МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү, эдийн засаг хөтөлбөрийн оюутан Ү.Батмагнайтай ярилцлаа.

Тэрээр хувийн гарааны бизнес эрхлэхээс гадна “NUM START UP” клубийг үүсгэн байгуулан ажиллаж байгаа юм. Мөн тэрээр хувьцаа, үнэт цаасны зах зээлийн хамгийн залуу тоглогч, Хөрөнгийн зах зээлийн академийг үүсгэн байгуулагч ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та “NUM START UP” клубийг үүсгэн байгуулсан. Яагаад энэ клубийг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодсон бэ?

-Клубээ байгуулахын өмнө бусад клубийн үйл ажиллагаатай нэлээд танилцсан. Тэгтэл бүгдээрээ л нэг хэвийн,  илтгэх урлаг, сайн дурын үйл ажиллагаа гэх мэт чиглэлийн клубууд. Тухайн оюутны чадварыг дээшлүүлэх мэргэжлийн клубийг би хувьдаа хайгаад олоогүй. Тиймээс “Num start up” клубийг нэгдүгээр курсийнхээ намар үүсгэн байгуулж байлаа. Бид энэ клубийг байгуулснаар Монголдоо “клуб” гэдэг ойлголтыг арай өөр төвшинд гаргаж ирсэн байх гэж боддог.

 -Танай клуб ямар чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Санхүүгийн мэргэжлийн сургалтыг ихэвчлэн зохион байгуулна. Мөн гарааны бизнесийн шинэ санаа гарган, клубийн гишүүдтэйгээ ярилцаад, төсөл болгон хэрэгжүүлдэг. Манай клубийн гишүүдийн гаргасан анхны “Start up”-ийн  шинэ санаа утасны аппликейшн. Одоогоор энэ нь "Play store” дээр тавигдах л үлдсэн.

-Таныг үнэт цаас, хувьцаа их сонирхдог гэж сонссон. Хэдий үеэс хувьцаа сонирхож эхлэв?

-Наймдугаар ангид байхаасаа л санхүүгийн чиглэлийн номууд уншиж эхэлсэн. Ном уншихаар аяндаа л “оролдоод үзье” гэсэн сонирхол төрдөг байлаа. Тухайн үед насанд хүрээгүй байсан учраас өөрөө хөрөнгийн зах зээлд тоглолт хийх хэцүү байв. Хувьцаа авах болгонд эцэг эхээсээ гарын үсэг хэрэг болно. Дараа нь би  17 насандаа Монголдоо хамгийн залуу хөрөнгө оруулагч болсон. “Апу”, “GOBI” зэрэг компаниудаас хувьцааг нь худалдаж авдаг байв.

-Наймдугаар ангиасаа хойш хувьцаанд хөрөнгө оруулсан гэж та хэллээ. Энэ хугацаанд ер нь хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ашиг олсон бэ?

-Нийтдээ гурван сая 300 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2017 оны арванхоёрдугаар сар хүртэл би жилийн дотор хоёр  сая төгрөгийн ашигтай ажилласан. 2017 оноос хойш  хувьцааны ханш жигд, нэлээд уналттай байж байгаад сүүлийн үед хэвийн болж байна.  Хөрөнгийн зах зээлд “зараагүй бол алдаагүй” гэдэг дүрэм үйлчилдэг. Өнөөдрийн хувьд би хувьцаагаа зарчихвал 500 мянган төгрөгийн алдагдал хүлээх магадлалтай байна.

-Урт хугацааны өндөр өгөөжтэй байх ямар компаниудын хувьцааг хэр худалдаж авсан бэ? Ирээдүйд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд хийх үү?

-Мэдээж, ирээдүйд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. “Арилжаачин” хүний хувийн төлөвлөгөө гэж байдаг. Урт хугацаанд ашиг өгөх компанийн хувьцааг олон жилээр харж авах уу, эсвэл богино хугацаанд хурдан эргүүлдэх хувьцааг сонирхох уу гэдэг нь арилжаачин хүний хувийн төлөвлөгөөнөөс хамаарна.  Арилжаа бол ханшийн зөрүүнээс ашиг олох үйл явц. Би хувьдаа гурван жилээс дээш харж хувьцааг худалдаж авч, хөрөнгө оруулалтаа хийдэг. Мөн ирээдүйтэй компаниуд руу алсын хараагаа чиглүүлээд явж байна.

-Хувьцаанаас олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлөхөөс гадна юунд зарцуулдаг вэ?

