Зүлэг тарих талбайн хөрсийг бэлтгэхийн тулд дагтаршсан газрыг хүрз, жоотуу, тармуураар 15-20 см гүн ухан том чулуу, дунд зэргийн чулуу, зэрлэг ургамалын үндэс зэргийг шигшин авахын зэрэгцээ үржил шимт шинэ хар шороо нэмж жигд тараан тарих газрыг тармуураар тэгшилэх хэрэгтэй байдаг.


Гэрийн ногоон байгуулмажийг зүлэгжүүлэх зорилгоор олон наст ургамлыг тариалсан тохиолдолд байнга услаж байх шаардлагатай бөгөөд хөрсний гадарга тэгш биш байвал ус тогтохгүй алдагдах болно. Зарим налуу газрын талбайг тариалтанд бэлтгэхдээ шатлан бэлтгэх арга байдаг. Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж элсжүүлэн хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна. Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас 1м2 талбай бүрийг дахин хавтгай мод тавин дарж сул хөрсийг нягтруулан тэгшилээд 60-100г үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо ба элсний холимогоор үрийг далд ортол үр ил гарахгүй байхаар  буюу 1-2 см зузаан цацаж дарна. Дараа нь тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Гэхдээ практик дээр м2 бүрийг хавтгай мод тавин дарах нь хэт их ажиллагаатай байдаг тул заавал тэгэх шаардлагагүй юм.

Энэ мэтээр 1 м2 талбай бүрээр хөөн тарилгыг нягт нямбай хийсээр нийт талбайд хийж дуусгана. Үрээ суулгасны дараа бороожуулагч хошуутай усалгааны хоолойгоор / дарлалттай усаар / жигд бороожуулж услана. Бүдүүн усалгааны хоолойгоор юмуу хувингаар усалбал газар нь эвдэгдэж үр нь хуурай хөрснөөс ил гарах бөгөөд нэг удаа усанд сайн дэвтсэн үр буруу усалсанаас болоод хөрснөөс ил гарвал хатаж дахин сэргэн ургах боломжгүй. Иймээс усалсны дараа ил гарсан үрийг дахин хөрсөөр дарж өгөх хэрэгтэй. Тарьсан зүлэг тань 3-4 хоногт соёолж 7-14 хоногт та ширдэг шиг ногоон зүлэгтэй болсон байх болно. 

Модны нүх ухаж бэлтгэхЦэцэрлэгжилт хийх талбайд шилмүүст / гацуур, нарс, шинэс / модны нүхийг ухаж бэлтгэхдээ уулнаас ул хөрстэй байдгийг харгалзан нүхний хэмжээг 0.8-1.0 метрийн голчтой, 0.7-0.8 метрийн гүнтэй нүхийг ухаж бэлтгэнэ. Ухсан нүхнээс гарсан хөрс, шорооны байдлыг харгалзан нүхний 75 хувьд нь үржил шимт хар шороон херс, хөх бууц 10 орчим кг-ыг нэмж хийн сайтар хутгаж тэгшилж орхино.Ухсан нүхнээс гарсан үржил шимгүй буюу хайргыг зөөж зайлуулан оронд нь хар шороон хөрснөөс бэлтгэн тавина. Энэ нь мод суулгах үед нэмэлт болон чигжихэд хэрэглэгдэнэ. Хуучин шороог болж өгвөл хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь хуучин бохир, үржил шимгүй, бүтцээ алдсан шороо, хөрсний үүрэг гүйцэтгэж шинэ суулгацны их, бага ямар нэг хэмжээгээр таслагдсан үндсийг цааш ургаж төлжихөд хангалттай шим тэжээл өгч чаддаггүй. Харин нарсны суулгац суулгах нүхэнд хар шороо 40 хувь, элс 60 хувь байхаар бодож сайтар хутган хольж бэлтгэнэ. Нарс ихэвчлэн элсэн болон хөнгөн хөрсөнд ургадаг онцлогтой. Модны нүх ухсан газар нь хөрсний сүврэлт ихтэй / ус барих чадваргүй бүтэцтэй / бол нүхний ёроолыг шар шавраар өнгөцхөн шавардаж өгч болох ба үндсэн хөрсийг бүрэн солих шаардлагатай.
Навчит модны нүх ухаж бэлтгэхЦэцэрлэгжилтэнд таригдах навчит модны нүхийг ухаж бэлтгэхдээ шилмүүст модны нүхнээс арай бага хэмжээтэй байна. Улиас суулгах нүхийг0.5-0.6м гүн, 0.5-0.8 м голчтой ухаж бэлтгэнэ. Ухсан нүхэнд хар шороон хөрс бордооны холимгыг нүхний 75 хувьд нь болохуйц хэмжээгээр голд нь шовгор байдлаар хийж бэлтгэнэ. Улиангар, хус нь уулнаас ул хөрстэй ирэх боловч дээрх хэмжээнд / нүхэнд / төдийлөн харшлахгүй юм.


