Ярилцлага хийж байгаа зураг олдохгүй Харвардын төгсөлтийн зурагаа орууллаа

Өчигдөр би Харвардад баклавраар сурах өргөдлөө өгсөн Монгол сурагчдаас ярилцлага авсан, тэгэхэд бодогдлоо, одооны хүүхдүүд ямар мундаг болоо вэ?! Өнгөрсөн жил Харвард Коллеж (баклавр) 42,749 өргөдөл хүлээн авч тэдгээрийн 4.59%-д нь оюутан болох санал хүргэж өмнөх жилүүдээсээ ороход хамгийн өрсөлдөөнтэй жил болсон. 12 жилийн өмнө намайг ороход 9%-тай байсан бол жилээс жилд улам л өрсөлдөөнтэй болсоор байгаа. Дэлхий даяар тархсан энэ олон мянган өргөдөл өгсөн сурагчидтай бүгдэнтэй нь сургуулийн ажилчид биечлэн уулзах боломжгүй учраас гадаадад амьдардаг төгсөгчдөөр ярилцлага авахуулдаг. Надад Монголын маань шилдэг сурагчидтай танилцаж ярилцах боломж маш үнэтэй санагддаг яагаад гэвэл өргөдлийн хамгийн “хувийн” хэсэг нь байж чаддаг — насаараа уйгагүй хичээж, ээж, аав, ах, эгч, багш нар нь хажууд нь өөрсдөөс нь дутахгүй хичээж дэмжсэний үр дүнд онц сурч төгс шалгалтын оноо авсан ч тэр олон мянган хүмүүс дунд ялгаагүй магадгүй илүү ч дүнтэй, шалгалтын оноотой хүмүүс байгаа. Харин онцгойрох юм нь хүний бодол, сэтгэл, зан чанар гэх мэт тоогоор хэмжигдэж цаасан дээр буулгагдашгүй зүйлүүд байдаг. Тийм учраас аливаа шалгаруулалтанд ярилцлагын үе шат маш чухал байдаг бөгөөд өөрийнхөө туршлагаас амжилттай ярилцлага өгөхөд юу чухал байдаг талаар бодлоо “үйлдэл” болон “агуулга” хэмээн ангилаад хуваалцлаа.

Үйлдэл: зайлшгүй байх хэрэгтэй “амархан” зүйлс

Эдгээр зүйлс тухайн ярилцлагын агуулгатай холбоогүй ч гэсэн, ярилцлага авч байгаа хүндээ ямар мэдрэмж төрүүлэхийг тодорхойлдог, энэ нь зайлшгүй чухал. Өөрийгөө ажил хэрэгч, хариуцлагатай, эелдэг гэдгээ харуулах нь хамгийн чухал хэрнээ энгийн зүйл — энийг хүн болгон чадна.

