Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэлтэй ярилцсанаа хуваалцаж байна.

-Бурхандаа юу юугаар тахил өргөдөг юм бэ? Балин тахил гэдэг нь тусдаа зүйл тийм ээ.

-Бурхандаа өргөж байгаа бүгд тахил болно. Харин балин бол Бурхны зоог идээ юм. Энгийн хүмүүсийн хувьд тухайлбал, арвайн гурилаар бурхандаа балин өргөе гэвэл хуурай гурилаа тахилынхаа саванд хийгээд бурхныхаа өмнө тавьж болно.

Мэдээж тахилын сав тусдаа байх бөгөөд эвдэрч эмтрээгүй, хир тортоггүй, цэвэрхэн байна. Тэрнээс тусгайлсан тахилын сав гэж байхгүй. Танд юу байна тэрийгээ л хэрэглэнэ.

-Тахил өргөх тусгайлсан өдөр гэж байх уу?

-Байхгүй ээ. Өдөр болгон бурхандаа тахил өргөж болно. Тэр тусмаа дүйчэн өдрүүдээр хийсэн буян хэд дахин үржиж, тоолшгүй олон галвын цаана ч арвиждаг гэдэг. Өглөө босоод цай уухаасаа өмнө дээжийг нь бурхандаа өргөнө. Тэрнээс тусгайлан өргөдөг идээ ундаа гэж байхгүй. Хүн өөрөө юу хэрэглэж байна тэрүүгээрээ л тахил өргөнө. Харин бурхны номондоо бурхан, сахиус тус бүртээ өөр тахилтай бөгөөд үүнийг хийд оронд тахилч лам хариуцдаг. Гэхдээ тахилын дээд нь ус байдаг юм. Хүн, ургамал, амьтан гээд энэ дэлхий дээр оршин буй амьд организм бүрт усгүй бол амьдрал үгүй шүү дээ. Хүмүүс бидний хувьд гэхэд бие махбодын маань ихэнх хувь уснаас бүтдэг. Тийм учраас л тахилын дээд ус байгаа юм. Усан тахилыг хэдэн ч саваар, өөрийн хүссэн хэмжээгээр тавьж болно.

-Ямар хугацааны дараа усаа солих ёстой вэ?

-Заавал хонуулах шаардлагагүй. Жишээ нь өглөө босоод усан тахилаа тавилаа өдөр цай, хоол хийхдээ аваад хэрэглэж болно. Хэрвээ хэрэглэлгүй удсан бол мод, цэцэг гэхчилэн услачихаж болно. Тэрнээс тахилд тавьсан учраас өргөх ёстой гэсэн юм байхгүй. Бурхны өмнө тавьснаар бурхны адис жинлав шингэчихэж байгаа учраас ийнхүү өөрөө хэрэглэж байгаа юм. Өргөхдөө тийм сэтгэлээр өргөнө. Тэрнээс ёс төдий зүйл хийж болохгүй. Тэгээд усан тахилаа авсан бол саваа сайхан цэвэрлээд заавал хөмрүүлэн тавина. Бурхан тахил нэхэж байгаа учраас ус зөөх богинохон хугацаанд ч дээш харуулахгүй. Усаа хийхдээ гурван удаа дусааж хийнэ. Энэ нь өнгөрсөн цагт би үүнийг хийж байсан. Одоо хийж байна. Ирээдүйд ч бас хийнэ гэсэн утгыг агуулж байгаа юм. Бас Гончогсүм буюу лам гурван эрдэнэдээ өргөж байна гэсэн утгатай зэрэг олон янзаар тайлбарлах нь бий. Усаа хийж байхдаа амьтны тусын тулд энэ үйлийг хийж буйгаа мартаж болохгүй. Яагаад гэвэл тахил балин өргөхөд сэтгэл их чухал. Юуны тулд өргөж байгаа гэхээр цаад гол утга нь амьтны тус. Амьтны тусын тулд бид идэж уух юмныхаа дээжийг өргөж байна. Энийг өргөснөөр бурхан сахиус баярлаж, олонд ач ивээлээ хайрлаж, амьтан болгон гэгээрэх тэр үйлсийн тухайтад ийнхүү өргөж байгаа юм. Тэрнээс байртай болгож өгөөч, мөнгөтэй болгож өгөөч гэж энэ хорвоогийн элдэв юмыг бодож өргөхгүй

-Тахил өргөсний тус эрдэм юу вэ?

-Жишээ нь, янз бүрийн гай барцад, элдэв янзын өвчин эмгэгээс холдоно Ажил үйлс маань бүтэмжтэй сайхан болно. Өөрийн бие сэтгэл ариусна. Бас өвөг дээдэст маань ялгаагүй хоол унд нь болж тэтгэдэг. Газар дэлхий баясан, бидний нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй бирдийн амьтад бүгд ялгалгүй баясч, хооллон ундалж байдаг болохоор тус нэмэр нь хэмжээлшгүй байгаа биз.

