Хийморийн сан

1. Сэтгэл нь хийг хөлөглөн хөдөлнө, сэтгэлийн унаа нь хий юм гэж буддизмд үзнэ. Иймд хий буюу сэтгэлийн морийг сэргэг байлгах нь сэтгэлийн хөдлөлд эерэгээр нөлөөлнө.

Бясалгал нь сэтгэлийг өөрийн эрхэнд байлгахыг голлон анхаарах бөгөөд анхан шатны бясалгал бүр амьсгаа хий дээр төвлөрөхыг эхлэн заана.

Хий зохистой байх нь гадна талаар эрүүл орчин, өөрийн талаас бие сэтгэл эрүүл байхаас шалтгаална. Өндөр ууланд гарах, анхилам үнэр, зохистой дуу чимээ, сүсэг бишрэлийг тэтгэх номын дуу зэрэг нь хийг тэгшитгэнэ.

Хий тэгш байснаар сэтгэл тайван хямралгүй, урам зориг, энэрэл хайр дүүрэн байхад нөлөөлнө. Бурханы сургаал, ном уншлага, хонхны дуу зэрэг нь сүсэг бишрэл төгөлдөр хүнд сэтгэлийг тэгшитгэх хүчийг агуулна.

Хийморь лундаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж амь нас батжина. Биед сүр жавхлан цогцлон, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал оршин, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа аз жаргал ирнэ.

Хийморийн сан унших үед номын хүчээр хүн бүхний хийморь , цог жавхлан бүрдэн, амь нас батжиж, сэтгэл санаа өөдрөг байж санасан сэдсэн хэрэг нь бүтэх болтугай хэмээн залбираарай.

Номыг сонсох үед ариун буяны сэтгэлтэй байж итгэл сүсэг төгс байх нь нэн тустай.

2. Даллага нь өнөөгийн үгээр бол зорьсон хүссэнээ биелэхийг хүссэн тэмүүлэл юм. Нэг талаас бий болсон бүхнээ бататгах бясалгал мөн.

Нэн тэргүүн эрдэм ухаан, энэрэл нигүүсэл, эв нэгдэл дараагаар хүч чадал, сайн язгуур, хань нөхөд, удаагаар эд таваар идээ унд тэргүүтнийг урих, тогтоох, арвитгахын хүссэн залбирал юм.

Хүн хүрэхийг, бий болгохоор зорьж буй зүйлсээ сэтгэлдээ бататгаж, тэмүүлж буй хэрэг.

Буддын номын зан үйлийн номд багтана. Даллага авснаар алив хүссэн бүхэн биелж санасан санаа номын ёсоор бүтнэ хэмээн залбираарай.

Сэтгэгдэл үлдээх on Хийморийн сан. Шууд сонсохоор. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.