-КИМЧИ ИДЭХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР УС УУХ НЬ ХОДООДОНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ-

Мамба дацан хийдийн хамба Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Танай эмнэлэг ходоодны шархыг уламжлалт аргаар эмчилж байгаа гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Сүүлийн гурван жил Тайванийн болон Монголын талаас хамтран ходоодны шархыг уламжлалт аргаар эмчлэх төсөл хэрэгжүүлээд судалгаа хийж байгаа юм. Үндсэндээ Соёл шинжлэх ухааны яам, Монголын шинжлэх ухаан технологийн сангийн шалгаруулалтад Тайванийн дөрвөн их сургууль, Оточ марамба дээд сургууль, Мамба дацан хамтарч ороод судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажилд Хятад, Монгол хоёр талд адилхан ходоодны шархтай өвчтөнүүдийг сонгож аваад өөр өөрийнхөө уламжлалт аргаар эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Тайвань хятад уламжлалт ухаанаар, манайх монгол уламжлалт ухаанаар ходоодны шархтай өвчтөнийг эмчилж байна.

Уламжлалт анагаах ухаанд хэл оношилгооны багаж гэж байдаг юм. Өвчтөн судалгаанд хамрагдаж эхлээд хэл оношилгооны тусгай багажаар эмчилгээний дараа яаж өөрчлөгдөж байгааг хянаад бүгдийг нь тодруулаад гаргаад ирдэг. Монгол талаас энэ судалгааг хийгээд бараг хоёр жил болоход 70 гаран хүн эмчилгээнд хамрагдаад байна. Судалгааг хийгээд явах үед уламжлалт эмээ өгөөд 15 хоног болон сар тутамд хяналт хийж, давтан зураг аваад, дахин дурангийн шинжилгээ хийдэг юм. Энэ явцад маш сайн үр дүн гарсан. Үнэхээр олон хүн сайжирч байна.

Зарим нь бүр 45 хоногт үр дүн гарсан. Дурангаар харахад шарх сорви нь эдгэчихэж байгаа үр дүнгүүд зөндөө бий. Өмнө нь энэ судалгаа хийгдсэн хийгдээгүй өдөр тутам хүнээ үзээд явж байхад ийм төрлийн өвчин маш их байдаг байсан. Мөн судалгаа зөвхөн ходоодны шархтай гэж заагдсан байгаа ч бид ходоодны хавдартай гэсэн хоёр хүн авч үзсэн. Хэл оношилгоонд нь оруулаад адилхан эмчилгээ хийхэд сайхан эдгэрч байгаа нь давтан үзлэгээр нотлогдсон. Энэ маягаар хяналт судалгаа үр дүнтэй л явж байна.

-Хэд хоног эмчилгээ хийж байна. Ямар дэглэм барих вэ?

-15 хоног тутамд хяналтаар явж байна. Бид тодорхой эмнүүдээ өгөөд өөр зүйл холихгүй байгаа. Эмчлүүлэгчдэдээ хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг. Тухайлбал, эсгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьж байна. Мөн хоолны хэмжээг тохируулж идэх талд их зөвлөгөө өгдөг. Бага бага хэмжээгээр ходоодонд их ачаалал өгөхөөргүй идэхийг зөвлөж байгаа. Мэдээж монгол хүн юм чинь махан хоол идэхийг хорихгүй. Гэхдээ өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлж зөвлөгөө өгдөг. Оюун санаагаар их тайван байхыг зөвлөж байгаа. Монгол хүн чинь өвдөнө гэдэг зовлон. Зовлонгийн цаана нүгэл хилэнц байдаг. Гадны шалтгаан байна уу гээд эмчилгээ хийгдэж байгаа хүнийхээ засал номыг уншаад өгчихдөг юм.

-Судалгаанд оролцож байгаа хүнийг ямар шалгуураар авсан бэ?

-Судалгаанд оролцъё гэсэн хүнийг өөртэй нь ярилцаад сонгоод судалгааны өгөгдлүүдийг бүгдийг нь хэлээд л эмчлүүлж байгаа.

-Төсөл хэзээ дуусч, батлагдах вэ?

-Амжилттай сайхан төсөл хэрэгжээд 2015 оны эхний хагас буюу наймдугаар сард дууслаа. Төсөл дуусахад аль аль талдаа судалгааны ажлын үр дүнг баримтжуулж байнга хүлээлгэж өгч байгаа журмаараа л явж байна.

-Ходоодны шарх цаашлаад хавдар болох уу. Яг юунаас болоод өвчлөл үүсээд байна?

-Ходоодны шархаа эмчлүүлэхгүй удвал хавдар болох үндэс нь бүрддэг. Сүүлийн үед монголчууд их буруу хооллолттой байна. Хүмүүс анх ходоод өвдсөнийг тоохгүй он удаан жилээр явж байна. Эмчилгээгээ дутуу хийлгэдгээс болдог. Хоол ундны дэглэм их алдагдаж байна. Сэтгэл оюун, санаа нь их хямарч, стресстэй байх зэрэг шалтгаан бүрдээд байна л даа.