  • Чангаар давтан бэлд
    Бидэнд ярилцлагад орохдоо би өөрийгөө сайн мэднэ дээ, хүнтэй ярихдаа сайн гэж тайвшраад бэлдэхгүй орсон тохиолдол зөндөө байх. Гэхдээ өөрийгөө мэдэх, өөрийгөө илэрхийлэх хоёр нь өөр — ярилцлагын оногдсон богино хугацаанд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд гол хэлэх үгнүүдээ наана нь бэлдэж, өөр хүнтэй бас толинд давтаж бэлдэх нь зүйтэй. Тэгж байж ярилцлагадаа сандрах, буруу зөрүү ярих, чухал хэлэх юмнуудаа гээх магадлал багасна.
  • Цагаа барь
    Манай нэг багш хэлдэг байсан “цагтаа ирсэн бол 5 минут хоцорсон гэсэн үг” — наана нь төлөвлөөд цагаасаа дор хаяж 5 минутын өмнө очоод бүртгүүлээд хүлээ. Ямар нэгэн байдлаар тулгах, сандрах, амьсгаадах гэх мэт нь ярианд чинь нөлөөлж нөгөө хүнд шууд сөрөг дохио болно. Утсаар юм уу интернетээр холбогдох тохиолдолд наана нь тоног төхөөрөмж, холбоо сүлжээгээ туршиж бэлэн байлга.
  • Зөв хувцасла
    Тухайн ярилцлагадаа тааруулаад ажил хэрэгч, цэвэрхэн хувцасла. Яаж хувцаслахаа мэдэхгүй бол наана нь судлаад болохгүй бол асуу — ярилцлагыг чинь зохион байгуулж чамтай харьцаж байгаа хүнээс “яаж хувцасалсан дээр вэ?” гэж асуухад буруудах юм огт байхгүй.
  • Ярилцлага авах хүнийхээ талаар хөнгөн судал
    Ихэнх ярилцлагад ороход ямар хүнтэй ярилцахыг нь хэлдэг (эсвэл тэр хүн нь өөрөө холбогддог), тэр хүнийхээ талаар мэдээлэлтэй ор. Дор хаяж ямар албан тушаалтай хүн гэдгийг нь мэдсэн орох хэрэгтэй — жишээ нь тэр хүн нь хүний нөөцийн хүн үү, профессор уу, чиний дарга байх хүн үү гэх зэрэг үндсэн мэдээллийг мэдэж байж тэр хүнтэй яаж яриагаа эхэлж тэр хүнээс ямар асуулт асуухаа бэлдэнэ (ихэнх ярилцлага дээр “надаас асуух юм байна уу?” гэж асуудаг, тэрэнд хэдэн оновчтой асуулт бэлдэх нь чухал!). Google-дээд үзвэл тэр хүнийхээ товч намтарыг олж магадгүй (жишээлбэл LinkedIn юмуу байгууллагын веб хуудас дээр), зарим ярилцлагын өмнө товч танилцуулга явуулдаг.
  • Дуусаад ярилцлага авсан хүн рүүгээ и-мэйл бич
    Ямар ч ярилцлагад ороод ярилцсан хүндээ “надтай цаг гаргаж ярилцсанд баярлалаа… таныг холбогдохыг хүлээж байя…” гэсэн утгатай товч захиа бич. Магадгүй энэ хүн маш олон хүнтэй ярилцсан байгаа, тийм учраас өөрийгөө дахин сануулсан юм нэг өгүүлбэр орулаад явуулвал бүр сайн (жишээлбэл: “миний танд ярьж өгсөн номны нэр энэ байна”). Хичнээн олон хүнтэй ярилцсан ч цаана нь хүн л байгаа, хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор товчхон ч гэсэн баярлалаа гэдэг үгт баярлана. Ярилцлага амжилтгүй байсан ч чамайг эерэгээр санана — хэзээ нэгэн цагт ямар хаалга нээгдэхийг хэлж мэдэхгүй.

Aгуулга

Аливаа юманд өргөдлөө өгөхөд гурван зүйлийг л тодоор тусгаж өгөх хэрэгтэй байдаг:
1. Хамрагдах нь намайг зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой
2. Миний мэдлэг туршлага хангалттай
3. Би энэ хамт олонд онцгой эерэг хувь нэмэр оруулна

Энэ гурван зүйлийг өргөдөлдөө тусгаж ярилцлагадаа ойлгуулахын тулд өөрөө эхэлж сайн ойлгож тодорхойлсон байх хэрэгтэй. Тийм учраас өөрөөсөө эдгээр асуултуудыг асуух хэрэгтэй:

