Үг бол хүний санаа бодол сэтгэлгээний төлөвийг шингээн илэрхийлэгч, түүний эрч хүчийг тээгч матери юм гэж орчин үеийн шинжлэх ухаан үзэх болов. Үг хүний дотоод сэтгэлд боловсорч амаар дамжин гадагш тэсрэн гарахдаа өөрийн уг сурвалжийн шинж чанарыг цахилгаан соронзон долгионы үелзлээр цацруулна. Сайн үгээс сайн эрчим цацрана. Муу үгээс муу эрчим тархана. Үүнийг монголчууд ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус гэж хэлдэг.Атгаг сэтгэл, хараал зэтгэрийн санаа бодол бүхий үгийн долгионы цацралыг нарийн багажаар хэмжиж үзэхэд түүнд үлэмж хэмжээний нейтроны агууламж илэрсэн байдаг. Савтай цэвэр усны дэргэд муу үг хэлэхэд ус шууд бохирдож байна.

Мөн аягатай усанд номт сайн үгс, ерөөл бэлгэтэй үг шившихэд эрүүлжүүлэх цэвэр тунгалагийн чанар оршиж байна.Өнөөдрийн мэдээллийн орон зай, талбарт ерөөл бэлгэ бүхий сайн үг нэн ховордож, хов жив атгаг санаа хорт сэдэлттэй бэлгэгүй бараан өнгөөр цэнэгшсэн үгс хэрээс хэтэрчихлээ. Энэ сайны ерөөл яавч биш. “Үгээр үхүүлснийг өвчиж болохгүй, амаар алсныг ачиж болохгүй” гэдэг үг буй. Муу үг бол хүний зүрх сэтгэлийн эмзэг ариун газар тус чиглүүлж харвасан хорт сум юм.Өнөөгийн ертөнцөд манай дэлхийн олон улс оронд гарч буй байгалийн гамшиг, гал усны аюул, газар хөдлөлт, дэлбэрэлт нуралт дайн самуун нь бүгд хүний муу бодол санаанаас үүдэлтэй муу үг – муу үйлийн үр дагавар гэдэгтэй шинжлэх ухаан санал бүрэн нийлж байна.

Манай гараг геофизикийн болон изотерек шинжлэх ухааны үүднээс есөн давхаргаас бүтэх бөгөөд түүний долоо дахь давхарга нь хүмүүн төрөлхтөний ёс суртахууны төлөв, байгалийн хүч хоёрын тэнцвэрийг хадгалж, зохицуулж байдаг юм байна. Хүний оюуны муу эрчим хэвийн хэмжээнээс хэлбийн хэтийдэхэд мөнөөх байгалийн хүчинүүд гамшиг турхан болж газрын гадаргууд гарч ирдэг байна. Оюун санаанаас үүдэлтэй хар зүгийн муу мандалд өөрийнхөө бие хэл сэтгэлийг илгээгчид улс орон нийгмийг хохироосон гамшигт үзэгдлийг өдөөн турхираагч нүглийн үрийг таригч нь болж байдаг.Хүмүүний бодол санаа үгээр илэрхийлэгдэн гарахдаа биеийн эфир болон гэрлэн биеийг нэвтлэн гаднах бүрхүүлийн гадаргуу дээр мөнөөх үгийн зураглал буюу бодит чанарыг үүсгэдэг.

Тэрхүү зураглал таатай болон таагүй ч бай хэзээ ч устаж үгүй болохгүй, сайн нь орчлон хорвоогийн гэгээн мандалд саар нь хар зүгийн мандалд бусад төстэй эрчимүүдтэйгээ ижилсэн мөнх оршдог жамтай ажгуу. Ийм болохоор ертөнц нийгмийн үйлийн үрд хувь хүн болгон хувь нэмрээ сайнаар болон саараар оруулж ирээдүйнхээ өөрийн үйлийн үрийг хамтад нь бүтээн нөхцөлдүүлж байдаг ажээ.Манжийн эрхшээлд байх үед Монголын дотоодын ноёд ихэс нарын хоорондын хэл ам, зарга заальхай хэрээс хэтэрч өсөрхөн хонзогнох, эс бусын амаар үйлдэх муу муухай юм туйлдаа хүрч, түүнд нь сүм хийд лам нар олноор оролцон буян сүсэг гэхээсээ хараал жатгын аргад мэргэшин, ховч атаач хүмүүсийн арга эрхэнд орж нийтийн нүгэл үйлдэж, хожим нь үйл лайгаа эдэлсэн гашуун сургамж манай түүхэнд буй.

