Хүн амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах нь айл гэрийн соёл билээ. Нийслэл хотын иргэдийн 60 хувь нь хашаа байшинд амьдардаг ч орчноо ногоон болгож тухтай амьдарч байгаа айл олон. Тэдний нэг болох хашаагаа өөрсдийнхөөрөө тохижуулан, ногоон байгууламж бий болгон тухтай амьдарч байгаа айлыг энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна.

Бидний онцолж буй айл Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороонд амьдардаг Д.Дүнжиймаагийнх юм. Тэрбээр анх 2016 онд өөрийн хоббигоороо хашаандаа мод тарьж эхэлжээ. Хашаагаар ороход цэцгэн хээтэй ногоон хивс битүү дэвссэн мэт сэтгэгдэл төрж байв. Ногоон зүлгэн дээр төрөл бүрийн жимсний мод хашааны өнцөг булан бүрт тарьж, зарим нь үр жимсээ өгч ургацаа хэдийнэ хураасан гэж байлаа.

Мэдээж гэр хороололд эрүүл, тохилог орчинд амьдрах боломж нөхцлийг иргэн өөрөө бий болгодог. Д.Дүнжиймаа ч нөхөртэйгээ 2016 онд Өлзийт хороололд шилжин ирсэн цагаасаа хашаандаа тохилог байшин барьж, хашаагаа тохижуулах ажлыг тасралтгүй хийсээр өнөөдрийн зэрэгт хүрчээ.

Ингэхдээ хашаандаа модтой бас устай орчинг бий болгох үүднээс жижиг бассейн, усан оргилуур ч хийгээд амжсан байна. Энэ талаараа тэрбээр "Танд ч бас боломж байгаа учир үүнээс санаа аваад хийх боломжтой юм шүү" гэх үүднээс фэйсбүүктээ тавьсан нь олны анхааралд их өртжээ.

Д.Дүнжиймаа: Хүүхдүүд минь ирээд модон дунд усны чимээ сонсоод дураараа сэлж байх шиг жаргал үгүй

Ингээд хашаагаа ногоон орчин болгож тохижуулсан Д.Дүнжиймаатай цөөн хором ярилцлаа.

-Таны фэйсбүүк ойрд их ачаалалтай байв уу. Хүмүүс таны постны талаар сонирхсон сэтгэгдлүүд фэйсбүүкт нэлээн их харагдаж байна лээ?

-Хашааныхаа зургийг аваад фэйсбүүктээ оруулсан чинь миний фэйсбүүкийн хандалт маш их нэмэгдсэн. Би ингэж их хүн сонирхоно гэж бодоогүй. Гэтэл хүмүүсийн хандлага ямар ч гоё юм. Иргэд хашаандаа сайхан амьдрахыг эрмэлздэг болсон байна. Анх энэ талаарх постыг оруулсанаас эхлээд миний утас маш завгүй байх болсон. Өглөө, оройгүй л яаж хийсэн бэ. Ямар гоё юм бэ. Очиж үзье гэх хүмүүс холбогдож байна. Ирж үзэж ч байна. Миний пост 3000 гаруй шэйртэй болсон байна лээ. Ногоон байгууламжаа бий болгоод мод усан дотроо амьдрахыг хүн болгон хүсч байгаад баяртай байгаа.

-Мод тарих нь таны хобби юу?

-Сүүлийн үед хобби болоод байна. Эгч нь 35 жил тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хорооныхоо ахмадын хорооны даргын ажлыг хийдэг. Тэтгэвэрт гарсан ахмад настануудтайгаа их уулздаг. Тэдний ихэнх нь мод тарьж, газар тариалан эрхэлж амьдардаг юм. Тэгээд л би ч бас мод таръя гээд л мод тарих ажлаа эхлүүлсэн.

-Одоо танай хашаанд хэдэн төрлийн хичнээн мод байна вэ?

