Өлгөц

Шашин, ёс уламжлалаа мартаад олон арван жил болсон Монголын ард түмэн сүүлийн 20 гаруй жилд шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэх гэж төрөлдсөөр л явна. Цас ханзарч, цаг наашилдаг хаврын өдрүүдэд Эрдэнэтийн иргэд урд, хойд уул руу алхаж, агаар салхинд гарсаар байна. Энэ явцад орчин тойрноо ажихад овоо бүхэн хадганд дарагджээ. Өнгөрсөн жилийн хадагнуудын зарим нь газар унаж, хогон дунд хийсч харагдана. Эдийн дээд хадаг, хийморь сэргээх нигуртай хийморийн дарцаг ийнхүү хогон дунд олноороо хөсөр хэвтэхийг харах бүрт харамсалтай санагдана. Тиймээс монголчууд бид ер нь овоонд юу өргөж болох, болохгүй талаар учир мэдэх хүнээс лавлаж, үнэний мөртэй тэрхүү мэдээллийг иргэддээ хүргэе гэж бодлоо.

Энэ тухай Орхон аймгийн Сүсэгтний холбооны тэргүүн, зурхайч, зохиолч Д.Пүрэв ийнхүү ярьж байна.

-Овоонд эрт дээр үед эмэгтэй хүн бараг гардаггүй, харин сүсэглэж гарсан эрэгтэй хүн овоонд зөвхөн чулуу л нэмдэг ёс заншил байсан. Ингэхдээ “овооны их нь тандаа, олзны их нь наддаа” гэх билэг ерөөлийн үг хэлж мөргөөд хүслээ бодон залбирдаг ёсон бий.

Хадаг өөр өөрийн зориулалттай. Хадгийг багш, аав ээж, худ ураг, анд нөхөд, ихэс дээдэст өргөн барьдаг гээд маш их хүндэтгэлтэй зан үйлд л хэрэглэдэг эд шүү дээ. Хадгийг эдийн дээд хэмээн билгэддэг учраас овоонд огт өргөдөггүй. Таван өнгийн хадгийн билгэдэл гэж бий. Улаан хадаг гэхэд зарлиг дагадаг. Дээдсээс буусан лүндэн зарлигийг ард олонд дуулгахдаа улаан хадаг дагуулдаг ёс бий. Ногоон хадгийг лусад тавьдаг. Өөрөөр хэлбэл, газар гуйж авахад ногоон хадаг өргөнө. Хөх хадаг нь мэнд мэдэлцэхэд хүндэтгэлийн дээд болгон хүмүүс хоорондоо хэрэглэдэг болохоос хаа хамаагүй газар уяж орхидог зүйл биш. Хүний аж амьдралд хэрэглэгддэг бүх эд зүйлсийг төлөөлөх билгэдэлтэй учраас хадгийг эдийн дээд хэмээн өргөмжилдөг. Тийм дээдийн зүйлийг дээдэлж л явах ёстой болохоос овоо болгон дээр аваачиж зүүгээд хогон дунд хийсгэдэг ёс байхгүй.

Хийморийн дарцаг гэхэд 4 өнгөтэй, 4 махбодиор билгэддэг бөгөөд 12 жилд ивээлээр нь хуваадаг. Хийморийн дарцгийг дээр үед гэр орныхоо гадаа л хийсгэдэг байсан. Луу, хулгана, бич 3 гэхэд ивээл бөгөөд хөн өнгийн хийморийн дарцагтай байх жишээтэй. Тэгтэл луу жилтэй хүн тэр дарцгийг гэрийн зүүн урд зүгт, бичин жилтэй хүн гэрийн баруун зүг буюу өрхний баруун хөл дор хийсгэдэг. Хулгана жилтэй хүн хойд зүг буюу өрхний хойд хөлд хийморийн дарцгаа хийсгэдэг учир бий.

Хадаг, хийморийн дарцаг дээр үед өнөөгийнх шиг ийм элбэг байгаагүй. Одоо дэндүү элбэг дэлбэг болсон учраас хэн дуртай нь хэд хэдээр нь аваад аль дуртай газраа уяж, сэтгэлээ аргаддаг сонин зуршил бий болсон байна. Ер нь хадаг, хийморийн дарцгийг ингэж учир утгагүй, мухар сүсгээр буруу хэрэглэх нь хожмын үед алдас болно.

Сайн үйлийн үртэй явбал өөрт сайнаар нөлөөлдөг, буруу муу зүйл хийгээд байвал хожим өөрт ямар нэг хэмжээгээр муу үйлийн үр дагавартай байдгийг мартаж болохгүй.

