Хавдар нь дэлхийн хэмжээнд хамгийн аюултай эмгэгийн нэг болж  нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт буюу зүрхний эмгэгийн дараа орж хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай нь судалгаагаар батлагдаж байна.  ДЭМБ-аас энэ оны хоёрдугаар сарын эхэнд хийсэн мэдэгдэлд ДОХ, гахай шувууны ханиад анхаарал татах бус харин хорт хавдар айдас төрүүлж буйг онцгойлон анхааруулж ойрын арван жилд хорт хавдрын цунами болно хэмээн анхааруулсан байна. Энэ цунаминд Монгол Улс өртөнө гэдгийг ч бас анхааруулжээ.

Манай  улсын хүн амын  дотор хорт хавдар, харшил гэх мэт  чанар муутай,  баталгаагүй  хүнснээс үүсдэг  өвчлөлд өртөх нь жилээс жилд нэмэгдсээр байгааг  эмч мэргэжилтнүүд анхааруулсаар  байна. Одоо хавдар өвчин Монгол Улсын хүн амын нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан болоод байгаа бөгөөд эдүгээ хавдраар өвчилсөн 12 мянга орчим хүн эмнэлгийн хяналтад байна гэсэн мэдээ бий.    Хавдраар өвчлөгсдийн тоо 2000 онд жилд 3400 орчим тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр 4000-аас хол давжээ. Ялангуяа хорт хавдраар өвчлөгсдийн тоо  дорвитой буурахгүй байна.

Тэгвэл хорт хавдар юунаас үүсдэг  болохыг  товчхон авч үзье.  Хүний бүх эд эрхтэнд хавдар үүсч болох магадлалтайг анагаахын шинжлэх ухаан нэгэнт нотлоод байгаа билээ. Хүний бие махбодь маш олон төрлийн эдээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг байна. Дезоксирибонуклейны хүчилийн (ДНХ) бүтцийн өөрчлөлт нь хэвийн эсийг хавдрын эсэд хувиргадаг. Хавдрын мэдээллийг агуулсан энэхүү ДНХ нь хавдар үүсэх шалтгаан болж удамшдаг байна. Ингэж хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүсдэг аж.  Хорт хавдрыг өмөн гэдэг. Хавдрын үед эс ямарч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүсэх бөгөөд  эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаалдан тэжээгдэж  улмаар  биеийн бусад хэсгүүдээр тархан, хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эсийн ургалтыг бий болгодог байна. Анагаах ухааны хэлээр энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэж нэрлэдэг.  Хавдрын эс нь цус ба лимф буюу тунгалагийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг байна.

Судалгаанаас үзэхэд хавдар үүсэхэд нөлөөлөх гадаад хүчин зүйлсэд  хоолны дэглэм 30-35, тамхи 25-30, халдвар 15-20, таргалалт 10-20, архи 4-6, агаарын бохирдол, алдагал, хортой бодис зэрэг геофизикийн хүчин зүйл лдэх хувийг тус тус эзэлж байна. Тэгвэл түрүү булчирхайн хорт хавдрын 75, шулуун гэдэсний хорт хавдрын 70, нойр булчирхай,  цээж, цөсний хүүдийн хорт хавдрын 50, уушиг, амны хөндий, улаан хоолойн хорт хавдрын 20 хувь нь хоолны дэглэм алдагдсантай холбоотойгоор үүсдэг ажээ. Хавдрын төрөл бүр харилцан адилгүй. Статистик мэдээнээс үзэхэд  нийт хавдрын 40 орчим хувь нь элэгнийх. 

Хавдрын эс өсөж олшроход хүний дархлааны тогтолцоо гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгаж байдаг аж.  Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Хавдар судлалын институтын захирал, нэрт эрдэмтэн   Эркан Топузын хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхлэдэг бөгөөд иймд жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар маш сайн мэдлэгтэй байхыг зөвлөсөн буй.  