  1. Хамрагдах нь намайг зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой — хамгийн түрүүнд хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Юмыг зүгээр нэрэнд нь болоод юмуу бусдын үгийг дагаад биш, яг өөрийн зорилготой нийцэх эсэхийг бодож байж нөгөө тал итгэл үнэмшилтэй хүлээж авна.
  • Миний зорилго юу вэ (хэтийн болон ойрын)?
  • Энэ сургууль/ байгууллага/ хөтөлбөр нь намайг миний зорилготой хэрхэн ойртуулах вэ?
  • Яагаад заавал энэ газар вэ? Сайн судал!!
  • Би энэ сургуульд ороод юугаар сурах вэ, ямар хичээл үзмээр байна вэ, ямар хүмүүстэй ярилцмаар байна вэ, юуны талаар судалгаа хиймээр байна?
  • Би энэ сургуулийг төгсөөд юу хийж бүтээмээр байгаа вэ, төгсөөд хаана ажилламаар байгаа вэ, ямар хүн болмоор байгаа вэ?
  • Би энэ байгууллагад ажиллаад юу сурмаар байна (мэдлэг, ур чадвар), юу хийж бүтээмээр байна, ямар хүмүүстэй ажилламаар байна?
  • Би энэ хөтөлбөрт хамрагдсанаар ямар ажил бүтээх вэ, ямар хүмүүстэй танилцах вэ, ямар мэдлэг олж авах вэ, дуусгаад ямар ажил хэрэгжүүлэх вэ?
  • Би энд орж чадахгүй бол би зорилгодоо өөр яаж хүрч болох вэ?

2. Миний мэдлэг туршлага хангалттай — аливаа юманд тодорхой шалгуурууд байдаг, тэр шалгууруудыг нь давах эсэхээ сайн бодож, үгүй бол яаж бэлдэхээ тооцох хэрэгтэй.

  • Энэ сургууль/ байгууллага/ хөтөлбөр нь ямар шалгууртай вэ?
    Энийг нарийн судал (миний өмнөх нийтлэлээс санаа авч болно) — интернетээр судал, мэддэг хүмүүстэй нь холбогдож асуу
  • Миний холбоотой мэдлэг, туршлага юу вэ?
    Энэ нь төгссөн сургууль, хичээлийн дүн, эрхэлж байсан ажил/ дадлага, гаргаж байсан амжилтууд (олимпиад, тэмцээн), сонирхлоороо багагүй цаг зарцуулдаг зүйлс (спорт, урлаг)
  • Миний давуу зан чанарууд юу вэ?
    Энийг өөрөө тодорхойлохоос гадна дотны хүмүүсээсээ асуу (жишээ нь: шийдвэр гаргахдаа сайн, хүн сонсохдоо сайн, нухацтай, тэвчээртэй гэх мэт)

3. Би энэ хамт олонд эерэг хувь нэмэр оруулна — аливаа өрсөлдөөнтэй юманд хангалттай чадварлаг хүмүүс өргөдлөө өгдөг, тийм учраас тэд чадварлагаас гадна хамт байхад гоё хүмүүсийг л сонгож авмаар байгаа. Тийм учраас чи юугаараа ялгарч тухайн хамт олонд ямар шинэлэг юм авчрах вэ?

  • Бусад оюутан, багш, ажлын хамт олонд ямар зан шинэ мэдлэг мэдээлэл хүргэх вэ?
  • Ямар нарийн сэдвүүд сонирхдог вэ (сурлага, ажилтай нь холбоотой)
  • Ямар амьдрал туулсан бэ, хаана өссөн бэ, ямар хэлээр ярьдаг вэ?
  • Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, ямар хобби сонирхдог вэ?
  • Ямар ном унших дуртай вэ, сүүлд ямар номнууд уншсан бэ?
  • Ямар кино, нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
  • Аялах дуртай юу, хаагуур аялаж байсан бэ, хаашаа аяламаар байдаг вэ?

Зөндөө ярилцлаганд бэлдэж, олон хүнээс зөвлөгөө авч байсан хүний хувьд, мөн өөрөө хүнээс ярилцлага авч байсан хүний хувьд аливаа хүнийг гол ялгаруулдаг зүйлс бол жишээ бас “яагаад?” гэсэн асуултны хариулт.

Жишээ, жишээ, жишээ!
Бид хариулт өгөхдөө юу ч гэж хэлж болно, харин тэр хариултыг маань амилуулж үнэмшилтэй болгодог зүйл бол маш тодорхой жишээ өгөх байдаг, бүх хариултандаа зохих жишээ өгөх нь маш чухал!! Жишиээлбэл:

Өөрийнхөө ажил дээрх давуу талыг юу гэж хардаг вэ?

