН САР тэмдэглэх хаврын эхэн сарын шинийн нэгний ѳглѳѳ, Их эзэн хаан маань хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад ёсны цагаан дээлээ ѳмсѳн Ѳүлэн эхэд мѳргѳн золгосныхоо дараа Ордоноосоо гадагшилж, хуран цугласан түмэн олондоо хандан их сайхан үг хэлсэн байдаг юм байна. Энэ тухай В.Инжинаашийн ХѲХ СУДАР шасдирын 39 дүгээр зүйлийн магнай хэсэгт байгаа гэсэн. Хаан хэлсэн үгэндээ, ...энэ баяр цэнгүүнийг омойтож хѳѳрѳхийн нэр болголгүй, даруухан ёсчилж бай!...гэсэн нь тэмдэглэгдэн үлдсэн юм байна. Хааныг гарч ирэхэд, 9 зүйлийн хѳгжмийн зэмсэг хангинуулан, ихэд шуугиан гаргахад сэтгэл нь тѳвдсѳн тэрээр ...хѳгжим аялгуулж дуу гаргах нь Думдад улсын ёсоо, бибээр нэхий дээлтэй монгол хүн. Энэ ёс ар газрын бидэнд таарахгүй ээ. тэрний оронд 9 цагааныг гүйцэлдүүлэн ёсчилж байваас зохимой...гэсэн байна. Энэ үгсийн мѳрѳѳр орон, эрж хайсны үр дүнд дараах 9 цагааны тухай л юм болуу даа гэсэн бодолтой үлдсэнээ түмний сонорт дашаалан соёрхуулж байна.

1. ЭХ ДЭЛХИЙГЭЭ ТАХИХ ЁСОН. Цагаан сарын шинийн 1-ний ѳглѳѳ, гэрийн эзэгтэй эртлэн босч гэрээ нар зѳв тойрон гороолж, ертѳнцийн 4 зүг, 8 зовхист хандан газар тэнгэрийн савслагаар чиг барин, цагаан сүүний дээжийг ѳргѳж эх дэлхийгээ аргадан тахидаг бѳѳгийн ёсон одоог хүртэл уламжлагдсаар иржээ.Тэр үеийн сацлын халбага нь нэг үзүүртээ сацлын 9 хонхорхойтой, нѳгѳѳ үзүүртээ цагаан хялгасан унжуургатай модон халбага байжээ. Одоо ч ийм халбага, хуучны юм хадгалдаг айлд мэр сэр тааралддаг.

2.ХОТОО МЯЛААХ ЁСОН. Гэрийн эзэн цагаан сарын шинийн 1-ний ѳглѳѳ эртлэн босч, эрт гарсан цагаан хурга тэврэн, хотоо нар зѳв тойрч тайвуу алхах зуур ерѳѳлийн үг хэлдэг байжээ.

3. УЯА МЯЛААХ ЁСОН. Монгол эр хүний хийморь морьтой олон зүйлээр холбогддог. Цагаан сарын шинийн 1-нийг угтан битүүний шѳнѳ, дэлий нь засч гоёж янзалсан цагаан бүгээн зүсмийн адуу уяж хонодог ёсон байжээ. Одоо ч зарим нутагт цагаан зүсмийн нэг битгий хэл л морь уяад хоночихдог уламжлал тогтсон байгаа.

4. ГЭРИЙН ҮҮД ТАХИХ ЁСОН. Цагааны энэ ёсыг одоо хүртэл зарим нутагт үйлддэг. Цагаан сарын шинийн 1-ний ѳглѳѳ, гэрийхээ баруун тотгоны дээд биенд цагаан чулуу, эсвэл цагаан хѳр цас тавин тогтоож, сайн хүн, юмс орж ирэхийг билэгдэн ёсолдог сайхан заншил бий.

5. ГЭРЭЭ ЦАГААЛЖ ЧИМЭХ. Цагаан сараа угтан гэр орноо цэвэрлэж, тоос шороо хир буртагнаас нь салган угааж, гоё гоодох нь монгол туургатны ёсон. Цагаан сараар аль л ѳѳдтэй, ѳнгѳтэй гэсэн ширдэг, олбог, хивсээ гарган дэвсдэг. Дээхэн үедээ шинэ цагаан эсгий гарган дэвсдэг байжээ.

6. ЗООГИЙН ЦАГААН ИДЭЭ БЭЛДЭХ ЁСОН. Гэрийн хойморт явган ширээ засч, бяслаг, хэвийн боов, цагаан идээ ихээр базаан таваг засч ирсэн орсон гийчдэд амсуулдаг ёс бол эртний уламжлалтай монгол ёс. Ѳнѳѳ цагт бас ааруулаар сайхан таваг засдаг ёс дэлгэрч байгаа нь сайн гэмээр заншил.

7. БИЕЭ ГОЁХ ЗАН ҮЙЛ. Монголчууд цагаан сараараа цагаан бѳс торго, хурган, сэгсүүргэн дээл цагаан хантаазаар гоёж гоодон, айл хунараар орохдоо цагаан морь хүлэглэн гангардаг байжээ.