Хавдар үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг  нь хоолны дэглэм болохыг дээр өгүүлсэн. Зөв зохистой хооллох нь элэг болон хоол боловсруулах эрхтний хорт хавдар, хавдрын урьдал өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ба хавдрын үе дэх эмчилгээнүүдийг дэмжих,  хавдрыг эмчлэх чухал хүчин зүйл болдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

Буруу боловсруулсан хоол хүнс ходоодонд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Махан хоол голлон хэрэглэдэг бидний хувьд  дутуу зажилагдаж, шүлсээр гүйцэд дэвтээгдээгүйн улмаас орой идсэн хоол нь бие организмд шингэц муутай байх төдийгүй боловсрох гэсээр ходоодон дотор багагүй хугацаагаар хадгалагдахад хүрдэг. Үүнээс болж ходоодны шүүрлийн ажиллагаа хэт их ачаалалтай болсноор хоолны шингэц муудан, ходоодны хүчил буурдаг. Шингэц тааруу хоол  нь өөрийнхөө задралаас үүссэн хорт бодисоороо эрхтэн, юуны өмнө элгийг  хордуулдаг.

Манайхны их хэрэглэдэг хоол хүнснээс удаан хадгалахад дотор нь мөөгөнцөр үүсдэг гурилан бүтээгдэхүүн, нитрит ихтэй хиам, хиамын төрлийн бүтээгдэхүүн, химийн бордоогоор ургуулсан баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хавдар үүсгэх аюултай. Мөн хэт халуун цай, хоол улаан хоолойн, давс хэтрүүлэн  хэрэглэвэл ходоодны хавдар үүсдэгийг мэргэжлийн эмч нар сануулсаар байна. Монголчуудын нэг өдрийн давсны хэрэглээ ДЭМБ-ын гаргасан хэмжээнээс 2-3 дахин их байдаг. Өөх тостой зүйл их хэрэглэвэл таргалж, таргалалтаас хөхний болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл ихэсдэг байх жишээтэй.

Хавдар үүсэхэд нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнд дахин давтан ашигласан тос (боорцог хуушуур хайрсан тос г.м), хэт халаасан тос, хальснаас нь салгаж, удаан хадгалсан самар, үрийн тос, буудайн үр хөврөлөөс ялган авсан тос, давс орно. Тосыг дахин дахин халааж хэрэглэхэд хар тос үүсдэг.  Олон дахин халаасан тосон дээр тос нэмж хийн дахин дахин хэрэглэх нь хавдар үүсгэгч бодисыг улам ихээр нэмэгдүүлдэг. Тосны хэт халалтын улмаас үүсдэг хавдар үүсгэгч бодисууд нь эсийн бүрхүүл, юуны өмнө ходоодны салст бүрхэвчийг гэмтээж хавдрын урьтал өвчин үүсгэнэ.

Мөн  уураг,  өөх тос, элсэн чихэр, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, хэт шарж түлсэн бүтээгдэхүүн, хлоржуулсан ус зэрэг  нь хавдар үүсгэх эрсдэлтэй. Хлор нь давсаг, бүдүүн гэдэсний хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон  байдаг.  Нөгөө талаар хүнсний бүтээгдхүүнийг утах болон улйссан цог дээр шарах ( шорлог г.м ) нь канцероген бодис их хэмжээтэй ялгаруулдаг тул хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үздэг байна.

Зөв зохистой хооллолт нь хорт хавдрын өвчлөлийг бууруулдгийг олон судалгаа нотолж байна.  Жишээ нь, хоолыг зөв тохируулж  хэрэглэх нь  бүх төрлийн хавдраас 30 – 40% урьдчилан сэргийлж болдгийг эрдэмтэд тогтоожээ.  Хоолондоо гол төлөв ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэвэл хавдраас урьдчилан сэргийлж болохыг эрдэмтэд баталжээ. Одоогоор ойролцоогоор 25 мянган төрлийн ургамлын бодисууд хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогджээ. Эдгээрийн  ихэнх нь жимс ба ногоонд агуулагддаг байна. Гэхдээ манай улсын хувьд онцгойлон анхаарах асуудал ч байна. Монголд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь, Хятадаас импортолсон ногооны 80 хувь нь химийн хорт бодистой байгааг ЭМШУИС-ийн (хуучин нэрээр) судалгааны баг саяхан тогтоожээ. Төр, засаг маань үүнийг анхааралдаа аваасай билээ.

Хавдраас урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй ашигтай хоол хүнс олон бий. Жишээлбэл, эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн болох  үрт, буурцагт ургамал, хар талх, хивэг, хөц болон шар будаа, түүнчлэн улаан лооль, брокколи байцаа сармис, самар, загас, улаан дарс, ногоон цай, нэрс, гоньд, канола  буюу чидун (олив)-ны тос, пробиотик бүтээгдэхүүн (шинэ тараг, йогурт, ааруул, хурууд г.м) зэргийг нэрлэж болно.