-Мод тарихаар зориглосон эхний жилдээ би 20-иод мод тарихад мод минь маш сайхан ургаж их урам авсан. Дараа жил нь 108 мод таръя гэж шийдсэн. 108 тоо бэлэг дэмбэрэлтэй тоо шүү дээ. Мод тарих нь буян юм. Олон мод тарихаар урт насалдаг ч гэдэг. Гэхдээ би 108 наслах гэж мод тариагүй л дээ. Тоог нь бэлэгшээгээд л 108 мод тарьсан. Ингэхдээ модыг өөрөө үрслүүлж тарьж үзлээ. Үрсэлгээ худалдаж авч тарьж үзлээ. Оросоос ч чавганы мод авчирч тарьсан. Тэгээд мод тарихад дурлаад ирэхээр ховор сонин мод харагдахаар авчирч тарьсаар одоо 28 төрлийн 128 модтой болсон.

Тэгтэл мод их ургуулахаар хашаагаа тохижуулах хэрэгтэй болдог юм билээ. Хашаагаа тойруулаад мод тарьж байгаа ч зохион байгуулалтыг хийж цэцгийн мандал тарьж, хөрсийг нь тэжээж зүлэг ногоог ч сайн ургуулсан. Үүний хүчинд манай хашаанд салхи салхилсан ч тоос шороо босдоггүй болсон.

-Ер нь хашаанд ямар мод таривал тохиромжтой вэ. Юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүн хашаандаа ямар ч төрлийн мод тарьж болно. Гэхдээ миний нэг алдсан зүйл нь эхлээд улиас улиангараа салхийг нь хааж тарих хэрэгтэй юм билээ. Тэгээгүйгээс шалтгаалаад модны ургацад их нөлөөлдөг. Үр жимсээ өгдөгөөр нь жимсний мод тарьвал их зүгээр санагддаг. Би тэхийн шээг, долоогоно, үхрийн нүд, чацаргана, тошлой, арнетик, хар чавга, усан үзэм, интоорын мод, гоёлын гацуур гээд 28 төрлийн жимсний мод тарьсан. Үүнээс гадна мандалын цэцэг, гүзээлзгэнэ хашаандаа тарьсан байгаа.

Мод тарихад хамгийн чухал нь усалгаа. Тэгэхээр усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Хашаандаа худагтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мод тарина гэдэг үнэхээр хэцүү. Мод нь хүнсний нарийн ногоо шиг өдөр болгон ус нэхээд байхгүй ч дөнгөж суулгасан суулгац модыг сайн услаж байх хэрэгтэй юм билээ.

-Танай хаалгаар дөнгөж орж ирэхэд л хамгийн түрүүнд энэ усан бассейн нүдэнд тусч байна?

-Манайх нэгэнт л усны асуудлаа шийдчихсэн учир түүнийгээ ашиглаад өөрсдөдөө болон үр, хүүхэддээ хэрэгтэй зүйл хийхийг хүссэн. Манай хүүхдүүд гэхэд л амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ голын эрэг дээр очиж хоол хийж амрахыг хүсдэг. Тэгээд би хэрэв эндээ ингээд жижиг бассейн хийчихвэл хүүхдүүд минь заавал гол руу явах шаардлагагүйгээр хашаандаа ирээд модон дундаа усны чимээ сонсоод үр ач нар минь усанд дураараа сэлж байх шиг жаргал байхгүй гэж бодож хийсэн. Гэхдээ би үүнийг ганцаараа хийгээгүй. Би санааг нь гаргаж нөхөр минь хийсэн.

Үүнийг хийхдээ их мөнгө зарцуулаагүй. Өөрсдөө чулуугаа түүгээд, ус нэвтрүүлдэггүй гялгар уут аваад, цементэлж хийсэн. Мөн уг бассейнаа цэвэрлэхэд хялбараар бодож хийсэн. Хүмүүс энийг яаж хийсэн талаар их сонирхож манайд ирж зөвлөгөө авч зургийг нь дарж явж байгаа. Одоо үед хүн бүр л хашаагаа сайхан тохижуулж сайхан амьдрахыг эрмэлздэг болж. Би ч тэдний энэ эрмэлзэлд маш их баярлаж байгаа. Шөнө орой байсан ч хамаагүй ирээд үзээд, зөвлөгөө аваарай гэдэг. Манайхыг зориод ирсэн хүн бүрт манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Х.Соёл ZALUUCOM.mn

Сэтгэгдэл үлдээх on Хашаагаа ногоон орчин болгож тохижуулсан Д.Дүнжиймаагийн туршлага

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.