Хүүхнүүд 18:00 цагаас хойш "Махаа гаргачих" гэдэг үгийг хамгийн их хэлдэг бол  эрчүүд, "Ээж нь ирсэн үү, ямар хоол хийх гэж байна" гэж хэлдэг гэсэн хошигнол нийгмийн сүлжээгээр таржээ. Энэ нь үнэндээ Монголын айл өрх бүрийн нийтлэг дүр  бөгөөд инээдэм гэхээсээ илүү эмгэнэл гэж хэлж болно. Учир нь монгол­чуудын хоолны дэглэм эсрэгээрээ эргэсэн гэдгийн баталгаа юм. Уг нь өглөөний хоолыг өөртөө, оройн хоолыг дайсандаа өг гэдэгсэн. Даанч манайхан өглөө гэрээсээ хоосон гарч, өдрийг өл залгах төдийхөн өнгөрөөж, оройн хоолыг дөмөг­хөн иддэг. Ийнхүү буруу хоол­лох нь таргалалтаас эхлээд бүх төрлийн өвчний шалтгаан болдог байна. Тоо баримт сөхье. 
Өнгөрсөн онд  5483 хүн хорт хавдартай гэсэн онош сонсч, 3536 хүн энэ өвчнөөр хорвоог орхижээ. Гуравхан сая хүн амтай улс жилд 3536 иргэнээ зөвхөн хорт хавдраар алдана гэдэг дэндүү харамсалтай. Гэвч өвчлөл жил бүр мянга мянгаар  нэмэгдэж байгааг Хавдар суд­лалын үндэсний төв /ХСҮТ/-ийн захирал Л.Төмөрбаатар онцолсон. Одоогоор жилд 1000 хүн шинээр хорт хавдраар өв­чилж байгаа бол  арван  жилийн дараа буюу 2025 он гэхэд энэ  тоо 6000 болж огцом нэмэгдэх судалгааг ч тэд гаргажээ.  Монгол Улсын хувьд хорт хавд­рын нийт өвчлөлийн 75 ху­вийг хоол боловсруулах эрхт­ний хавдар эзэлдэг ажээ. Нарийвчилбал, элэгний хорт хавдар 40, ходоодных 25 хувийг эзэлдэг байна.  Харин дэлхийн хэмжээнд жилд 14 сая хүн хорт хавдраар өвчилж найман сая нь нас бардаг. Өвчлөл, нас баралтын талаас илүү хувь хөг­жиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад тохиолдож буйг ч тогтоожээ. Хавдрын шалт­­­гааныг амьдралын буруу дадал, тухайлбал зохисгүй хоол­лолт, архи тамхийг хэт­рүү­лэн хэрэглэх зэрэг хорт зуршилтай холбоотой гэдгийг нотолчихож.  Үүнээс гадна хавдар үүсгэх нөлөөтэй олон төрлийн бодис, орчны нөлөө, вирус, цацраг туяа хавдар үүсгэгч гол хүчин зүйл болдог гэнэ. 

Хорт хавдар сэргийлж болдог өвчин 
Хорт хавдрын талаарх тоо баримтыг дурдвал ийм бай­на. Харин бид хэрхэх вэ. Ойр дотнын хүмүүсээ энэ айм­шигт өвчнөөр алдсаар л байх уу. Урьдчилан сэргийлэх, өвч­лөхгүй байх арга бий юу. Аз болоход хорт хавдраар өвчлөх эрсдлийг хувь хүн өөрөө 30 хувь бууруулах боломжтой юм байна. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар “Хорт хавдар сэргийлж болдог өвчин. Хүн залуугаасаа амьдралын зөв хэв маягт суралцаж, архи тамхи­ны хэрэглээг зогсоох, өөх, тос, давсаа багасгаж, элэгний ВС вирусээ эмчлэх, хөдөлгөөнтэй амьдрах хэрэгтэй. Хүний эрүүл мэндийн 50 хувь нь өөрийнх нь халаасанд явдаг гэдэг. Хоолны шингэц муудлаа, ходоод өвдөж базалж байна гэж ярьсаар олон жил явдаг. Хэрвээ жилд нэг удаа ходоодоо дурандуулчихдаг бол ходоодны хорт хавдрыг эрт үед нь бүрэн эмчлэх боломжтой. 40-өөс дээш насныхан жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх оношилгоонд хам­рагдаж байх ёстой” гэж ярив. Тиймээс  зөв хооллох, өөх тос, давсны хэрэглээг багасгах бо­ломж гэрийн эзэгтэй та бид­ний гарт байна. Эрчүүд үүнд огт хамаагүй гэж байгаа юм биш. Өнөөдрийн  нөхцөлд гэ­рийн эзэгтэй нар л ихэвчлэн хоол, ундаа бэлдэж байгаа учраас ийнхүү бүсгүйчүүддээ уриалж  байгаа  хэрэг. Эмэгтэйчүүд, ээж нар зөв хоол­лолтын талаар мэдлэгтэй байж эрүүл хоол хийж сурснаар гэр бүлээ аюулт өвчнөөс хамгаалж чадах юм байна шүү гэдэг санааг өгөхийг  хичээлээ. Ядаж шарсан, хуурсан хоолыг үр хүүхэд, хань, нөхөртөө өгөхөө больцгооё. Яагаад гэж үү. Хавдар үүсгэгч бодисууд хоо­лыг шарж, хуурах үед үүсч байдаг юм байна. Тиймээс бид өөрсдийн гараар хорт хавдрын голомтыг гэр бүлийнхэндээ та­ваг­лан өгдөг гэсэн үг. Шарсан, хуурсан хоол байнга идэх муу гэдгийг бүх хүн мэддэг байх. Харин яагаад муу байдгийн учрыг доор сийрүүлье.    