Өнөөгийн монгол орны нийгэм улс төр, цагийн байдал, хэвлэл мэдээллийн талбарыг харахад Манжийн тэр үеийн дүр зурагтай тун ойр төстэй байдалд шилжин орж буй байдал ажиглагдах болов.Сүүлийн үед гарч буй осол, цаг бусын эндэгдэлүүд харуусалт явдлуудын ард ч мөн л хараал зэтгэр мэдээллийн орон зайд тархаасан хар хэл амын шалтгаан буйг хүмүүс мэдэцгээж, өвөр зуураа ярилцаж л байдаг юм.Сөрөг муу үгс тулам дүүрэхэд үр дүн нь гамшиг болдог гэж нэгэн мэргэн хүмүүн айлдсан байдаг. Хараалын уншлагад ертөнцийн хамгийн муу үгсийг хорсол, харлууллын адгийн эрчимээр цэнэгжүүлэн хурцалж илгээдэг. Гадна нь ямар ч шарх сорвигүйгээр оюун санаа, эмзэг зүрх рүү нь шууд л үгийн сумаар онилон харваж буй хэрэг юм.Байхуйяа бэрх болсон ийм цаг үед Манжийн үеийн цэргийн жанжин Дугар зайсан хэмээх түүхэн хүний хараал жатгын хорлолын эсрэг эрслэн тэмцсэн түүх буй.

Тангадын сүм хийдийнхэн Дугар зайсангийн өөдөөс барыг галзууруулан дайруулсанд жанжин бээр барыг номын хүчээр номхоруулж ногтлон хот руу орж сүмийн үүдэнд ирээд ногтыг мултлан тавихад мөнөөх галзуу бар сүүлээ хавчин дутаажээ. Сүмийн лам нар тэрхүү эрийн шидэт явдалд эрхгүйеэ сөгдсөн байна.Шашныхан Дугар зайсанг хорлохоор чанх дээр нь хараалын хар үүл нүүлгэснийг мэдээд тэмээнээсээ бууж, сэлмээ сугалах даруйд үүлнээс хар гар гарч ирэн багалзуурдахаар шүдээ ярзайлган дайрав гэнэ. Дугар зайсан тэрхүү хийбод мангасын хэлийг тасалж гарыг цавчиж шаварт хумхиад хаяхад дээр юу ч үүлгүй, тэнгэр цэв цэлмэг, халуун нар шарж байсан гэдэг билээ.Дугар гэсэн нь Дүг-гар буюу Цагаан Шүхэр хэмээсэн үг ажгуу. Дугар зайсан цэргийн жанжин түүхэн хүн байсан боловч монголчууд түүнийг хар хэл ам, хараал жатга, хов жив, үг хэлний бузарыг дарах хүч чадлын бэлгэдэл болгон барыг чихдэн номхотгож буй цагаан тэмээтэй баатар эрийн дүрээр дүрсэлж сүм шүтээн газар орон гэртээ залдаг болсон учиртай. Эдүгээ цаг үед эрхгүйеэ Дугар зайсангийн домогт явдал эргэн дурсагдах болов.