“Би өөрийнхөө давуу талыг шийдэмгий байж манлайлах чадвар гэж боддог. Аливаа багт заавал даргыг харалгүйгээр санаачлага гаргаж зохих шийдвэрүүдийг гаргаад явахыг хичээдэг. Нэг жишээ дурдъя, манай хуучин ажил дээр бид төсөвөө батлах гээд бэлдэж байтал нэг салбарын мэдээлэл дутуу байсан. Бид маргааш нь удирдлагуудад танилцуулах байтал тэр салбарын менежер огт утсаа авахгүй алга болчихсон биднийг сандаргаж байлаа. Нэгэнт тэр хүн найдваргүй болсон учраас би багийнхандаа санал дэвшүүлсэн — энэ мэдээллийг түрийчийн улирлын мэдээллээр орлоод гол өөрчлөлтүүдийг таамагаар оруулъя, тэгээд танилцуулахдаа шударгаар энэ хэсэг маань хараахан болоогүй байгаа гэдгээ хэлье. Энийг санаачилж асуудлыг шийдвэрлэснээр бид багаараа хий цаг үрж хүлээхгүйгээр чадахаараа асуудлыг шийдээд урагшилсан билээ.”

Та Оксфордод сурснаар бусад оюутнуудад ямар хувь нэмэр оруулах вэ?

“Би Оксфордын бизнесийн сургуульд орсоноор оюутан хамт олондоо юмыг арай өөрөөр харах өнцөг өгч чадна гэж бодож байна. Мэдээж бизнесийн сургуульд ихэнх хичээл хэлэлцүүлэгийн хэлбэрээр явагддаг, тэр дунд би уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан, тэр тусмаа төслийн талбай дээр ажиллаж амьдарч байсан хүний хувьд яриаг үйл ажиллагааны бодит асуудлуудтай уялдуулж чадна гэж бодож байна. Ихэнх ангийнхан маань банк санхүү, том компаниудын төв салбаруудад ажиллаж байсан туршлагатай бол би үйлдвэрийн ажилчидтай тулж ажиллаж, дээрээс гаргасан аливаа шийдвэр хэрэгжихийн тулд зөвхөн ашигтай эсэх биш хэрэгжихэд ямар хүчин зүйлс шаардагддагийг харах чадвартай болсон. Жишээлбэл би Оюу Толгойд ажиллаж байхдаа 28 хоног ажиллаж 14 хоног амардаг хувиараар ажиллаж байсан, миний хувьд маш хүнд байсан, бас олон мянган хамт ажилладаг хүмүүст маань их хэцүү байсныг биеэрээ ойлгож байсан. Тэр хуваарийг өөрчлөх санаачлага үе үе яригддаг байсан боловч дарга нар нислэг нэмэх үнэтэй гээд цааш нь ярилцдаггүй байсан. Харин би хуваарийг өөрчлөх нь зөвхөн ажилчдад ашигтай байхаас гадна компанид хэмнэлттэй байх боломжууд байгааг харж байсан учраас энэ төслийг бүрэн боловсруулж, удирдлагуудад танилцуулан зөвшөөрүүлж, бүх ажилчдыг 14/7 хуваарь руу шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж олон эерэг үр дагаваруудыг авч ирсэн билээ. Энэ мэтээр аливаа “case study” ярилцахад миний компани болон бизнесийг харах өнцөг арай өвөрмөц бас үнэтэй байх болов уу гэж бодож байна.”

Яагаад, яагаад, яагаад?!

Тод жишээ аливаа яриаг амилуулдаг бол, “яагаад” гэдгээ гүнзгийрүүлэн тодорхойлох нь өөрийгөө бүрэн таниулж, ярилцлага авч байгаа хүнийхээ сэтгэлд наалдуулдаг. Амьдралд нь юу тохиолдож, ямар хүн үлгэр дууриалал болж, ямар ном уншиж санаа авч байсны улмаас одооны зорилгоо тодорхойлж, мэргэжлээ сонгож, сонирхолоо нээж байсан бэ гэдэг хамгийн сонирхолтой ярианы сэдэв болдог. Ялангуяа бидний Харвардын ярилцлагын товч сурах бичиг дээр энийг хамгийн чухалд үздэг — энэ хүн ямар хүн бэ, юунд итгэж юуг хүсэн мөрөөддөг вэ гэдэг нь энэ юуг чаддаг хүн бэ гэдгээс хамаагүй чухал. Миний авч байсан хамгийн сонирхолтой, санаанаас гардаггүй ярилцлагуудад нөгөө хүн маань сэтгэлээсээ нээлттэй сонирхолоо хувааж байсан ярилцлагууд байдаг. Жишээ нь (хүний хувийн хариултыг зөвшөөрөлгүй хуваалцаж болохгүй учир зохиомол жишээ ашиглалаа шүү):

