Өөрийн сонирхлыг амжилттай бизнес болгож чадсан Д. Одгэрэл бүсгүйн бизнесийн гараа, амжилтын талаар бид хуваалцаж байна. Солонгос улсад хүүхдээ өсгөх 3 жилийн хугацаандаа гар урлалын клубын сургалтанд сууж, цаасаар чимэглэлийн зүйлс хийхийг шимтэн сонирхсон нь түүний шинэлэг, амжилттай бизнесийн санаа болсон юм. Одоо тэрээр өөрийн гэсэн худалдан авагчидтай болж, томоохон рестораны чимэглэл хийх захиалга авч чаджээ.

Цаасан бүтээлүүд

Сайн байна уу, таны биүтээлүүд сонирхолтой харагдаж байна шүү. Цаасан урлалын бизнес эрхлээд удаагүй байгаа ч хүмүүс бүтээлүүдийг чинь их сонирхож байгаа харагдана. Юуны өмнө, Цаасан урлалаа анх хаана сурч байв энэ талаараа бидэнтэй хуваалцаач ?
- Солонгост ажиллаж байхдаа сурсан л даа. Тэнд янз бүрийн гар урлалын клубүүд байдаг. Тэр клубүүдээс цаасан урлалын клуб их сонирхолтой санагдсан. Тэгээд цаасаар бэлэг дурсгал, чимэглэлийн зүйлс хийдэг тус клубэд 7 хоногийн 50 мянган воноор сурсан. Тухайн үедээ хүүхдээ хараад гэртээ сууж байсан болохоор зүгээр суулгүй сурахаар шийдсэн л дээ. Ерөнхийдөө технологийн аргачлалыг нь сураад цаашид бүтээл болгох тал дээр өөрөө бие даан ажилладаг байсан. Цэвэр сонирхлынхоо хүрээнд өөрийн хийхийг хүссэн зүйлсээ хийгээд. Тэгээд нэг мэдэхэд энэ урлал миний хобби болж, цаг гарвал л оролддог ажил маань болсон гэж болно.

Тэгэхээр, харь нутагт зүгээр ч нэг ажлаагүй сурсан зүйл ихтэй иржээ. Анх бизнес болгох санаа яаж төрөв ?
- Эх орондоо ирээд цаасан урлалаа хийхээ үргэлжлүүлсэн. Тэгээд хүн үзүлэхээр өөрийн хэдэн бүтээлтэй болсон. Бүтээлүүдийг маань ч хүмүүсийн сонирхлыг татаж эхэлэсэн нь надад ч бүтээлээ үргэлжлүүлэх шинэ санаа, урам өгч эхэлсэн гэх үү дээ. Ингээд л бүтээлээ арвижуулсаар, хүмүүсээс ч захиалга авч эхэлсэн. Ер нь бол сонирхол маань яваандаа бизнес болж болох юм байна гэдгийг ойлгож, цаасан урлалаа нилээд эрчимтэй үргэлжлүүлэхээр шийдсэн. Өөр ажил төрөл гэлтгүй, урлангаа эрхлэх зорилготой болсон шүү.

Анх бүтээлээ аль хэдийн хэрэглэгчдэд хүргээд амжжээ. Ер нь бүтээлээ борлуулж эхэлснээс   хойш ашиг хэр өсч байна вэ ?
- Би энэ 6 сараас л бизнес болгон, хүмүүсийн захиалгаар хийж эхэлсэн. Наадмаар мөн нилээд бүтээл борлуулсан. Сая үзэсгэлэн худалдаануудад оролцох гээд бүтээлүүдээ борлуулаагүй л дээ. Хийсэн бүтээлүүдээ үзэсгэлэн худалдаанд дэлгэх гээд цуглуулаад байлаа. Энэ хугацаанд хувь хүмүүсээс захиалга авахын хажуугаар томоохон 2 ресторанаас дотоод чимэглэл хийх захиалга авсан байгаа. Цаашид ч бизнес маань өргөжих ирээдүй харагдаж байгаа шүү.

Бүтээлүүд чинь цаасан гэхээргүй өвөрмөц харагдах юм. Цаасан гэхээр жирийн цаасаар уу, эсвэл өөр төрлийн цаас уу ?
- Ер нь бол солонгосоос оруулж ирсэн тусгай цаас ашигладаг л даа. Зарим тохиолдолд сонингийн цаас бас ашиглаж байгаа.

Чиний хэлж байгаагаар, хаягдал цаас ашиглах боломжтой гэсэн үг үү ?
- Одоогоор хаягдал цаас ашиглаж борлуулж үзээгүй байна. Яахав цаасан урлал маань ерөнхийдөө тухайн зориулалтын тусгай цаасаар хийвэл илүү тохиромжтой байдаг л даа. Цаашдаа мэдээж, хаягдал цаасаар борлуулах бүтээлээ хийх санаа байна. Түрүүн би хэлсэн сонингийн цаас ашиглаж үзсэн гэж. Сүүлд хаягдал хуванцараар чимэглэлийн бүтээл хийж үзсэн, энэ талаар ч бодсон зүйл байна.

Цаашдын төлөвлөгөө мэдээж байгаа байх ?
- Тиймээ, бизнесээ мэдээж өргөжүүлэхээр төлөвлөж байна. Дээр нь дүүрэг болгон дээрч юм уу, цаасан урлалын дамжаа нээх бодолтой байгаа. Ер нь бол сургалт, цаашлаад клуб хэлбэрээр ч явуулах боломжтой л доо. Клубд байгаа материалыг ашиглаад хүмүүс бүтээлээ хийгээд, борлуулдаг ч юм уу. Ер нь бодсон зүйл их байна шүү.

Чи сая цаасан урлалын бизнес чиний амьдралд том өөрчлөлт авчирсан гэж байсан. Яг ямар өөрчлөлт авчирсан талаараа манай уншигчидтай хуваалцаж болох уу?
- Тиймээ, ер нь бол солонгос улсад жирийн л зөөгч, борлуулагчийн л ажил хийдэг байсан. Харин одоо бол өөрийн бизнестэй болсон. Өөртөө итгэлтэй болж, хийж байгаа зүйлдээ их сэтгэл хангалуун байдаг. Сонирхол маань миний амьдралд том өөрчлөлт авчирсан шүү.
Таны бизнест амжилт хүсье
- Баярлалаа.

Цаасан урлалын бизнесээ эхлээд 3 сарын хугацаанд өөрийн гэсэн захиалагчтай болж чадсан Д. Одгэрэл бүсгүй өөрийн бүтээлээрээ Улаанбаатар Түншлэл – 2012 үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг Шинэ Бүтээгдэхүүн”-ий шагналыг хүртсэн.

BIZGIUDE.mn

Сэтгэгдэл үлдээх on Сонирхол маань миний амьдралд том өөрчлөлт авчирсан

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.