Сүүний чиглэлийн үхэр ноцтой мутаци өөрчлөлтөнд орсон явдлыг Монголчууд мэддэггүй. Мэддэггүйн улмаас өөрийгөө яагаад сүү сүүн бүтээгдэхүүн шингээж чаддаггүй болсноо ч бас мэдэхгүй.

Мөн энэ аюул ганцхан барууны аж үйлдвэржсэн оронд хамаатай бус. Монголд ч нүүрлээд нилээн хугацаа өнгөрч буй. Хэн ч мэддэггүй. Худал мэдэмхийрч эрчимжүүлсэн мал аж ахуй яриад хятадуудын биднийг хорлож нүүдлийн мал аж ахуйг нь үгүй хийх гэсэн стратегийн бодлогыг өөрсдөө гардан хийж яваа.

Монголд оросын туслалцаатайгаар байгуулсан саалийн механикжуулсан ферм гэж байлаа. Оросоос гурван янзын үхрийн үүлдэр оруулж ирснээс хар шар тарлан үнээ нь Хольштайн буюу сүүний гарц өндөртөй боловч аюултай генийн мутацитай үхэр юм. Харин Алатау үүлдрийн үхэр нь зүгээр байсан. Хувьчлалаас хойш манайхан зах зээл, мөнгө гэж ухаан алдан хуйлран шуурснаас хойш хар шар тарлан үхрийг монгол үхэртэй эрлийзжиж гайтай хөөтэй явдал болж байгааг хэн ч анзаараагүй. Өөрийн толгойгүй явахын гайг энэ наад захын жишээ харуулна.

Ойролцоогоор мянган жилийн өмнө умард европын үхрийн үүлдрүүд удмын өөрчлөлт буюу мутацид орж урд нь байдаг байсан casein А-2 хэмээх уургийн оронд кэйсийн А-1 хэмээх уурагтай сүү өгдөг болсон. Кэйсийн А-1 уураг харамсалтай нь хоол боловсруулах явцад бета-касоморфин гэдэг эрүүл мэндэд хортой уураг болж хувирдаг. Энэ уураг нойр булчирхайны инсулин ялгаруулах бета эсэнд наалддаг. Улмаар хүний өөрийн дархлаа нойр булчирхайгаа довтлож эхлэдэг. Үүгээрээ кэйсийн А-1 уураг лектинтэй маш төстэй хор хөнөөлтэй. Нэгдүгээр төрлийн чихрийн шижний гол буруутан нь ийм үүлдрийн үнээний сүү юм гэсэн таамаглал бий.
Өмнөд европын орнуудад кэйсийн А-2 буюу хэвийн уурагтай сүү өгдөг үхрийн үүлдрүүд бий. Гэлээ ч Хольштайн буюу хар шар тарлан үнээний сүүний гарц өндөр тул фермэрүүд ихэвчлэн энэ үүлдрийн үнээг үржүүлдэг.

Мөн хонь, ямааны сүүнд хортой уураг байхгүй харин дан кэйсийн А-2 уурагтай тул хамгийн найдвартай сонголт нь хонь ямааны сүү.

АНУ мөн Европ зэрэг аж үйлдвэрийн дараагийн үеийн орнуудад Кэйсийн А2 хэмээх уурагтай, хүний эрүүл мэндэд хоргүй сүү өгдөг үхрийн үүлдэр нь Jersey, Brown Swiss und Guernsey гэсэн. Италийн моцарелла бяслаг хийхэд сүүг нь хэрэглэдэг одос үхэр бас орох байх аа гэж бодно. Монгол үхэр мэдээж орно. Монгол үхэр, сарлагийнхаа үүлдрийг аль болох цэврээр нь байлгах хэрэгтэй нь үүнээс илт харагдаж байна.