Зүүн хязгаарт Дамдинбишрэлт хэмээх хутагт мөн л хэл ам, бөөгийн хар зүгийн элдэв хар хэлийг дарах шидийг эзэмшин олон амьтанд буянт тус хүргэсэн гэдэг билээ. Дарьгангын их лам Инлай хэмээн алдаршсан номын багш бээр Дамдинбишрэлтийн адисласан шороог муу хэл амыг урвуулан гэгээн сайханд шилжүүлэх ном айлддаг байсан билээ.Арван хэдэн жилийн өмнө их лам Гүрдаваа ренбүүчий Дарьгангад нэгэн хүч төгөлдөр ном айлдахад халуун намраар цасан шуурга нүдэн үлийн цагаан огтоно тэргүүтэнийг аван хайлж ертөнцийн хир буртагийг цэвэрлэн ариусгаж билээ.Өндөр гэгээн Занабазар чухам ийм цаг үед “Жанлавцогзол” буюу “Цагийг тохинуулагч залбирал” –аа бичиж монгол даяар сүм хийд, айл хотлоор уншин эрчимжүүлж байсан бөгөөд тэрбээр шавь нарынхаа хамт амируулагч язгуурын бурхад, хорин нэгэн Дара-эхээ бүтээж ертөнцийн амирлангуйд одсон буй заа.Ноён хутагт Данзанравжаа нэгэнтээ
Аль нэгэнд урин тачаал төрөх цагт
Аливааг илбэ мэтэд онох хэрэгтэй
Наалинхай орчлонгийн чанарыг таньсан цагт
Намрын цэцгээр зүйрлэл авах хэрэгтэйхэмээн ертөнц авгайн жамыг аргадсан шүлгээ бичээд цаг үеийн атхаг санааг гүйцэлдүүлэн өгсөн хорыг уугаад амаржихуйн орондоо заларсан гэдэг билээ. Данзанравжаагийн шүлгүүд ариусган гэгээрүүлэх, сануулан сэнхрүүлэх, адислан тунгалагшуулах увдисаар дүүрэн билээШашны зүтгэлтнүүд хийгээд уран зохиолчдод цаг үе болгон нийгмийн оюун санааг ариусган тунгалагшуулж амирлуулах захиалга өгдөг. Эртний Грект яруу найрагчдыг дайн самууныг намжаах энхийн элч болгон илгээдэг байсан. Өнөөгийн Далай лам, Пап лам тэргүүтний энх тайвны аялал, ном айлдварууд бол чухам ертөнц дахины амирлуулахуйн гэгээн гэрэл болж байна.Өнөөдөр манай гарагийн нэртэй алдартай уран зохиолчдын олонхи нь үгийг бясалгах эрдэмд төгс боловсрсон төдийгүй өөр өөрийн шашны ёс зүйн эрхэм дээдэд нэвтэрч тэр чанараараа хуврагийн зиндаанд хүрсэн байдаг бөгөөд зохиол бүтээл нь ч ариусган тунгалагшуулах эрчимээр дүүрэн байдаг.

Тэд өөрсдийгөө улс орон хийгээд даян дэлхийн энх тайвны, хүмүүний дотоод амгалангийн элч хэмээн үздэг байна. Дэлхий дахины яруу найрагчид сүүлчийн их хурлуудаа “яруу найраг сэтгэлийг ариусгахуй”, “яруу найргаар хүмүүний амьдралыг цэвэршүүлэхүй” хэмээх уриан дор хийж яаж сайн үгээр энх амгалан, амар амгалан аж төрөхүйд туслах вэ хэмээн эрэлхийлж, сайн үгсийн өндөр дээд эрчимлэг үелзлүүд нь муу үгсийн вирусийг устгаж байх ёстой хэмээн үзэж байна. Харамсалтай нь манай уран зоихолчдын нэг хэсэг нь хүмүүний дотоод амар амгаланг бусниулан сүйтгэхэд үг хэл үзэг бэхээ зориулж амьдардаг болжээ.Ойрмогхон Америкийн элчин сайд МИАТ-ын сэтгүүлд ярилцлага өгөхдөө миний номыг уншиж байгаа тухайгаа хэдэн үг хэлсэн нь манай үзэг нэгт найрагчийн атааг хөдөлгөжээ.

