Шинэ ертөнц, соёлыг таньж мэдэх, шинэ хүмүүстэй танилцан, боловсролоо дээшлүүлж, карьерээ өсгөх зорилгоор гадаадад суралцахаар төлөвлөж байна уу?  

Тэтгэлэг авахад ажлын туршлага дутаж, шалгалтын оноо хүрэлцэхгүй, хувийн зардлаараа сурах нь зардал өндөртэй мэт санагдаж байвал тэтгэлэггүйгээр гадаадад суралцахад өртөг хамгийн хямд, боловсролын чанарын хувьд боломжийн 6 орныг энэ удаад танилцуулъя. 

QS судалгааны байгууллага 2019 онд 20 мянган гаруй оюутныг оролцуулсан судалгаанаас:

  • Шинэ соёлыг таньж мэдэх боломж
  • Карьерээ өсгөх
  • Адал явдал эрэлхийлэх боломж
  • Мэргэжлийн хүрээнд нетворкинг үүсгэх бололцоо
  • Боловсролын чанар
  • Виз олгох өртөг зэрэг үзүүлэлтээр эдгээр орнуудыг эрэмбэлжээ.

#Тайланд

Өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгалиараа алдартай Тайланд улсаар жагсаалтаа эхлүүлье. Жил бүр сая сая үүргэвчтэй аялагч энэ орныг зорьдог нь амьдрах өртөг хамгийн хямд байдагт оршино.  Сарын амьжиргааны дундаж өртөг 400-450 ам.доллар. Энэ бол АНУ, Испани, Канад, Австралитай харьцуулахад харьцангуй хямд юм.

Түрээсийн байр 60-400 ам.доллар хүрнэ. Оюутнууд сард хүнсэндээ дунджаар 30 ам.долларын зарцуулдаг аж. Сургалтын төлбөрийн хувьд сургуулиас хамаараад харилцан адилгүй ч магистрын зэрэг эзэмших бол улсын сургуулийн нэг жилийн төлбөр дунджаао 3-4 мянган ам.доллар гэнэ.

Магистрын зэрэгт 36 кредит үзэх ёстой ба хичээлийн жил нь 16 долоо хоногтой хоёр улиралтай. Нэгдүгээр улирлын хувьд долоодугаар сараас аравдугаар сар хүртэл, хоёрдугаар улирал нь арван нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Зуны амралт нь дөрөв, тавдугаар сард байна.

#Норвеги

Хэрэв танд Тайланд мэтийн далайн эргийн орны халуун цаг агаар таалагддаггүй бол сэрүүхэн цаг ууртай Норвеги улсыг санал болгоё. Норвеги нь чанартай боловсрол, амьдралын стандарт, үзэсгэлэнт байгалиараа дэлхийд танигдсан. Сонирхуулахад тус улсын их дээд сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг тул гадаадын олон сая оюутнууд энэ улсыг сонгох шалтгаан юм.

Хэрэв та цанаар гулгах мэт өвлийн спортод дуртай бол байгалийн үзэсгэлэнгээрээ жуулчдыг хуйлруулдаг энэ улсыг зориорой.

2019 оны QS World University ranking жагсаалтын шилдэг 500-д Норвеги улсын 4 их сургууль багтжээ. Бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад сурах чиглэл харьцангуй цөөн буюу 200 хөтөлбөр санал болгодог аж.

#Тайван

Тус улсын боловсрол зүүн өмнөд Азийн орнууд дундаа харьцангуй нэр хүндтэйд тооцогддог төдийгүй өртөг хямд. Тухайлбал шилдэг их дээд сургуулийн жагсаалтад 68-д эрэмбэлэгддэг Тайванийн үндэсний их сургуулийн жилийн сургалтын төлбөр нь 3 мянган ам.доллар байдаг гэнэ. Түүнчлэн англи хэл дээр хичээл заадаг 100-гаруй хөтөлбөртэй. Сарын амьжиргааны зардал, орон байрыг оролцуулаад 500-600 ам.доллар. Их дээд сургуулийн дундаж төлбөр  2-3 мянган ам.долларын хооронд байна.

#Малайз

Олон улсын оюутнуудад сурахад хамгийн тохиромжтой Азийн улс юм. Дэлхийн шилдэг сургуулиудыг эрэмбэлдэг судалгааны байгууллага QS-ийн жагсаалтаар нь Куала Лумпур нь олон улсын оюутнуудад хамгийн ээлтэй хот юм. Их сургуулийн дундаж төлбөр нь 3 мянган ам.доллар байх ба та эндээс хямд төлбөртэй сургууль олох боломжтой. Сарын амьжиргааны өртөг 400-450 ам.доллар байна. Мөн та Их Британийн Nottingham–ын их сургууль, Австралийн Monash их сургуулийн салбарт сургуульд суралцах боломжтой.

#Аргентин

Аргентин бол өмнөд Америкийн хоёр дахь том орон төдийгүй, олон улсын болон дотоодын оюутнуудад их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломжоор хангадаг цорын ганц улс юм. Боловсролын салбарт хийсэн хувьслын дараа англи хэл дээрх хөтөлбөрийг нэмэгдүүлснээр гадаад оюутнууд ихээр ирж суралцдаг болсон юм. Сонирхуулахад тус улсын бишрэм байгаль, соёлын ялгаатай байдал нь оюутнуудыг ихээр татдаг. Нэг сарын амьдрах өртөг  нь 400-450 ам.доллар байдаг аж.

#Өмнөд Африк

Соёлын олон талт байдал, олон төрлийн адал явдлыг эрэлхийлэх боломжтой, далайгаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт бүс нутагт гадаад оюутнуудтай мөр зэрэгцэн сурахад хамгийн тохиромжтой улс бол Өмнөд Африк юм. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй энэ улсад амьдрах болон сурах өртөг барууны орнуудтай харьцуулшгүй хямд. Дээрх улсуудтай харьцуулахад унаган англи хэлтэй тул та англи хэлийг эх нутагт нь очсоны дайтай эзэмших боломжтой. Дэлхийн томоохон компаниудын оффис, лаборатори байрлаж судалгаа, төслийн бааз болон хөгжиж буй нь гадаад оюутнууд энэ улсыг зорих шалтгаан юм. 

Түүнчлэн тус улс нь олон шилдэг сургуулиудтай. Тухайлбал, Cape town- хотын их сургууль дэлхийн шилдэг 200-д багтдаг бөгөөд жилийн дундаж төлбөр 2-3 мянган ам.доллар байна. Нэг сарын амьдрах  өртөг орон байр, хоол хүнс нийлээд дунджаар 600—700 ам.доллар аж.

LEAD.STYLE

Сэтгэгдэл үлдээх on Сурах өртөг хамгийн хямд ТОП 6 орон

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.