Бут сөөгний нүх ухаж бэлтгэхЦэцэрлэгжилтэнд таригдах төрөл бүрийн бут сөөгний нүх 50-60 см гүн, 40-50 см голчтой байна. Нүхэнд хийх шороо шим тэжээл сайтай хар шороон хөрс байх ба ухсан нүхнээс гарсан шороог ашиглаж болохоор бол / чулуу хайргагүй эсвэл хэт их шаварлаг юмуу дангаараа элс биш / түүн дээр 2-4 кг хөх бууц, 75-100 гр фосфорын бордоо нэмж сайтар хольж хийнэ.Ургамлан хашлага тарих шуудуу нь 50 см өрген, 50 см гүнтэй байна. Шуудуунд хийх шорооны хэмжээ шуудууны 75 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Ухсан шуудуунаас гарсан шороог ашиглах боломжтой бол хар шороо, бууц, эрдэс бордоог дээрх хэмжээгээр хольж сайжруулсан хэлбэрээр ашиглаж болохоос гадна дан хар шороог ашиглаж болно.Ер нь олон жил талхлагдаж хөрсний үржил шим бүхий давхарга байхгүй болсон, хог болон бусад зүйлээр их бага ямар нэг хэмжээгээр бохирлогдсон байдаг учир шинээр хийх тохижилт, цэцэрлэгжилтэнд хуучин хөрсийг ашиглахгүй байх нь зүйтэй юм.Мод бут сөегний нүх ухаж бэлтгэх явцад хөрсний бүрэн шинжилгээ хийлгэчихвэл цаашид ногоон байгууламжаа өргөтгөх, услах, бордох, ямар ургамал таривал зохих талаар өргөн мэдлэгтэй болно.Харин бөөрөлзгөнө тарихаар сонгосон талбайн хөрсний гүний ус 1.5 метрийн гүнд тархсан, хучиж өвөлжүүлэхэд тохиромжтой хөнгөн бүтэцтэй байх нь чухал юм.Бөөрөлзгөнө үндсээрээ мөлхөж ургадаг тул хоёр бутны хоорондох зайг 3 метрээс багагүй байхаар бодож талбайг бэлтгэх хэрэгтэй. Бөөрөлзгөнийг шуудуунд тарих нь илүү тохиромжтой бөгөөд 35-40 см гүн, 50-70 см өргөнтэй шуудуу ухаж бэлтгэнэ.

Нэгэнт бэлтгэж бэлэн болгосон нүх, шуудуугаа тарилт хийхийн урд өдөр 1-2 удаагийн давтамжаар ханатал нь усалж өгнө. Энэ нь хөрсний чийг багтаамшилтанд их тустай.

BARILGA.mn

Сэтгэгдэл үлдээх on Зүлэг болон мод тарих гэж буй хүмүүст зориулсан зөвлөгөө

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.