Дээр үеийн хүмүүс шинийн нэгний өглөө шинэ хувцас өмсвөл нэг утас юм уу, жоохон өөдөснөөс нь галдаа эсвэл бурхандаа өргөдөг уламжлал байсан. Өөрөөр хэлбэл өөрийн эдэлж хэрэглэж байгаа зүйлийг бурхантайгаа хуваалцаж байна. Жишээ нь шинийн шинийн нэгний өглөө зул хүжээ өргөж, цайныхаа болон шинэ идээ будааныхаа дээжийг тавьж, даллагын уутны амсрыг онгойлгож тавина. Орой нь бурхны өмнө тавьсан тахилаа ахиад өөрчилж болно. Өглөө тавьсан дээжээ өдөр хэрэглээд, өдөр тавьснаа орой нь хэрэглэж болно. Тэрнээс тавиад мартчихна гэсэн үг биш л дээ. Дээр үед бурхны идээ гээд шагайтай шаант, өвчүү, толгой тавьдаг байсан нь бий. Тухайн орон нутгийн ёс заншил онцлог энд нөлөөлдөг.

-Зул өргөх нь тахил мөн үү?

-Ерөөс бурханд тавьж байгаа бүхэн тахил болно. Үүнээс цэцгэн тахил, усан тахил, арц хүж, зул, шалса /балин/-г таван тансаг идээ гэдэг. Үүнээс цэцэг нь арвай будааг төлөөлж байх жишээний. Энгийн хүмүүсийн тухайд таван тансаг идээг тавууланг нь нэг дор тавих албагүй. Усаар бүгдийг нь төлөөлүүлж болно. Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ. Энэ дэлхий дээрхи амьтай бүхэн усаар өсөж торниж байдаг. Усаар тариа будаа ургадаг. Шалсаг тариа будаагаар хийдэг шүү дээ.

Дээр үед монголчууд зулыг малаасаа гарсан өөх тосоор хийдэг байлаа. Энэ нь утга учиртай. Тухайн амьтнаас гарсан тосоор зул өргөж, тэр хийсэн зулынх нь гэрлээр өнөө амьтан дараа төрлөө ахиулна. Амьтад бол доод гурван төрлийн нэгэнд багтана шүү дээ. Тэрийг сайн төрөл дээшлүүлэхийн тухайтад гарсан өөх тосоор нь зул хийж байгаа юм. Нөгөө талдаа зул өргөж буй хүн нь урд өмнө хийсэн нүглээ наминчилж байгаа хэрэг.

-Зул өргөхдөө юуг анхаарах ёстой вэ?

-Гараа сайтар угааж, хир буртгаа арилгана. Мэдээж цөгцөө сайхан цэвэрлэсэн байна. Зулын гол болгож дэрсийг ашиглаж болно. Энэ нь байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашиглан тахил өргөж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болно. Бас хүн өөртэйгөө зүйрлэж болох юм. Зулын гол нь бидний тулгуур эрхтэн болох нуруу гэж бодож болно. Ингэж голыг хөвөнгөөр ороохдоо гурвантаа имэрч, жаргал, зовлон, жаргал, эсвэл түрүүн ярьсан цаг хугацааг бэлгэдэж орооно. Мөн бурхан Гончогсүмдээ /лам, ном, хувраг/ өргөж байна гэж ойлгож болно. Зулын гол хэт сул байж болохгүй. Бас хэтэрхий чанга байж болохгүй. Чанга, сул, бас хэтэрхий нарийн байвал зул шандана /шандуурна/. Энэ нь зул асах асахгүйн хооронд байхыг хэлж байгаа юм. Голоо цөгцөндөө тааруулан суулгах хэсгээрээ жаахан бүдүүхэн ороох бөгөөд ахиад нэмж болно. Тэгээд том, жижиг цөгцөндөө тааруулан, цөгцний амсраас дээш нэг тариан түрүүний дайтай байхаар тооцно. Өөрөөр хэлбэл нэг шүдэнзний толгойтой хэмжээтэй илүү гарна гэсэн үг. Тос нь хэт дүүрэн, эсвэл хэт дундуур байж болохгүй. Ялгаагүй мөн л цөгцийнхөө амсраас нэг тариан түрүүний хэмжээтэй дундуур байна. Энд нэмэхэд усан тахилын хувьд ч ялгаагүй. Нэг тариан түрүүний хэмжээтэй дундуур хийнэ.

Зул хийж байхдаа өөрийн сэтгэлд байгаа мэдэх тарниа уншиж болно. Тухайлбал, “Ум аа хум ум аа хум” гээд гурван удаа уншаад өргөхөд хангалттай. Хэрвээ мэддэг бол зул өргөхөд уншдаг тарнийг нь уншвал бүр л сайн. Хүн бүр цээжилчих тарни бол “Ум ба на бари суха” байна. Түүнээс цааш дөрөв, найман шадаар нь уншиж болно. Үүнд: “Дэлхий нийтэд сайхан гэрэл болж цацрах болтугай, тэр хийсэн буянаараа таны бие хэл сэтгэлд байгаа нүгэл хилэнц арилах болтугай” хэмээн орчуулагдана. Зул гэдэг бол гэрэл гэсэн үг шүү дээ. Хүний сэтгэлд байгаа мунхагийн харанхуйг арилгана гэсэн утгатай. Зул өргөж байхдаа өөрийнхөө мунхагийн харанхуйг арилгаж нүгэл хилэнцээ арилгаж байна гэж бодох хэрэгтэй. Тэрнээс хариу нэхэхгүй. Тэр бол тахил биш болно. Харин зулаа жаргаад дуусахаар үлдэх хогийг нь зүгээр хаяхгүй. Ил задгай хаявал өт болж амилдаг гэж ярьдаг учраас цуглуулж байгаад шатаана. Зул бариагүй үедээ цөгцөө доош харуулж тавина. Дээш нь харуулбал ахиад гуйж байна гэсэн үг.

