Жил бүрийн улсын төсвийг батлах үед гардаг алдаа дутагдлууд энэ жил бас л давтагдаж байна. Техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй ажлууд жил бүрийн улсын төсвөөр орж ирээд батлагддаг буруу жишиг эдгэшгүй өвчин мэт болжээ. Нэг хуулийг батлахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулийг зөрчсөн хууль баталдаг болчихсон гэсэн үг. Төсвийн тухай хуулийн 29.4-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэж хуульчилсан байдаг. Гэтэл сүүлийн 3 жилийн төсвийг батлахдаа хуулийн энэ заалтыг зөрчсөн, энэ жил мөн зөрчсөн хууль батлах гэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоороо эрэмбэлэгдээгүй, улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүй төсөл хөтөлбөрүүд ч сүүлийн жилүүдийн төсөвт орж батлагдаж байгаа.

Үндэсний аудитын газрын 2019 оны дүгнэлтэнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төсөвлөснөөс 2018 оны эхний 8 сарын байдлаар хэрэгжилт нь 30.8 хувьтай байна” гэж дурдагдсан байдаг. Зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтууд нь хөрөнгө оруулалт он дамжиж царцах, улмаар төсөвт өртөг нь ихээр нэмэгдэж төсөвт дарамт үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн нөгөө талаар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, төсөвт нүүрлээд байгаа хулгайг өөгшүүлж байгаа нэг хуульчилсан хэлбэр байж мэднэ. Монгол Улсын 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл, арга хэмжээнээс 71.3 хувь нь бас л техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байсан. Нийт 368.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 91.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх 34 төсөл, арга хэмжээг 2020 оны төсвийн төсөлд тусгасан байсан.

Төсвийн тухай хуулийн 29.3.5-д “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэж заасныг  зөрчсөн нийт 149 төсөл, арга хэмжээг 2021 оны төсвийн төсөлд тусгасан байна гэсэн дүгнэлт бас гарсан байна. Хуулийн энэ шаардлагыг хангахгүйгээр нийт 105.7 тэрбум төгрөг дутуу төсөвлөсөн нь төсөл, арга хэмжээ хугацаандаа ашиглалтад орохгүй хойшлох, гүйцэтгэл удааширч өртөг зардал нэмэгдэх эрсдэлд орно.

Яагаад жил бүр УИХ, ЗГ хүчин төгөлдөр хуулийг зөрчсөн хууль батлаад байна. Хуулийг мөрдөж хэрэгжүүлж манлайлал үзүүлэх ёстой төрийн институтүүд хэзээ энэ алдаагаа болих уу. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй жил бүр алдаагаа давтаад яваад байх уу. Үндэсний аудитын газрын хараат бус байдлыг, улсын төсөв буюу нийтийн хөрөнгөнд тавих хяналт шаардлагыг хэзээнээс хэрэгждэг болгох уу? Хууль зөрчсөн хууль баталдаг энэ буруу жишгээ хэзээ бид зогсоох уу? Төсвийн зарчмуудыг хэзээ хуульчилж үр ашиг бүтээмжтэй, ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоог хангасан болох уу? Төсвийн хулгайг бид хэзээ таслан зогсоох уу. Төсвийн шинэчлэлийг тойрсон маш олон асуудлууд биднээс шийдлээ хүлээсээр байна.

Р.Шинэгэрэл

Сэтгэгдэл үлдээх on Жил бүр хууль зөрчин батлагддаг төсвийн хөрөнгө оруулалт

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.