Тэрбээр “Ардын төр” хэмээх сониноороо ад шүглэсэн хэдэн мөрийг “үхсэн хойноо” хэмээх хар эрчим үзүүрт нь шингээн миний өөдөөс нисгэж, нөгөө үзүүрийг нь хөөрхий тэр харийн хүн рүү илгээж. Тэр атхаг үг “Ардын төр” сонины хэвлэгдсэн тоогоор үржин орон зайн орчинд нь хар эрчимт үүлс болон бөөгнөрсөөр байх юм. Сайн үгс бол эрүүл аж төрөхүй юм. Муу үгс бол өвчин тахал юм. Муу үгсээс улбаатай учир үл олдох өвчнөөр манай нийгэм өвдчихжээ.Дэлхийн Яруу найрагчдын их хурлыг амжилттай болсонд хорссон хэдэн хүн манай нэгэн шүлэгчийн эрхэлдэг шар сонинууд миний тухай гүтгэлэг гарган, тархааж намайг үгээр мохоон сүүдэртүүлж нийгэмд гаж ойлголт өгөх сэдэлттэй “үгийн атак” дэглэжээ.Сэтгэлийн тэнхээ муутай, эмгэг хуучтай хүмүүст бол иймэрхүү үгс хийморь сүлдийг нь доройтуулан өвчин хуучийг сэдрээн бугшуулж, зүрх сэтгэлийг нь муужруулан сүйтгэх хорт эрчмийн цохилт болдог юм билээ. Азаар би мэт нь муу үгийн шидийг сайнд урвуулан бясалгахуйг гайгүй эзэмшин дархлаа хат суучихсан нэгэн бөлгөө. Шүлэг зохиолын ертөнцөд гэгээн, ариунаар бясалгахуйн болор сүмд яруу найрагчийн оюун ухаан оршдог ёстой байхад манайхан болохоор хар энергийн харанхуй мухраас муу үгс, муухай мэдээллийг уургалахаар гэтэж суудаг нь хөөрхий гэлтэй. Иймэрхүү хар хэлтэй мэдээ бичигч манай утга зохиолын гэгээн өргөөнд үе уламжилсаар байна.

Одоогоос 25 жилийн өмнө Их Явууг гүтгэсэн хар үгсийг нэг нөхөр нь харваж, түүнээс гурав хоногийн дараа суут найрагч насан нөгчсөн гашуун түүх буй. Явуу дэндүү их эмзэглэж хорвооогоос одсон билээ. О.Дашбалбар луу хийсэн хэвлэл мэдээллийн дайралтаас хойш тун удалгүй тэрбээр хорвоогоос одсоныг бид мартах болоогүй. Тэр ч бас маш их эмзэглэж нэр бүхий үзэг нэгт нөхдөдөө гомдсоор одсон.Үгээр зүрхээ зүсүүлэх зовлонг ханатлаа эдэлсэн нэгэн суут найрагч Борис Пастернак “Яруу найрагчид минь ээ, өөрийн гунигт үхлийг шүлэгтээ бүү зөгнө, тэр хэлснээр чинь үхэл рүү аваачдагт үгийн чадал байгаа юм шүү” хэмээн захиж гэрээслэсэн билээ.Яруу найрагчид бол үгийн хувилгаан чадлыг гайхалтай эзэгнэгчид төдийгүй, түүнийхээ хирээр бас тийм эмзэг улс юм шүү дээ. Одоо бол үхнэ хатна гэж бичих энүүхэнд.

Түүнийг нь хөхүүлэн сайшаагчид башир санаагаа гүйцэлдүүлэн ард нь сууж байдаг болжээ.Үг хэлнэ гэдэг маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ хүн өөрөө оршиж байдаг. Ургаа том модны дүрс мөчиртөө, мөчрийн дүрс навчиндаа, навчны дүрс ганц ширхэг эсэндээ хадгалагдахын адил таны хэлсэн хариуцлагагүй үгийн хар үүлэнд өөрийн чинь дүр төрх үүрд хадгалагдан оршино. Муу үгийн үрээр тарьж ургуулсан бүхэн усан нүдэнд үл үзэгдэн орших ад донгийн хий бод амьтад болон өөртэй нь хамт оршдог гэнэ билээ. Хорт сэдэлт атгаг санааны хийбод цэнэгээр өөрийгөө дүүргэгчид чөлөөт хэвлэлийн орон зайг эзлээд зогсохгүй сүм шашны газар хийгээд лам хувраг хүмүүсийг эд мөнгөөр олзлон хүний сүнс сүлд, цог хийморийг гутаан бузарлах, сэтгэл санааг доройтуулан зовоох, аж амьдралд нь саад тотгор учруулан гайтуулах хараал жатга хэмээх хатуу үйлийг хийх нь түгээмэл болов. Муу улбаатай, атхаг сэтгэл үүсгэж бичсэн, гүтгэн гүжирдсэн доромжлон гутаасан үгс хувилсан тоогоор үржиж, муу адыг дагуулна. Гэхдээ, тэд бусдыг хорлосныхоо төлөөсийг хэзээ нэгэн цагт эдэлж, өөртөө хийгээд ач гуч, үеийн үедээ хар толбо үлдээдэг авай. Муу үйлсээс хэрхэн зайлах вэ? гэсэн асуулгад Мила Богд хариулахдаа “Түүнийг сайн сайханд тэмүүлэх чин эрмэлзлэлээр сайн үгсээр зайлуулж болно” гэжээ.