Профессор Эркан Топуз эхчүүдэд хандан долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин их байдаг тул хүүхдүүддээ fastfood төрлийн түргэн хоолыг аль болох бага ( 2 долоо хоногт 1 удаа) өгч байх,  харин долоо хоногт 2-оос доошгүй удаа сонгино, саримсаар амт тохируулсан загасны шөл уулгах, бүх төрлийн жимс, тараг, бүх төрлийн бяслаг, алим, хушга самар ахиухан идүүлж хэвшихийг зөвлөжээ.

Зөв зохистой хооллолтын тухай ярьж байхад тэмдэглэхгүй өнгөрч болохгүй нэг асуудал бол хүн амын хүнс хоолны талаарх мэдлэг, дадлын асуудал.

Монгол хүний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ харьцангуй  цөөн, гурил гурилан болон мах махан бүтээгдэхүүн давамгайлснаас үндсэн шимт бодисын харьцаа алдагдан, шимт болон бичил тэжээлийг шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй байгаа, нөгөө талаар хүн амын хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал хомс байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс (хуучин нэрээр) мянга гаруй хүнийг оролцуулан  хийсэн саяхны нэгэн судалгааны дүн харуулжээ. Тухайлбал, зөв, зохистой хооллолтын  "Гэр" зөвлөмжийн талаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь энэ талын цэгцтэй мэдлэг хомс байгаа нь тогтоогджээ.  Үүнээс гадна судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын гурав нь хүнсний бүтээгдэхүүний найрлага, шимт бодисын  талаарх мэдлэг хангалтгүй,  арван хүн тутмын ес нь хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглалтын бүрэн төгс мэдлэггүй байжээ. Энэхүү баримт нь  бидний зохистой хооллолтын талаарх мэдлэгийн байдал ямар түвшинд байгааг бэлхнээ нотолж байна. Гэтэл өнөөрийн монгол хүний зөв зохистой хооллолтын цорын ганц хөтөч гэж нэрлэж болох энэ “Гэр”  зөвлөмж гарснаас хойш бараг хориод жил өнгөрчээ.

Ташрамд тэмдэглэхэд зөв зохистой хооллолтын талаар эмч, хоолны мэргэжилтэн, тогооч, эрүүл ахуйч олон хүн сонин хэвлэл, радио телевизээр ярьж сурталчилдаг ч ихэнхдээ хэн хүний мэдэх аар саархан мэдээллээс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл зөв хооллолтын шинжлэх ухааны үндэслэл, буруу хооллолтоос үүсэх сөрөг үр дагаврыг тодорхой жишээнд тулгуурлан хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж ойлгуулах явдал ихээхэн дутагдалтай байна. Тэр ч атугай нэр томьёогоо хүртэл буруу нэрлэх нь ч байна. Ганц жишээ дурдахад “эрүүл хүнс”, “эрүүл хоол” гэж байхаас “эрүүл хооллолт” гэсэн тийм ойлголт байхгүй. Харин зөв хооллолт, зохистой хооллолт, тэнцвэржүүлсэн хооллолт, зохицсон хооллолт гэвэл өөр хэрэг.

Иймд зөв зохистой хооллолтын талаарх сургалт, сурталчилгааг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тусгай хөтөлбөрийн дагуу явуулж байх,  үүнтэй холбогдуулан хоол тэжээлийн сургалтын сургагч багш, мэргэжилтний багийг тусгайлан бэлтгэж шаардлагатай мэдээллээр хангах, зохистой хооллолтын гарын авлага, зөвлөмжийг хамгийн энгийн ойлгомжтой байдлаар бэлтгэж албан байгууллага, айл өрхөд түгээх арга хэмжээг авах нь зүйтэй.

Эцэст нь тэмдэглэхэд эрүүл мэндээ сахин хамгаалах хамгийн хариуцлагатай, бас хүндтэй үүрэг зөвхөн Танд өөрт чинь байгааг ямагт санаж яваарай.

Ж.Октябрь BAABAR.mn

Хоолны дэглэм сахих нь хавдраас урьдчилан сэргийлэх гол нөхцөл-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Хоолны дэглэм сахих нь хавдраас урьдчилан сэргийлэх гол нөхцөл”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.