Монгол таван хошуу малынхаа үүлдэр угсааг цэврээр нь хадгалаж авч үлдэх тухайд одоо болтол төрийн бодлого, зохицуулалт байхгүй, хэрэглэгч нар нь ч энэ хичнээн чухалыг мэдэхгүй байгаа нь монголчууд мөнгөний донд сохорч гүйлдээд амин чухал зүйлсээ умартсаны шинж. Биополитикийн шуурганд уруудаж яваа хүн сүрэг. Үүнд нэг их маш нарийн судалгаа хэрэгтэй байна бла бла бла гэх инээдтэй яриа, эргэлзээ огтхон ч хэрэггүй. Энгийн эрүүл ухаанаар бодоод үз. Энэ хатуу уур амьсгал, бэлчээр нутагтаа дасан зохицож эволюцийн хуулиар хөгжиж шалгарч ирсэн монгол малын үүлдрээс өөр өлзийтэй үүлдэр монголд байхгүй.
Монгол ноолуурын ямааг ангор ямааны ухнатай эрлийзлжүүлж энэ тансаг ноолууртай үүлдрээ хамгаалж чадаагүйгээс ноолуурны чанар нь муудсан.

Хонь ч мөн адил мирнус буюу мерино хонины хуцтай холилдуулснаас болж өвөл онд орж чаддаггүй, мах нь амт чанаргүй эрлийз малтай болсон.

Наадамд уях гэж гадаад азарга гүүтэй эрлийзжүүлж монгол хурдны адууныхаа удам угсааг таслах аюултай тоглоомоор наадаж буй.

Монгол үхрийн удмаа хар шар тарлан үхрийн цусаар бузарлаад одоо чихрийн шижинтэй, зүрх судас, үе мөчний өвчинтэй болгодог кэйсийн А1 уурагтай сүү цагаан идээнд олноороо хохирч түүнийгээ ч огт мэдэхгүй мөнгө мөнгө гээд л шогшоод явж байгаа. Ийм олноороо чихрийн шижинтэй болж буйн гол буруутан нь хар шар тарлан үнээний сүү бөгөөд дан ганц амьдралын буруу хэвшил биш юм. Зуун жилийн өмнөх настай хүмүүс хэрвээ энэ явдлыг харвал үр удмаа мөн л хятадтай эрлийзжсэнээс болж монголдоо элэг буруу үйлс хийх болсонд ой гутах биз.

Манай улс орны газар доорхи болон дээрхи баялагт шунасан гадны хүчнүүд олон нийтийн сохор шуналыг дэвэргэж, хооронд нь муудалцуулж, өрсөлдүүлж, боловсролыг сүйрүүлж, эрүүл мэндийг нь хорлож, сэтгэл зүйг нь самарч, нийгмийг нь гэмт хэргийн сүлжээнд хэрж авах ажиллагаа явуулсан даа. Гэлээ гээд энэ бүхнээс өөрсдийгөө хамгаалж мэдэхгүй, бие биедээ хүнийрхүү ханддаг монголчууд өөрсдөө л хамгийн их буруутай. Гадны том хүчнүүд хичнээн буруутай байлаа гээд гол хариуцлага монголчуудын өөрсдийнх нь. Ямар сонголт хийсэн, юуг үнэт зүйлсээ гэж үзсэн, юуны төлөө завгүй гүйлдэж байгаа яг түүндээ таарсан үр дагаварыг өөрсдөө л үүрнэ. Эмгэнэлтэй нь үр хүүхэд нь үүрнэ. Тусгаар улс орон байх эсэх нь маш бүрхэг болсон доо, чааваас. Та нар ингэ тэг гэж мөнгө өгч байсан гадны хүчнүүд зовлонт үр дагаварыг нь өчүүхэн төдий ч үүрэлцэхгүй. Гагцхүү монголчууд өөрсдөө л.
Монголчуудад хүрж хэдэн зуун жил үйлчилж яваа хар тангадын хараал: “Мэдэхийг бүү хүс. Мэддэгийг бүү дага.”

Хангин овогт Бат-Очирын Алтантуяа

 

Сэтгэгдэл үлдээх on Ийм олноороо чихрийн шижинтэй болж буйн гол буруутан нь хар, шар тарлан үнээний сүү

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.