Ард олон шашны лидерүүдээс сэтгэл амирлуулах, итгэлийн гэрэл цацрах сайн айлдвар, сайн үйлийг хүлээж байна. Өнөөгийн гэгээрүүлэгч мэргэдээс ард олон тунгалагшуулан ариусгагч, өөдрөгт дуудан сэрээх урам дүүрэн шидэт үгсийг хүлээж байна. Ард түмэн сэтгэл урмаа сэргээх сайн сайхан мэдээлэл, үлгэр дууриал авахуйц сайхан гэгээн хөрөг, дотоод сэтгэлээ аминчлан хуваалцсан халуун дотно хүүрнэл, ирээдүйн гэгээн итгэл хайрлах бэлгэтэй сайн мэдээлэл, саруул үгсийг хэвлэл мэдээллээс хүсэж байна.Ерөөлтэй бэлгэтэй сайн үгс, хос уянга, сургааль шастирын билгээс уран бичлэгээр бичиж нийтийн талбай, соёлын ордон, цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газруудад байршуулан түүнээс сайн утга цацруулан хэлэлцэж байгаасай гэж хүлээж байна.. Өвгөдөөс ерөөл сонсох, мэндлэх талархахаас эхлээд хүмүүсийн харилцааны уламжлалт бэлгэдэл бүхий үгсийг түгээмэл хэрэглэж хүн болгон өөрөөсөө сайн эрчим үүсгэж байгаасай хэмээн хүлээж байна. Өвгөдийн хэлдэг “энх явж мөнх жарга”, “урт насалж удаан жарга”, зэрэг сайн ерөөлийн үгс, эмгэдийн сайн ерөөл шингээсэн цай сүүний дээжийн үгс цөм төрийн сүлдээсээ эхлээд үр хүүхэд байгаль дэлхий хорвоо ертөнцдөө өргөж буй сайн эрчим мөн болой.

Төрт ёс, өвгө дээдэс, ахас ихэсээ хүндэтгэн дээдлэх жудагаа хар хэлний хүчирхийлэл доор сөхрүүлж ая тал засаж суух бус наандаж, нийгмийн ёс зүйг цэвэршүүлэхэд хэл соёлын хүчийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, цаанадаж хууль цаазаа бэхлэн бэхжүүлж эзэнтэй сүлдтэй, хууль цаазтай, ихэс ахастай төр улс гэдгээ харуулах шаардлагатай хэмээн бодном.Бүх нийтийн оюун санаа, ёс суртахууны ариусал, гэгээрлийн тухай ярихгүйгээр хүн төрөлхтний хөгжлийн гэрэлт ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх аргагүй. Өөрөөр хэлбэл хээнцэр тансаг орд харш, цахим машин, онгоц, пуужин, атомын эрчим хүч аль нь ч бус, харин хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахууныг ариусган гэгээрүүлэх явдал л хөгжил дэвшил хийгээд амьдрал мөнхийн баталгаа болой.Бурхан багшийн сургаалаас эш үндэстэй нэгэн санааг “Эртний монгол улсын сургааль шүлэг” хэмээн судар бичигт тэмдэглэн ард олонд сонордууоан тарааж байсанаас үзвэл:Чихэндээ нүгэлт үг бүү сонсоё хэмээн хичээгтүн
Нүдэндээ самуун үйл бүү үзье хэмээн хичээгтүн
Амандаа чалчаа яриа бүү өгүүлье хэмээн хичээгтүн
Санаандаа хортой сэтгэл бүү агуулъя хэмээн хичээгтүн.хэмээжээ.
"Өдрийн сонин" 2007.12.22ний дугаарт нийтлэгдсэн болно.

Г.МЭНД-ООЁО

Сэтгэгдэл үлдээх on ХАР ХЭЛ АМНЫ ХАРШЛАХ ШАЛТГААНЫГ АМИРЛУУЛАХУЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.