-Академийнхаа үйл ажиллагаанд зарцуулна. Ер нь  урсгал зардал их байхаар төлөвлөж байна. Олсон ашгийнхаа 50-иас дээш хувьд нь ахиад хувьцаа худалдаж авч, хөрөнгө оруулалт хийдэг. Мөн өнгөрсөн жил нэгдүгээр курст байхдаа олсон ашгаасаа арванхоёрдугаар ангийн дүү нарынхаа ЭЕШ-ын бэлтгэлд нь зориулж, 1000 гаруй номыг нэг сая 400 орчим мянган төгрөгөөр худалдан авч, хандивласан. Ирэх жил ахиад үргэлжлүүлээд явна гэсэн зорилготой байгаа.

-Та анх хувьцаа худалдаж авах мөнгөө хаанаас хэрхэн олсон бэ?

-Арван жилээ төгсөөд БНСУ-д зуныхаа амралтаар ажиллаж суурь хөрөнгө оруулалтаа босгож байлаа. Миний хувьд их сургуульд ороод одоогоор ямар ч тэтгэлэгт хамрагдаагүй. Гэхдээ би эцэг, эхдээ "сургалтын төлбөр" гэж хэлж үзээгүй.

-Ер нь яагаад  хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон бэ?

-Багаасаа л “баян хүн” болно гэж боддог байсан одоо бол их өөрчлөгдсөн. Үнэт цаас, хувьцааны сонирхолтой түүхийг судлахаар хадгаламжаас илүү ашигтай хөрөнгө оруулалтын боломжийг олгож байгаа юм.

-Хувьцаа худалдаж авахдаа та юуг анхаардаг вэ?

-Хувьцаа худалдан авахад шинжилгээ чухал ядаж тайлан баланс унших санхүүгийн харьцаануудыг ойлгох зэрэг нь наад захын зүйл. Одоохондоо мэргэжлийн суурь болон техникийн шинжилгээ хэрхэн хийх тухайд суралцаж байгаа.

-Таныг мэргэжлийн ахисан төвшинд ажиллах академи нээх гэж байгаа гэж сонссон. Хэдэн хүнтэй хамтарч академиа нээх гэж байгаа вэ?

-Би дөрвөн найзтайгаа нийлж энэ академийг байгуулах гэж байгаа. Бидний хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгтэй болсон. Харин одоо цаашдаа хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Санхүүгийн зах зээлийг тогтвортой болгох, илүү томоор сэтгэвэл улсынхаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гэсэн амбици бол байгаа. Тиймээс хөрөнгийн засаглалыг мэргэжлийн болон стратегийн төвшинд гаргах зорилгоор энэхүү академийг нээж байгаа юм.

-Мөнгөө өсөж байгааг  хэрхэн харах вэ. Хувьцааны ханш хэлбэлзэж байхыг хараад л сууж байх уу?

-Хувьцааны ханш хэлбэлзэхийг харна. Арван цагаас нэг цагийн хооронд арилжаа явагдаж эхэлнэ. Өнөөдрийн хувьд 25 минутын өмнө хувьцаа хаагдсан байна. Хөрөнгийн зах зээлд тоглолт хийхэд суурь зарчим нь маш энгийн хувьцааг хямдхан байхад нь аваад үнэтэй болохоор нь зарж ашиг олно.

-Хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа хүмүүс хамгийн эхэнд ямар алхмыг хийх хэрэгтэй вэ?

-Эхлээд мэргэжлийн брокертэй уулзах хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүс хүссэн асуулт бүрт чинь хариулна. Мөн Хувьцаа ямар ашигтай вэ? гэх мэтийн номуудыг унших нь зөв. Тэдгээр номонд “Хувьцаагаа яаж авах вэ?”, “Яаж ашиглавал ухаалаг хөрөнгө оруулалт болох вэ?”, “Дэлхийн баян хүмүүс хэрхэн баян болсон бэ?” гэдгийг цэгцтэй тайлбарласан байдаг.

-Танай клуб үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хэр олон хүнд хүрч ажилласан бэ?

-Давхардсан тоогоороо МУИС-ийн 600 гаруй оюутан, өөр сургуулийн 200 гаруй оюутанг хөрөнгийн зах зээлийн сургалтад хамруулсан. Бусад зохион байгуулсан үйл ажиллагаануудад маань олон мянган оюутан хамрагдсан. Ер нь клубт орсноороо оюутнууд хичээл дээр сурч чадахгүй маш олон зүйлийг мэдэж авдаг наад зах нь хүнтэй яаж харьцах вэ гэдгийг сурдаг. Одоогоор манай клубийн идэвхтэй гишүүдийн тоо 70 орчим байна.