Манай улс хүн судлалын ухааныг бүрмөсөн хөсөр хаясан. Хүн судлалыг хөгжүүлэхгүй байгаа учраас энэ цаг үед хүмүүс үнэндээ оюуны хоосролд орж байна. Энэ нийгмийн эрхэм дээд зүйл нь хүн шүү дээ. Хүн л нийгмийг хөгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж буян хишгийг нь хүртэж урагшилж яваа. Гэтэл тэр гол хүчийг судлахгүй хаячихсан. Хүн судлал гэдэг нь хүнийг яаж гэгээрүүлэх, яаж эрүүл байлгах тухай ухаануудаас бүрддэг. Түүний уламжлагдсан ёс нь зан заншил байдаг. Гэтэл өнөөдөр монголын эрт дээр үеэс уламжлагдсан зан заншлыг мэддэг, ярьдаг хүн бараг алга.

Хүнээ хөгжүүлэхгүй, мэдлэг оюуныг нь тэлэх соён гэгээрүүлэх ажил хийхгүй байгаа учраас хүмүүс аливаа зүйлийн талаар төгс мэдлэг мэдээлэлгүйгээс болоод уул овоо болгонд мөргөж, хүссэн уул, талдаа суврага босгож байна. Суврага олон барьснаар сайн болохгүй. Суврага бүхэн өөр өөрийн адис жанлавтай, аюултай, ач холбогдолтой байдаг.

Ард иргэдийг үеийн үед гэгээрүүлж, уламжлалт ёс заншлыг нь өвлүүлэх учиртай шүү дээ. Гэтэл өнөөдөр тийм ажил огт хийгдэхгүй байна. Хэн дуртай нь шар дээл өмсөөд лам гэгддэг болж. Лам болсон хүн нь юу дуртайгаа хүмүүст хэлж, зааж өгдөг болсон байна. Энэ бүхэнд энгийн ард иргэд, сүсэгтэн олон огт буруугүй. Хамгийн гол нь Монголын төр, засаг шашныг бодлоготойгоор хөгжүүлж, сэргэн мандуулалгүй зүгээр л чөлөөтэй орхичихсон. Үндсэн хуулинд “төр, шашин хоёр бие биеэ хүндэтгэнэ” гэснээс өөр ямар ч өөрчлөлт, бодлогын үйл ажиллагаа хийсэнгүй. Төр нь ард иргэдийнхээ шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд ийм хайхрамжгүй хандсан учраас шашин сэргэх нэрээр өмнө нь дарагдаж байсан муу бүхэн түгэн дэлгэрсээр байна. Сүүлдээ бүр лам нарыг мэдлэг чадвараар нь ялгах аргагүй болж, шар дээл улаан орхимжтой хүн болгонд ард иргэд мөргөж сүсэглэдэг эмгэнэлтэй байдалд орлоо. Тэд сүсэглээд ирсэн хүнд зөв, буруугийн учир начрыг тайлбарлан таниулах биш “овоонд очоод хадгаа зүү, дарцгаа хийсгэ” гээд явуулаад байхаар уул овоо болгон хадгаар дүүрэхээс яахав. Үнэндээ бол өнөөдөр монголын ард түмэн шашин хэрхэн шүтэх учраа мэдэхгүй, мухар сүсгээр л явж байна шүү дээ. Тиймээс тэд усны гүүр, гарц, уул, овоо болгонд хадаг зүүгээд л яваад байна.

Хадагнаас гадна сүүлийн үед овоон дээр таяг их тавьдаг болж. Хөл эдгэлээ гээд овоон дээр таягаа тавьдаг ёс хаана ч байхгүй. Энэ бас л мухар сүсэг. Түүнийг хэсэг хүмүүс цэвэрлэж байгаа нь энэ гээд бензин цацаж шатаагаад л. Баян-Өндөрийн овоог тэгж шатаасан. Шүтээн уулынхаа овоог шатаадаг ёс хаана байна.

Уул овоонд сүү огт өргөдөггүй, харин цайны дээж өргөдөг уламжлалт ёс бий. Гэхдээ ямар ч савдагтай уул байсан гэлээ давсгүй хар цайг дуртай хүлээн авдаг нигуртай гэж ярилаа.

1937-1939 онд оюуны сор болсон олон зуун лам нарыг хоморголон устгаснаас болоод Монголын уламжлалт ёс заншлыг хэлдэг, ярьдаг хүнгүй болж хойч үеийн монгол түмэн ёстой л “ойд төөрсөн сармагчин” лугаа явсаар өнөөдөртэй золгож байна. Тиймээс бид учир мэдэх хүмүүсийн яриаг сонсож, тунгаан, шашин мөргөлийн зан үйл хийхдээ нэгийг ухаарах цаг болсон байна. Овоон дээр хадаг өргөж, хийморийн дарцаг хийсгэх ёс заншил байхгүй, овоонд зөвхөн чулуу тавьдаг ёсон бий гэдгийг Танд энэ удаа ойлгуулахыг хичээлээ. Эдийн дээд хадаг, хийморийн дарцаг хогон дунд хөсөр хэвтэхийг харах нэг л тааламжгүй...

ERDENETINFO.MN

Сэтгэгдэл үлдээх on ОВООНД ХАДАГ ТАВЬДАГГҮЙ, ЗӨВХӨН ЧУЛУУ ӨРГӨДӨГ ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.