-Танай эмнэлэг ямар, ямар өвчин эмчилж байна?

-Хавдартай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, үе мөчний өвчнүүд, арьс цайрах, хүүхдийн цусны өвчин зэргийг уламжлалтаар эмчилж байгаа. Бүр брэнд болсон эмчилгээнүүд ч бий. Тэр нь эрчүүдийн түрүү булчирхай томролт, шамрам, эмэгтэйчүүдийн киста, нионыг мэс хүргэхгүй эдгээж байна. Мөн үргүйдлийг эмчилдэг.

Манайх ходоодны олон хавдартай хүмүүсийг авч эмчилж байсан. Зарим нь үнэхээр гурав, дөрөвдүгээр шат, төгсгөлийн шатандаа хүрчихсэн хүмүүс ч ирсэн. Хэцүү л дээ цаг хугацаа алдчихсан. Тийм хүмүүс эмчлүүлээд өвчингүй байж байгаад орчлонгийн мөнх бусыг үзүүллээ гэж ар гэрийнхэн нь амар, өвдөх зовиур шаналгаа багатай байлаа гэдэг. Зарим хүмүүс шарх нь эдгээд арав гаран жил зүгээр явчихсан хүн ч бий. Надад нэг хүн ээж нь хэдэн сарын настай бие нь хүнд байхад ирж үзүүлж байсан. Тэр хүн миний мэдэхийн найм, есөн жил амьдарсан. Бас Эрдэнэтэд байдаг нэг хавдартай хүн эмчлүүлсэн юм. Тэр эм уугаад л яваад байдаг байсан. Сүүлд хүүхэд нь ирээд хавдрыг нь гадна талаас нь хучаад ямар ч өсөлтгүй болгоод нэг ёсондоо бараг капсулдсан юм шиг болгосон байсан гэсэн. Тэр нь бусад эрхтэндээ үсэрхийлэхээргүй болсон гэсэн үг. Эмч нар ямар эм уухаараа ингэдэг байна гэж гайхсан гэсэн.

-Танай эмнэлэг эм, тангаа өөрсдөө хийдэг үү?

-Эм, тангаа Мамба дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Мамба дацан эмийн үйлдвэр дотоодын эмийн лабораторитой. Улсын төв мэргэжлийн хяналтын том лабораториор орчихсон эмийг л хүнд өгч байгаа. Харин ч Монгол Улс уламжлалт анагаах ухааны эмийн чанарт ямар нэгэн стандарт, нарийн дүрэм журамтай явдаг. Хүмүүс хэдэн ургамал боогоод өгчихсөн юм шиг л бодоод байдаг.

-Ханиад томуу их байх үед хүмүүс одоо халуун ногоо идэх хэрэгтэй гэсэн ойлголттой болж. Энэ нь эргээд ходоодонд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Монголчууд кимчи их идэж байна. Кимчи зөвхөн ходоодны өвчин биш бүр олон өвчнийг бий болгоно. Дэлүү, элэг, цөсний ходоодны үйл ажиллагаанууд маш их сөрөг үр дагавартай. Монголчууд бас нэг зүйл ойгохгүй байна. Тэр чинь халуун, маш их чийглэг уур амьсгалтай орны хүмүүс идээд араас нь бараг литр ус уудаг. Гэтэл монгол хүмүүсийг харж байхад кимчи идчихээд араас нь халуун цай уучихдаг. Ингээд л харахад Монголд буруу хооллолт гэдэг зүйл их байна. Тэр кимчи нь өөрөө хүнийг хар тамхи шиг дадал болгодог. Түүнд автаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироочих юм. Ер нь хүмүүс эрүүл мэндийн боловсролгүй, мэдлэггүй болчихож. Хуучин бол хүмүүс мэдлэгтэй байсан. Юм болгоныг тамшаалж иддэггүй байсан. Одоо бол их олон зүйл тамшаалж идсэн хүн сайхан харагддаг болж. Тэгээд л тийм өлөн сэтгэлтэй болчихсон юм болов уу гэж би бодоод байгаа.

-Таны санааг зовоож байгаа, монголчууд хэрэглэж болохгүй хүнс юу байна?

-Архи, кимчи, гаднаас орж ирсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ямар ч судалгаа шинжилгээ байхгүй зүйлийг рекламаар үзсээр байгаад хэт итгэж маш үнэтэй зүйлийг ашиглаж эрүүл мэндээ хохироож байна. Мөн болсон болоогүй бясалгалд явж эрүүл мэндээ хохироосон хүмүүс зөндөө байна. Тэд оюун санаагаараа хохирч байна. Оюун санаагаа буруу удирдаад сэтгэцийн өвчтэй маш олон хүн бий болжээ. Бас цагаан хоолонд орсон хүмүүс зөндөө байна. 60, 70 настай хүмүүс хүртэл цагаан хоолонд орсноос тэжээлийн дутагдалд ороод нас барж байгаа хүмүүс бидний дунд харагддаг болсон.