-Өөрийн тань үүсгэн байгуулсан академи одоо ямар үе шатандаа явж байна вэ?

-Бид өөрсдөө хэрхэн судалгаа, шинжилгээ  хийх вэ, хэрхэн ахисан төвшний мэдлэгтэй болох вэ, ямар ном зохиолууд унших вэ, юунаас суралцах вэ гэдгээ нарийн  төлөвлөж байна. Мөн нөгөө талаасаа бид хэрхэн хүмүүст хүргэх вэ, сургалтаа хэдэн үе шатаар явуулах вэ зэрэг асуултуудад төвлөрч ажиллаж байна. Академийн нэрийг бид “youngster investor” буюу "Залуу хөрөнгө оруулагч" гэж өгсөн.  Бид энэ нэрэн дээрээ тогтох уу. Энэ нэр хүмүүст дасах нь уу, үгүй юү гэдэгт эргэлзээтэй байгаа.

 -Та “старт ап” клубээсээ гадна өөрийнхөө хувийн гарааны бизнесийг эхэлсэн. Таны бизнесийн тухайд?

-Амжилттай хүмүүсийн түүхийг уншихаар ихэнх нь сургуулиасаа эхэлсэн хэдий ч заавал нэг мэргэжлийн хөтөлбөрт, сургалт семинарт оролцсон байдаг. Тэгээд миний хувьд сургуулиасаа гараад "Старт-Ап" гарааны бизнесээ хөөнө гэдэг бол эрсдэлтэй зүйл. Тиймээс анх нэгдүгээр курст байхдаа яагаад сургуульд байхдаа гарааны бизнес эрхэлж болохгүй гэж? гэсэн бодол төрж байсан. Миний гарааны бизнес бол шар сүүг дахин боловсруулалт оруулж, хэрэггүй бодисыг нь гарган авч, кофе шиг нунтаг болгоод бусад зөгийн бал, чацаргана гэх мэтийн зүйлүүдтэй хольж, шинэ бүтээгдэхүүн гаргаж авах юм. Манайхан  шар сүүг ямар ч ашиглалтгүй хаяж байгаа. Шар сүүг асгаснаар хөрсөнд муугаар нөлөөлдөг төдийгүй, хэрэггүй бодисуудыг нь ихэсгээд, тухайн газарт өвс ургахгүй болдог. Шар сүү бол уургийн агууламж ихтэй. Харин  бид шар сүүг шууд хэрэглэж болохгүй байгаа шалтгаан нь “Латоз” гэх бодис. Тэр бодисыг 100 хувь эко аргаар өндөгний хальс ашиглан бодис болгон авснаар шар сүүг хүний биед 100 хувь хэрэгтэй бодис болгон авч байгаа юм. Шар сүүг уухад бие махбодод илрэх ямар ч хариу урвал байхгүй болно гэсэн үг. Анхныхаа таван сая төгрөгийн санхүүжилтийг амжилттай татаж чадсан.  Бид үүгээрээ  цаашдаа эм гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Мэргэжлийнхээ хүрээнд өөрийнхөө ирээдүйг хэрхэн харж байна вэ.  Маш том бизнесмен болно гэж харж байна уу?

-Би макро төвшний зүйл сонирхох дуртай. Жишээлбэл, нийт улсын төсвийн бүтцийн тухайд ч юм уу. Тиймээс би Сангийн яаманд ажилд орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн хувийн хөрөнгө оруулалтын компаниа байгуулаад давхар ажиллаад явна.

-Таны тодорхой хэмжээний амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн бэ?

-Миний хувьд хүний амьдарч буй орчин нөхцөл гэдэг хамгийн чухал гэж боддог. Бага байхад эцэг, эх маань надад маш олон ном авч өгдөг байсан. Одоогоор би 300 гаруй номтой номын сантай. Тэд надад юмыг өөрөөр сэтгэх, бүтээлч сэтгэхүйтэй байх зэрэг маш олон боломжийг олгосон. Би энд нагац ахыгаа зориуд дурдмаар байна. Түүнээс их үлгэр дууриалал авч, их зүйлийг суралцдаг.

-Бусад оюутан залуустаа хандаж юу гэж хэлэх вэ? 

-Өөрийнхөө сонирхолтой зүйлдээ цаг хугацаагаа зориулаарай.

-Ярилцсанд баярлалаа.

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on Монголын хамгийн залуу хөрөнгө оруулагч 18 настай Ү.БАТМАГНАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.