Чи яагаад гадаадад сурах сонирхолтой вэ?

Би Америкад компьютерийн шинжлэх ухааны (computer science) чиглэлээр сурах сонирхолтой, тэр тусмаа миний хүсэл мөрөөдлийн сургууль бол Станфорд, яагаад гэвэл тэнд тэр чиглэлээр сургалтын түвшин нь маш өндөр байхаас гадна сургууль дээр маш олон хакатон (hackathon) болж өөртэйгээ ижилхэн сонирхолтой хүүхдүүдээр хүрээлэгдэх боломж байна гэж бодож байна. Мөн сургуулиа төгсөөд яг үнэндээ цахим ертөнцийн хамгийн том компаниуд тэнд л байгаа, өөрийгөө цааш нь хөгжүүлэх боломж сурахаас авахуулаад дараа нь ажиллахад хүртэл тэнд хамаг боломжууд байгаа мэт санагддаг. Би яагаад тэгтлээ энэ чиглэлээр суръя гэж боддог вэ гэвэл би хэдэн жилийн өмнө бэлгэнд “Creative Confidence” гэдэг ном авч байсан, тэр номны зохиолчид Stanford Design School-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд аливаа асуудлыг бүтээлч байдлаар сэтгэж шийдэж болдог гэдгийг маш олон жишээн дээр үндэслэн харуулсан. Тэр тусмаа би багаасаа компьютерийн хоббитой болохоор код бичихийг оролдож ганц нэг веб хуудас бүтээж байсан бол, энэ номыг уншаад кодоор маш олон бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэж болох юм байна гэдгийг ойлгосон. Жишээлбэл би өглөө болгон автобус хүлээхдээ даардаг, надтай адилхан бүх хүлээж байгаа хүмүүсийн даарч байгааг хараад би яг цаг тутмын мэдээлэл автобуснаас авах боломжтой бол бодит цагийг харуулсан апп бүтээж болно гэж бодоод туршилтын хэлбэрээр бүтээсэн. Цаашилвал цаг тутмын замын мэдээлэлтэй холбовол зөвхөн автобус хүлээж байгаа хүмүүст биш бас жолооч нарт өдрөө төлөвлөхөд нэмэр болж, магадгүй бодит мэдээллийг хараад хүмүүс машин унахаа багасгаж олон нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэж бодож байсан. Энэ мэтээр миний толгойнд байнга эргэн тойрноо сайжруулах жижиг сажиг санаанууд орж ирж байдаг болохоор би кодлох ур чадвараа мундаг болгож, эргэн тойрондоо бүтээлч сэтгэхүйтэй хүмүүс болон тэдний бүтээсэн жишээнүүдээс суралцаж нэг өдөр Монголдоо нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой IDEO шиг компани байгуулахыг мөрөөддөг.

Мэдээж ярилцлага болгон өөр байна — авч байгаа хүн, тухайн сургууль, байгууллагын шалгуурууд гээд тэр болгон өөр өөрийн онцлогтой учир энэ бичвэр маань яг нарийн зориулалттай зөвлөгөө биш, харин аливаа ярилцлагад орохдоо зайлшгүй анхаарах зүйлс нь юу вэ гэдгийг тусгахыг хичээлээ. Гол нь үйлдлээрээ зөв сэтгэгдэл үлдээж, агуулгаараа өөрийгөө бүрэн таниулж чадна. Дараагийн ярилцлагад нь амжилт хүсье!

Tana Jambaldorj

Сэтгэгдэл үлдээх on Тэтгэлэгийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.