Хорт хавдар хэдий аюултай ч нэг сайн тал бий. Өвчтөнтэй хамт өнгөрнө. Дараагийн хохирогчид хавдар шинээр үүсдэг. Тэгвэл хорт хавдар нэг хүнээс нөгөөд үсэрхийлэн халддаг гэж бодоод үз. Хэдийгээр одоохондоо ийм аюулын шинж тэмдэг байхгүй ч саяхан нийтлэгдсэн хэд хэдэн өгүүлэлд хүний өмөн үү халдварлах боломжтойг тэмдэглэжээ. Гэхдээ зөвхөн маш онцгой нөхцөл байдалд тохиолдох магадлалтай.

Гэдэсний хавдрын эстэй тариур барьж байсан лабораторийн ажилтан гараа хатгачихсаны дараа гар дээр нь хавдар үүсчээ. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах үед болон эхээс урагт халдвар дамжсан тохиолдол бий. Биеэс биед дамждаг хорт хавдрын төрөл зөвхөн амьтан дээр илрээд буй. Гурван төрлийн халдварт өмөн үү байгаль дээр илэрсэн нь нохой, Tasmanian devils хэмээх махчин, зөөлөн яст хясаа зэрэг амьтанд байдаг.

Хамгийн анхны мэдэгдсэн тохиолдол нь нохойны орооны үед эс хэлбэрээр шууд дамжих явдал юм. Хоёр дахь төрлийн халдварт өмөн үүг 1990-ээд онд Tasmanian devils буюу Тасманийн чөтгөр хэмээх махчнаас илрүүлсэн ба өвчтэй эс бие биеийнхээ нүүрийг урж маажих үед дамждаг байна.

Ийм цөөн илрэлтэй учир халдварт өмөн үүг гажуудал хэмээн үл тоомсорлож болох юм. Гэвч өнгөрсөн арван хоёрдугаар сард Тасмани болон Кембрижийн их сургуулийн эрдэмтэд Үндэсний шинжлэх ухааны академийн Proceedings сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ Тасманийн чөтгөр генетикийн хувьд эхнийхээс өөр төрлийн өмөн үү халдаадаг болохыг илрүүлснээ дурдсан байна. Хоёр төрөл байгаагийн шалтгаан нь юу вэ?

Нэг онол нь уг амьтан маш эмзэг гэсэн таамагт суурилсан. Устахад нэн ойртсон амьтдын генетикийн хөгжил мөсөн байдаг. Тасманийн чөтгөрийн нэг халдварт эс шархаар дамжин нөгөөд халдварлахад эс нь маш төсөөтэй тул хүлээн авагч амьтны дархлааны систем уг эсийг анзааралгүй өнгөрөөдөг байж магадгүй. Хэрэв эсүүдийн зарим нь нүүрний хорт хавдрын мутаци агуулж байгаа бол цаашдаа боловсорч шинэ хавдар үүсгэх боломжтой.

Гэвч өөр нэг тайлбар бол халдварт өмөн үү тийм ч ховор биш байж болох талтай. Бидний олон эст өвөг дээдэс дэлхийд анх үүссэн хэдэн зуун сая жилийн өмнө ч өмөн үү оршиж байсан байж магадгүй. Өөрөөр бол халдварт өмөн үү газар сайгүй тархах байсан.

2013 онд Колумбид нэг хүнд тохиолдсон явдлыг авч үзье. Түүний тунгалаг эдийн завсар хавдрын эс хуримтлагдаж элэг, уушиг руу нь тархжээ. Гэвч уг эсүүд хүнийх гэхэд дэндүү жижиг энгийн байсан аж. The New England Journal of Medicine сэтгүүлд арван нэгдүгээр сард гарсан өгүүлэлд эмч нар уг тохиолдолд онош тавьж чадалгүй мухардсаныг дурджээ. Өвчтөн туузан хорхойтой байж. Энэ шимэгчээс хавдрын эс хүний биед дамжсан бололтой.

Гэхдээ туузан хорхойны хорт хавдар нийтийн эрүүл мэндэд аюул учруулна гэж түгших шалтгаан байхгүй. Дээрх өвчтөний дархлааны систем ДОХ-оор эвдэгдсэн байв. Гэвч байгаль дэлхий гайхалтай сонин үзэгдлээр дүүрэн ажгуу.

Жорж Жонсон 

GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх on Хорт хавдар халдварлах боломж

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.