Бензопурин:  Мах болон загасыг шарах, утах үед энэ бодис үүсдэг. Түүнчлэн олон дахин хэрэглэсэн өөх тосонд шарах үед ч бензопурин гэгч хавдар үүсгэгч бодис үүсч байдаг. Мөн ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас үүсдэг. 
Нитрозамин: Утсан гахайн мах, зайдас зэрэг хүнсний бүтээг­­дэхүүний хадгалалтын хуга­цааг уртасгахын тулд хэрэг­­лэдэг нитрозамин нь хав­дар үүсгэх хоруу чанартай ажээ. Иймээс хадгалах хуга­цаа уртасгагч бодис хийж дар­шил­сан, нөөшилсөн хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй юм байна. Үүний оронд эс­лэгээр баялаг шинэ жимс, хүнс­ний ногоо хэрэглэж байх шаард­лагатай. Мөн С амин­дэмийн хор­гүйжүүлэх буюу бидний мэддэг антиокси­дант үйлчилгээ нь энэ бодисыг саармагжуулах үйлчилгээтэй гэнэ. 
Цацраг туяа: Радио идэвхт бодис, хэт ягаан болон рентген туяа нь цацраг идэвхт бодист багтаж хавдар үүсгэгч хүчин зүйл болдог байна.
Вирус: Вирус хавдар үүс­гэгч хүчин зүйл болдог. Ту­хайл­бал, умайн хүзүүний хавдар хүний папиллом виру­сээс, элэгний хавдар нь В, С виру­сийн шалтгаантай. Дээр нь хорт хавдар удамших аюултай. Жишээ нь хөхний хавдар удамш­лын шалтгаантай байдаг юм байна. 

Оройн хоол ямар байх ёстой вэ
Оройн хоолыг унтахаасаа дөрвөн цагийн өмнө идэх хэрэг­тэй гэнэ. Насанд хүр­сэн хүний хоол хүнсээрээ дам­жуулан нэг өдөрт авах ёстой илчлэг нь нас, хүйс, амьдралын хэв маягаас шалтгаалан 2.5-аас 4.5 мянган калори байдаг бөгөөд түүний хорин хувийг нь оройны хоолноос авах ёстой. Тиймээс орой тослоггүй, бага илчлэгтэй хоол идэж заншихыг эмч зөвлөж байна. Гол нь унтахын өмнө идсэн хоол ходоодонд боловсрогдоод гэдсэнд шил­жиж амжихаар байх ёстой юм байна. Тараг, хурц биш шөл, нялуун биш амттай жимс нь өлөн ходоодонд 1-2 цаг болдог. Харин загас, өөхгүй хар мах, цагаан будаа, чанасан төмс, амтат жимс болон салат нь хүний ходоодонд 2-4 цаг байдаг бол өөхтэй, шарсан мах, шарсан загас, шош, гоймон, каш, төмсийг ходоод дөрвөөс илүү цагаар боловсруулдаг гэнэ. 
Эцэст нь, насаараа чанасан мах, цуйван идлээ. Яагаа ч үгүй л байна гэж бүү хэнэггүйтээрэй. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алддаг гэдэг шүү дээ. Байгаа бүхнээ алдсаныхаа дараа амаа барьж байхаар, өнөөдрөөс хичээе. Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл үлдээх on Хорт хавдрын шалтгааныг холоос хайгаад хэрэггүй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.