Өвчин намдааж байгаа эмийг сайн гээд л байна. Тэрний цаана маш их хор бий. Тэрийг хүмүүс ус, цай шиг л уудаг. Мөн монголчууд ус их уудаг болж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд буруу үр дүн гаргадаг. Ус ихээр уух нь ходоодны гал илчийг буулгаж хаван гүйлгэдэг нь ходоодны архаг өвчнүүд үүсгэнэ. Их хэмжээгээр ус уух нь буруу.

-Хүүхдийн ханиад ихсээд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Танайх үүнийг эмчилдэг үү?

-Тэрийг ёстой нэг сайхан эдгээгээд өгдөг. Хүмүүс үүнийг мэдэхгүй хол хөндий байна. Тэгтэл хоёр жил хүүхдээ ханиадтай гээд эмчлүүлсэн хүн манайд ирээд хэдэн эм уугаад л бүрэн эдгэрчихлээ. Эхний үе шатанд ямар ч хурц ханиад байлаа гэхэд ул мөргүй эмчилчихээр байхад архагшуулаад байна. Хүүхдийнхээ уушгийг тийм аймаар болгоно гэдэг нэг талаар эцэг эхийн ч буруу биш. Эмнэлэгт найдаад болно гээд л хүүхдээ аваад яваад байгаа. Гэтэл цаанаа тэр эмэн эмчилгээ нь төгс эмчлэхгүйтэй холбоотой. Эмч нар оношоо буруу тавьчихсан юм биш. Ерөөсөө европ анагаах ухааны нэг хэсэг эм нь өвчнийг архагшуулдаг. Тийм эмнүүдийг ууж байгаагаа ч бид мэдэхгүй байна. Манайд үзүүлээд уламжлалтаар эм бичүүлээд ажлаа хийнгээ яваад л болоо.

-Хүүхнүүд тураах зорилгоор их хэмжээний зүйл хэрэглэдэг. Уламжлалтаар тураадаг юм уу. Зүү тавьж тураана гэж байдаг байх аа?

-Хүн хоол, хүнсээ буруу хэрэглэснээс болоод жингийн илүүдэлтэй болчихсон. Гэхдээ тэрийг монгол анагаах ухаанаар эдгээгээд өгдөг арга зөндөө бий. Гэтэл тэрийг хэрэглэхгүй л байна. Нөгөө талаараа биеийн жингээ хасахад заавал хөдөлгөөн хэрэгтэй. Уламжлалтад тэр хөдөлгөөн байдаг. Ийм хөдөлгөөнийг ингэж хий гээд заагаад өгдөг. Нэг ёсондоо тэр чинь өвчлөл. Тэрийг эдгээгээд өгөхөөр илүү жин гэж юу байхав дээ. Маш хүчтэй сүлжээний эмэнд ороод хохирчихсон хүн над дээр хэдэн жилийн өмнө ирж уулзаж байсан.

-Хоолны дуршил буулгах эм ихээр уудаг шүү дээ?

-Байгалийн физиологийн үйл ажиллагааг тэгж механикаар өөрчилж болохгүй. Зөв хэрэглээд турдаг арга байсаар байтал заавал тэрний эсрэг механикаар хүчээр турах хэрэггүй. Гэлээ гээд зарим буяны тарга байвал яах вэ. Бас удам дагасан тарга ч бий. Яахав механикаар хүчтэй эмээр турлаа дараа нь тэр хүн тав, арван жилийн дараа ямар өвчтэй болох вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр хүмүүс хэний төлөө юуны төлөө биеэ зовоож байна вэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Биедээ таарсан махтай байж эрүүл сайхан урт наслаад энэ орчлонгийн сайхныг үзээд явах уу. Аль эсвэл амьтдыг дагаж өөрийн эрүүл мэндийг үгүй хийж эрт үхэх үү гэдгээ л шийд.

-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг хүн багассан хэрэг үү?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг үнэхээр сайн эм, эмчилгээтэй гэдгийг мартчихаж. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол, соёл дутагдалтай байна. Тэр нь 60, 70 жил энэ салбарыг муулчихсантай холбоотой. Хүний ой тойнд ороод уламжлалтаас бүр зугтдаг болтол нь муулчихсан учраас уламжлалт анагаах ухааныг мэдэхгүй байна. Ийм том муу суртал энэ анагаах ухааны чөдөр тушаа болж байна. Би эмч хүнийхээ хувьд ийм чухал анагаах ухааныг гаднаас хайх биш Монголдоо бага зардлаар эмчлүүлээсэй гэж хүсдэг.

С.АРИУНЖАРГАЛ

DNN.MN

МАМБА ДАЦАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ХОДООДНЫ ШАРХЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ ХАДГАЛААД АВААРАЙ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “МАМБА ДАЦАН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ХОДООДНЫ ШАРХЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ ХАДГАЛААД АВААРАЙ”

  1. Г.Сайнзаяа- Дорноговь аймаг Даланжаргалан сум - 99894054 хэлдэг:

    Хавдар эмчилдэг эмчтэй холбогдох хүсэлтэй байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.