Гарын үсэг бол бие хүний билэгдлийн хэв. Хүссэн хүсээгүй гарын үсэг маань бидний зан авирын тухай олныг өгүүлдэг төдийгүй аз хийморийг даллан дуудах хэрэгсэл болдог аж. Гэхдээ ингэхийн тулд таны гарын үсэг фэн шуйд заасанчлан зөв байх хэрэгтэй.

Хөгжил цэцэглэлтийг билэгдсэн гарын үсэг нь өөртөө бүрэн итгэлтэй байгааг илтгэсэн зураасаар эхэлж, дээш чиглэсэн байх ба мөн дээш чиглэсэн зураасаар төгсөх ёстой. Энд хэцүү юм байхгүй мэт.

Жишээн дээр авч үзье. Нобелийн шагналт, физикч Андрей Сахаровын гарын үсэг фэн шуйн бүх дүрмийн дагуу зориуд зурсан мэт. Ийм учраас энэ гарын үсэг эзэндээ амжилт авч ирсэн. Дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешковагийн гарын үсэг мөн амжилтыг билэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн зорилгодоо хүрч чаддаг гэснийг баталсан гарын үсэг.

Фэн шуйд зааснаар хэрэв гарын үсэг дуусахдаа доошоо чиглэсэн бол Ци энергийг цааш түлхэж байгаа гэсэн үг гэнэ. Ийм гарын үсэгтэй хүмүүс аз хийморьтой байж, эерэг энергиэр өөрийгөө цэнэглэхийн тулд төгсгөлд нь дээш чиглэсэн жаахан зураас нэмэхэд хангалттай. Хэрэв гарын үсэг дундаа гогцоотой бол Ци энергийн таатай урсгалд тохирохгүй. Энерги "төөрч", улмаар та тавьсан зорилгодоо хүрэхгүй.

Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм.

Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэн шуйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг дахин ажигла. Хэрвээ таны гарын үсэг ингэж өөдөө төгссөн зураасгүй бол та ийм зураасыг чинээлэг амьдралын азыг олохын тулд нэмэн зурж болно.

Гарын үсэг А: Энд үзүүлсэн 4 гарын үсгээс хамгийн ээлтэй нь юм. Энэ гарын үсэг нь өөдөө эхлэн өөдөө яван төгсөж буйг ажигла. Энэ нь ямарч төсөл ажил үүрэг гүйцэтгэсэн тэр нь амжилттай эхэлж бас амжилттай төгсөхийн шинж юм.

Гарын үсэг В: Энэ гарын үсэг нь зөвхөн нэг хэсэг газраа л зөв байгаа. Энэ нь жигд өөдөө явсан зураасаар эхэлсэн боловч жигд доошоо уруудсан зураасаар төгссөн байна. Доошоо ба хойшоо төгсгөлтэй гарын үсэг нь хөнөөлтэй байдаг ба энэ нь гунигтай төгсгөлийг илэрхийлдэг байна.

Гарын үсэг D: Энэ гарын үсэг нь үл мэдэгдэхүйц уруудан замхарч байна. Түүнчлэн энэ нь ээлтэй биш. Хэрвээ таны гарын үсэг иймэрхүү маягтай бол өөрчлөн өөдөө явсан зураастай болгоорой.

Хүний гарын үсэг гэдэг бол өөрийг нь ямар хүн бэ гэдгийг хэлээд өгдөг гэж ярьдаг. Ер нь үсэг, бичгийн хэв бол бас тэр хүнийг илэрхийлэх нэг зүйл гарцаагүй мөн нь мөн.

Монголчууд аливаа зүйлийн сайн сайхны бэлгэдлийг их боддог улс. Доошоо татаж төгсгөсөн зурлагатай гарын үсэг унаж уруудахыг ёрлодог бол, дээш өөдөө татлагатай гарын үсэг өсөж дэвжихийн сайн утга бэлгэддэг ч гэж ярьдаг.

Гэхдээ хэрэв өөрт нэгэнт дасал болсон гарын үсэг тань фэн шуйд зааснаас зөрж байвал сэтгэлээр унах хэрэггүй. Таагүй үйл явдлыг дуудна гэж эмээх ч хэрэггүй. Зүгээр л гарынхаа үсгийн тусламжтайгаар аз хийморь дуудаж чадахгүй гэж бодоод тайвшир.

Фэн шуйн сургаалд гарын үсгийг хүсэл биелүүлэх хэрэгсэл гэж үздэг. Түүнчлэн гарын үсгийн хүч хангалттай бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх цагийг наашлуулдаг гэж фэн шуйн мэргэжилтнүүд зөвлөж байна. Одоо хүслээ биелүүлэх аргыг зааж өгье.

Та хэрэв хүсэл мөрөөдлөө өдөр бүр бичдэг тусгай дэвтэртэй бол түүнийгээ ашигла. Хүслийн дэвтрээ бэлдээд өглөө сэрмэгцээ хүсэл мөрөөдлөө жагсаасан энэ хуудсан дээрээ өөрийн гарын үсгийг яг 49 удаа зур. Фэн шуйн бүх дүрэм, шаардлагад нийцэх "зөв" гарын үсэг байх ёстойг бүү март. Маргааш нь шинэ хуудсан дээр дахиад л 49 удаа гарын үсгээ зурна. Ийм байдлаар та 49 өдрийн турш давтана. Үүний дараа таны хүсэл заавал биелнэ гэж фэн шуйн мэргэжилтнүүд баталж байна.

www.ikhmongol.mn

Сэтгэгдэл үлдээх on ФЭН ШУЙГААР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРВАЛ АЗ АВЧРАН, АМЖИЛТ ДАГУУЛНА ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.