-Зулын тоо нөлөөтэй юу?

-Мэдээж нөлөөтэй. Олон зул өргөх тусмаа л сайн. Гэхдээ аливаа балин тахилыг чин сүжиг, буяны сэтгэлээр өргөх хэрэгтэй. Хэрвээ чин сүжиг, буяны сэтгэлгүй бол 1000 зул бариад ч нэмэргүй.

-Зул өргөсний тус эрдмийг арай дэлгэрэнгүй дурдвал?

-Зул өргөсний тус эрдэм их л дээ. Энэ тухай судар номд, ертөнцөд зул мэт болно, нүдний мэлмий нээгдэнэ, буян нүглүүдийн номыг мэдэх болно, үл мэдсэн ба мунхгийн харанхуй арилна, билэг ухаан төгөлдөр болно, тэр орчлонд зорчих цагт мунхагт үл оршино, эд таваар арвижна, өндөр язгуурт төрнө, түргэнээ илт туулсан бурхан болно хэмээн байх нь бий.

Ер нь тэгээд өөрийнхөө бэлдсэн тахил балин, бурхан судраа өөрөө л сайхан аваад явчихвал хүн өдөр хоногоор сайжраад л явчихна. Өөрөө мэдэхгүй байж бусдыг даган дуурайхыг мухар сүсэг гээд байгаа юм. Бид чинь ямар хоол унд идэж, юу өмсөж зүүхээ хүнээр заалгадаггүй биз дээ. Өөрөө уншиж судлаад мэдчих юмыг хэн нэгний үгээр тэр болохгүй, энэ болохгүй гээд өөрийнхөө сайхан шүтээндээ өөрөө сэв хийгээд байх юм. Хэрвээ хүний хэлсэнээр нь сайхан байдаг бол бүх хүмүүс тийм байна шүү дээ.

-Таван тансаг идээний нэг нь арц байх нь ээ? Арцыг уугиулахад анхаарах зүйл байдаг уу?

-Арцыг зориулалтын сангийн бойпорт уугиулбал илүү тохиромжтой. Хүмүүс таглаан дээр уугиулж байгаа харагддаг. Тэгж болохгүй л дээ. Бурхны өмнө тавих гэж байгаа бол болж өгвөл өөрийн сэтгэлд нийцсэн сайхан шинэ, хир тортоггүй зүйлийг хэрэглэх нь зүйтэй. Энгийнээр тайлбарлахад бид гаднаас орж ирээд захын аяганд хоол ундаа иддэггүй биз дээ. Тийм учраас цэвэрхэн сангийн бойпорт арцаа уугиулна. Ер нь айлд сангийн бойпор, даллагын уут, бурхан гурав байх ёстой.

-Тахилч лам хийддээ юу хийдэг юм бэ?

-Тахилч лам нь орон хийдийнхээ балин тахилыг хариуцана. Тухайлбал, өглөө эртлэн ирж бурхан тахилаа тоослоод, тахилуудаа шинээр тавина. Ингэхдээ тусгай уншдаг номтой. Энэ нь хурал эхлэхээс өмнө байна. Дараа нь тухайн өдрийн хурлыг удирдаж буй ламын хэрэглэлийг бэлдэж тавина. Ямар хурал хурж байгаагаас шалтгаалан хонх, дамар, унших судар, будаа гэхчилэн бэлдэнэ. Тэгээд сая хурал эхэлнэ.

-Таны өргөсөн зул, тахилын тоог гаргавал?

-Бид өргөж байгаа зул тахил, хийсэн буянаа тоолдоггүй. Энийг гаргах ч бололцоогүй юм. Би Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийддээ ажиллах болсоор олон жил өнгөрчээ. Энэ сайхан сахиус оронд ажиллаж байгаа маань маш том буян юм. Урд насны буян байж гэж боддог. Тэрнээс бусдаас илүү онцгойрох юу байхав. Ер нь тэгээд хүний сайн, муу явах нь энэ болоод урд насны үйлийн үр болохоор дор бүрнээ хичээх хэрэгтэй болов уу.

-Урилгыг хүлээн авсанд баярлалаа.

П.Ундармаа

OTOCH.EDU

Сэтгэгдэл үлдээх on Тахилч лам Б.Цогтгэрэл: Аливаа балин тахилыг чин сүжиг, буяны сэтгэлээр өргөх хэрэгтэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.