8. ЦАГААН СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ. Цагаан сараар м уу юм ярьдаггүй ёс бий, м уу юм, хов жив их яривал ХАРын үүд нээгдэнэ гэх бѳѳгийн ёстой холбоотой байж мэдэх юм. Цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон цагаан хурган нударгаа нэгэнт сэгсрэн, сэтгэлээ нээгээд дараа нь золгодог ёстой. Нударгагүй дээлтэй нь ѳврѳѳсѳѳ цагаан хурганы арьс гаргаж ирэн сэгсэрдэг байжээ. Нударга зангидан юмуу хойш шамлан золгодог монгол хүн гэж байхгүй. Хадаг барин золгодог ёсон бол хожмых. Золгосныхоо дараа сэтгэлээ нээн үг солилцож, хаш гаанс, хѳѳрѳг дуу гарган зѳрүүлж сэтгэлийн гүнд юм үлдсэн бол тайлж, бие биедээ найрсаг сайхан ерѳѳл дэвшүүлж, уул, гол ус, нутаг орноо мэдэлцэж, идээ будаагий нь сайшаан магтаж урам хайрладаг ёс одоо ч хадгалагдсаар байгаа. Тангаргийн гэм болсон ахан дүүс хүртэл цагаан сараар цайрч авах нь зѳндѳѳ.

9. ГАР ЦАЙЛГАХ ЁСОН. Цагаан сараар оймс цуглуулж бэлэг ѳгдѳг болсон нь сүүлд гарсан зүйл. Эртхэндээ бэлэг гэдэг ойлголт байсангүй, харин хүүхэд, хѳгшчүүл ирээгүй удсан гийчиндээ ГАР ЦАЙЛГАХ гэх ёс байсан юм байна. Хошуу торгонд хэвийн, эсвэл хавсай боов, бяслаг ааруул цагаан идээ боож ѳгдѳг байжээ. Манжийн үед ойворгон хүмүүс цагаан сарыг далимдуулан хадган дээр алт, мѳнгѳн ембүү тавьж, хаад ноёдод барин, албан гувчуураас зайлах арга хийдэг байснаас улбаалаад, цагаан сараар заавал бэлэг барих ёстой ч юм шиг уламжлал тогтчихсон байж магадгүй.

Цагаан сарын олдмол наалдмал гажуудал

Цагаан сарын зан үйл нь нийгмийн ухамсрын тухай, тухайн цаг үедээ тохирч таараад, цаашид ч ѳргѳжин хѳгжѳѳд явах бүрэн боломжтой эв эе, эвлэл нягтралын агуу монгол гүн ухааны хэлтэрхий юм. Цагаан сарыг гажуудуулсан, шашинтай хольж хутгасан, мѳн манжийн ноёрхлоос үлдсэн олдмол зан үйлүүд эрхэм энэ соёлд наалдаастайгаар он жилүүдийг халиаж байна, тэрийг тоочоод барахгүй. МАХН-ын зүгээс бүр мѳсѳн х ориглож, бүдүүлэг хүмүүсийн заваан баяр гэж нэр хоч ѳгѳн НЭГДЭЛЧДИЙН БАЯР гэдгээр гагцхүү орон нутагт тодорхой хяналтанд тэмдэглэж байхыг тогтоосон гашуун үе ч байгаа, би тэхэд хүүхэд байсан ч гэсэн зарим зүйлийг тов тодорхой санаж байна. Уг нь эртний ѳв уламжлалаа сэргээгээд бодсон ч эзэн Чингисийн сургаалиас ургуулаад аваад үзсэн ч Цагаан сар бол их л даруухан, сайхан цэнгүүнт ёс юмдаа. Ялангуяа, уур, шунал, мунхаглал тэргүүтнийг цээрлэн тэвчихийг урьтал болгох хүмүүжил нѳлѳѳллийн сайхан талтай.

Дээл хүндэдвэл ѳмссѳн хүндээ ачаа
Эмээл хүндэдвэл тохсон мориндоо дарги
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол
Янз хэтэрвээс ядуу доордост зүдгүүр гэж эртний эх сурвалжид заасан байдаг нь нэгийг хэлж хоёрыг ухааруулж байна.

Заавал албатай юм шиг жилийн жилд л, монголын буддын шашны тэргүүнтнүүд ...сүсэгтэн олоон...гэж ирээ л...ЖИЛИЙН ѲНГѲ гэсэн юм ярьж, айл ѳрх хүн амьтны ирэх жилийн амьдралын ѳнгѳ нь цагаан сарын ширээний байдлаас шалтгаална гээд ч байгаа юм шиг...шашны пиар хийх нь зохимжгүй. Харин ч хүмүүс, нэгэн үеэ бодвол ихэд ухамсаржиж, ёс заншил, шашин 2-ыг ялгаж салгаад ойлгочих болсон нь тун сайшаалтай. Мѳр гаргана гэхэд нь, ухаандаа онцын ач холбогдол ѳхгүй, зүгээр л наадам, цэнгүүн мэт үзэж инээж хѳхѳрч ѳглѳѳний зугаалга маягаар хандах нь иргэд их л соёлжиж байгаагийн шинж. Жишээ нь, баруун тийшээ гарах ямар ч нѳхцѳлгүй байшинд амьдардаг хүнд баруун тийш мѳр гаргах тѳѳрѳг таарвал, эсвэл айлд очиж хонон мѳрѳѳ гаргах, эсвэл ирэх жилийх нь амьдрал гундуу байх ийм л юм болчих гээд байна л даа. Шашны зүгээс зориуд пиардаад байгаа юм шиг юмыг зугаа болгоо л сэтгэлээ баясгаа л юу ч бодож саналгүй ѳнгѳрѳѳчихсѳн нь дээр биз дээ...г.м. дээр дурдсан 500-гаад бодол, санал дотор авууштай санаанууд зѳндѳѳ байсан. Бaярын бичвэр хязгаартай болохоор, хадуурахаасаа урьтаад амжиж дуусгахаас ѳѳр аргагүй боллоо.

ТА БҮХЭН 9 ЦАГААНАА ГҮЙЦЭЛДҮҮЛЖ, САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

SONIN.mn

Сэтгэгдэл үлдээх on Есөн цагааны зан үйл ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.