УЙЛАХ ДУУ

Эрүүл хүүхэд чанга тод уйлна. Хүүхэд гомдох, уурлах, өлсөх, чанга өлгийдөх, норох, өвдөх үйд уйлна. Уйлахад нүүр нь улайх ба хөхөрдөг. Заримдаа эрүү болон мөчдөд чичирхийлэл (тремор) илэрнэ. Хүүхэд тайвшрахад энэ шинж арилна. Эрүүл нярай хүүхэд хэзээ ч гиншиж уйлдаггүй. Зарим өвчин, эмгэгийн үед уйлах дуу өвөрмөц байна. Үүнд:

– Гэдэс дүүрэх, чих өвдөх, ивэрхий хавчигдах, гэдэс түгжрэх, мухар олгойн цочмог үрэвслийн үед хүүхэд гэнэт час хийн, хөлөө тийчилж, тайван бус болж уйлна.

– Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа дарангуйлагдсан үед нам дуугаар эмзэглэлтэй уйлна.

– Дутуу нярай, интубаци тавих үед дууны хөвч гэмтсэн, төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл, ургийн халдвар, хүнд өвчний үед сул гиншиж уйлна.

– Уцаарлангуй чанга уйлах нь мэдрэл-рефлексийн сэрэмтгий чанар ихсэх, хатуу хальсан доорх цус харвалт, тархины даралт ихсэх, тархи усжих, тархины эмгэгшилтэй хүүхдэд илэрнэ.

– Хамраараа гунших, хоолойгоо шахаж уйлах нь зөөлөн тагнайн булчингийн саажилт, дууны хөвч суларсантай холбоотой.

– Титэм судасны цусан хангамжийн алдагдлын үед хүүхэд гэнэт уйлж тайван биш болно. Тайвширсаны дараа хэсэг хугацаанд нүүр нь цайж, унтаа ноомой болдог.

– Хоолой сөөх, дуугүй болох нь амьсгалын дээд замын өвчнүүдийн үед төвөнхийн салст бүрхэвч, дууны хөвч гэмтэх, тагнайн хөшиг саажиснаас болно.

– Чимээгүй сул уйлах нь дуу гаргах эрхтний булчингийн сулралын үед илрэнэ.

– Миксидем /бүх бие хавагнах/ өвчний үед ер бусын сөөнгө, бүдүүн дуугаар уйлна.

NEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Таны хүүхэд уйлаад байна уу?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.