Бүх хүнд хамаатай, бүгд л хариултыг нь эрж байгаа хэрнээ олигтой дүн шинжилгээ хийгээд, өөрийн үзэл бодол үнэлэмжтэй болж чадахгүй л яваад байгаа сэдэв өнөөдөр боловсрол гэх ухагдахуун болжээ. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээ гадаад дотоодод сайн сургуульд сургая, сайн багшаар заалгая гэвэл шаардлагатай мэдээлэл цахим ертөнцөд хангалттай бий. Гэвч яг “юуг” сургахаар хүүхдээ чиглүүлэх вэ гэхээр төөрөгдөлд орчих аж. Мэдлэг гэдэг туршлагаар бий болдог. Харин мэдээлэл гэдэг мэдлэг биш юм. Тиймээс ямар мэргэжилтэй болох вэ гэдгийг хүнтэй зөвлөхдөө амьдрал дээр туршлага хуримтлуулсан мэдлэгтэй хүнийг сонгох нь зүйтэй болов уу.

Тэртээ 1960, 1970-аад оны үед интернэт бий болоход анхны хэрэглэгчид нь эрдэмтэн судлаачид байлаа. Тэд бага өртгөөр мэдээлэл хуваалцах агуу боломжийг бий болгосон интернетийг хүн төрөлхтний сурч боловсроход дэвшил авчрах технологи гэж шагширч байсан. Атал өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн өнөө цагт интернет нь хов жив, цуурхал ярин цагийг зугаатай өнгөрөөх “нийгмийн сүлжээнд” л давамгай хэрэглэгдэж, анхны хүлээлтээс тэс өөр байдалд байна. Нэгэнт зугаацаж цэнгэх нь хувь хүнд бурхнаас заяасан генийн өгөгдөл тул цаашдаа ч иймэрхүү нийгмийн сүлжээний хэрэглээ лавшрах нь гарцаагүй. Хайвал л олдох мэдээлэл, ирээдүйд хэрэг болох мэдлэгийн зааг ялгаа бүдгэрсэн энэ үед боловсролын үнэ цэнэ буюу чухам яагаад өөрийгөө дайчлан суралцах ёстойг хүүхдэдээ ойлгуулах нь эцэг эхийн нэн тэргүүний үүрэг болсон байна. Эргэн тойрноо шинжлэх ухаанчаар танин мэдэх, хүн төрөлхтний бүтээж ирсэн соёл иргэншлийн үнэт зүйлс, тэдгээрийн гайхамшгийг танихад зарцуулах ёстой хүүхэд насыг уялдаа холбоо, утга учир муутай, системгүй их мэдээлэлтэй цахим орчинд цаг нөхцөөж бүтээлч бусаар өнгөрөөвөл дараа нь харамсаад барахгүй биз ээ.

Өнөөдөр дэлхийг донсолгож байгаа технологийн дэвшил нээлтүүд, тэднийг ашигласан бизнесээр шөнийн дотор л тэрбумтан болж буй залуусын амжилт үнэхээр бахдам. Ийм гайхам амжилтын цаана хэдэн 10 жил магадгүй хэдэн 100 жилийн өмнө эрдэмтэн мэргэдийн нээсэн шинжлэх ухааны онолууд, өвөг дээдсийн ертөнцийг танин мэдэх гэсэн сониуч зан, уйгагүй бүтээлч хөдөлмөр байдаг гэдгийг залууст давхар ойлгуулах ёстой гэж бодном. Ганц жишээ дурдахад, фэйсбүүк ухаалаг утасны хэрэглээ гэх мэт мэдээллийн технологид суурилсан дэлхийн эдийн засгийн огцом өсөлт явагдах үндэс суурь нь компьютерийн ялтасны хурд, өгөгдлийг хадгалах ой санамжид гарсан дэвшил, цаашлаад асар их хэмжээний мэдээллийг дамжуулах шилэн кабелийн хэрэглээ, хамгийн алдаа мадаггүйгээр мэдээллийг оновчтой дамжуулдаг математикийн онол зэрэг нээлтүүд байдаг билээ. Эдгээр өндөр технологийн үндэс нь 100 магадгүй 200 жилийн өмнөх эрдэмтдийн нээн олсон байгалийн хуулиуд байдгийг ойлгосон хойч үе л өмнөхөөс илүү их бүтээлч амьдралаар замнах нь дамжиггүй. Бид үүнийг сургалтын систем, хэвлэл мэдээлэл, аман яриагаар ч болов дамжуулж өсвөр үедээ ойлгуулж явах үүрэгтэй.

Хүн төрөлхтний соёл иргэншил нь хүний төрөлхийн сониуч зан, хөдөлмөрч уйгагүй байдал, танин мэдэх төсөөлөл дээр дөрөөлсөн шинжлэх ухааны ололт амжилт дээр л хөгжиж ирсэн. Өмнөхөөс илүү нийгэмшихийн төлөөх үнэт зүйлсийг байнга хамтран бүтээж ирсэн байдаг. Цаашид ингэж явах эсэх нь эргэлзээтэй… Сүүлийн үед дэлхий улс орнуудад ерөнхий боловсролын түвшинд сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлаж байна. Хэт их цахимжсан орчны шинэ үеийнхэн төрөлхийн сониуч зангаа гээх болсон мэт. Хүүхэд ахуйд орой болгон одтой тэнгэрийг ширтэхдээ сансар огторгуйн гүнд хаа нэгтээ дэлхийтэй адил нөхцөлтэй гараг дээр ухамсарт харь гарагийнхан амьдардаг ч юм билүү гэж төсөөлдөг байлаа. Тийм ч болохоор орчлон ертөнцийн үүсэл, өрнөлийг тайлбарлах физикийн харьцангуйн онолыг хичээл дээр заахад чухам их сонирхолтой санагдаж байж билээ.

Өнөөдрийн хэт их бэлэн “мэдээлэлтэй” эрин зуунд хүүхдийнхээ мэдэх хүсэл, төсөөлөх чадварыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмшүүлэх сургалт нь бодит ертөнц буюу туршилтын хэрэглэгдэхүүн ашигласан заах арга барил юм. Сониуч зангаа гээгээгүй өсвөр насанд нь байгалийн үзэгдлийг шинжлэх ухаанчаар тайлбарлаж, онолын хэрэглээг орчин цагийн технологитой нь холбож ойлгуулах хамгаас чухал санагдана. Ялангуяа дээд ба мэргэжлийн боловсролын түвшинд онол тэнхимийн хичээлийг туршилт дадлагатай хоршуулан ойлгуулах сургалтыг цаг үе шаардаж байна. Зөвхөн онолын мэдлэгийг түлхүү өгөх гээд байдаг их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр байхгүй бол утгагүй. Түүнчлэн нэг мэргэжил, хос мэргэжлээр суралцаж төгссөн ч байнга өөрийгөө хөгжүүлж суралцаж байх нь мэдээжийн асуудал болжээ.

Эцэст нь дүгнэхэд, аливаа шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгож, суралцах арга барилыг зөв төлөвшүүлэх нь өнөөгийн боловсролын системийн хамгийн чухал концепц байх ёстой гэж бодном.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэн, Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Ц.Байгалмаа (Ph.D -Анагаахын инженерчлэл)

Сэтгэгдэл үлдээх on ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ ДУНД ХЭРЭГТЭЙ МЭДЛЭГ ГЭЭГДЭХ ВИЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.