Он цаг усны урсгал мэт хөвөрсөөр байх боловч хүний орчлонд мартъя гэвч мартаж болохгүй хүн байх юм.

Тэр бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан Юндэнгийн хошууны харьяат, монгол бөхийн түүхэнд эр чадал, цагаан сэтгэл, хүүхэд зангаараа мөнхөрсөн аварга Д.Хадбаатар юм. Үүнийг тэрлэн бичигч бивээр энэ аварга хүчит бөхтэй ах дүү шиг байж, бас ч болоогүй олон сайхан чанарыг нь, монгол бөхийн ёс жудгийг нь мэдэх юмаа.

Одоо бодож байхнаа Хад аварга маань ёстой л хүний хайлан байсан юм. Удах тусам мартагддаг хүн байдаг бол үргэлж хамт юм шиг байдаг хүн ч байдаг, тэр бол Хадаа.

Өөрийнхөө тухай ярихдаа “Ах нь сүүний бяртай хүн. Насны бяртай бөх бол Д.Дамдин аварга, ясны бяртай бөх Х.Баянмөнх аварга гэж боддог. Би чинь дүүгээ гарахаас өмнө таван нас хүртэл эхийнхээ хөхийг хөхсөн. Нөгөө эсгэлэнгээ хөхсөн даага хурдан гэдэг хуучны үгтэй адил юм даа. Ер нь бяр гэдэг хөдөлмөр юм.

Жирийн хүмүүс 10 литрийн бетоноор ус зөөж байхад би хоёр дөчөөр зөөдөг. Ингэхээр хөдөлмөрөөр бяр илэрдэг нь яах аргагүй үнэн байгаа биз. Аваргатай ярьж суухад үг нь цэгцтэй, тун ухаалаг яриатай. Зарим үзэгчдийн ярьдгаар толгой муутай мангар хүн биш. Аваргын ээжийн тал шар Нацагийнхан гэж Хэнтий чигийн айл байгаад сүүлдээ Төв аймгийн Баянцогтоор дамжиж Угтаалд нутагласан юм билээ. Харин эцэг Дагвасүрэн Өвөрхангайн хүн.

Аварга цааш өгүүлэхдээ “Ээжийн тал их том биетэй улс. Намжилмаа эгч бид хоёр төрсөн эгч дүү хоёрын хүүхэд шүү дээ. Ер нь эхийн талд барилддаг хүн байсан юм гэнэ лээ”. Гэнэдэж гэмшиж үзсэн аварга маань ингэж ярьж байлаа. Хүнийг дээр доор, баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүй ижилхэн нөхөрлөнө. Хөдөө гадаа явахад хамгийн түрүүнд найз нөхөд бололцон, таньдаг айлтай болчихсон, тэр айлын хүн шиг “Ид уу” болон сууж байдагсан. Хөгшин настай хүнтэй айлд очвол модыг нь хөрөөдөж, усыг нь зөөж, цай хүртэл чанаад нэг л өөриймсөг.

Ямар сайндаа нэг удаа бэлтгэлээс хоцорч загнуулж байхав. Яасан бэ гэвэл бэлтгэлд ирэх замдаа хонины толгой аваад харьж явсан нэг жаал хүүтэй таарч, түүнийг өрөвдөөд хүргэж өгч. Тэгсэн гэрт нь хоёр ядруу хөгшин байхыг хараад авчирсан толгойгоо өвчиж янзлаад ирсэн байсан. Аваргын тухай хүмүүсийн олон сайхан дурсамж яриа байдгийн нэг нь аваргын багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүүгийн дурсамж юм.

“Миний шавь Хадбаатар цэргийн албанд 1970 онд татагдан 013-р ангид ирсэн. Тэндээс арваннэгдүгээр сард “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагчаар ирлээ. Энэ цаг мөчөөс хойш олон жил ард үлджээ. Хадаа “Алдар”-т ирснээсээ хойш самбо, жүдогоор хичээллэсэн юм. Тэрбээр хорвоод 42-хон насыг элээхдээ түүний хориод жилийг надтай хамт өнгөрөөжээ. Энэ хугацаанд гурван удаа “аавын” хаалга татсан юм.

Энэ бүх алдаа нь өөрийнх нь гэнэн итгэмтгий зангаас болсон доо. Ер нь хилс х эрэгт орсон хүн шүү дээ. Төрийн наадамд арван жил барилдахгүй завсарлаад дахин зодоглож түрүүлнэ гэдэг одоогийн бөхчүүдээс гарахгүй амжилт. Нэгд Хадаа байгалиас заяасан бяртай, хоёрт ажилч хичээнгүй, гуравт бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг тамирчин байсан. Миний том хүү Рагчаадоржийг гэрлэхэд Хадаа найр ахалж байхдаа “Өвөө багшийн зургаан хүүхдийг гэрлэхэд нь би бүгдийнх нь найрыг хийлгэж, удирдана” гэж байсан юм.

Хад маань ямар ч хоолны газар үнэгүй хоол иддэг. Түүнийг хүмүүс бүгд таньдаг болохоор хүссэнийг нь өгдөг байлаа. Ийш тийш тэмцээн уралдаан гээд их явна. Тэр бүхэнд нийгэмлэгээс зардал мөнгө гардаг байтал харин Хадаа бол онгоц, галт тэргэнд зардалгүй явдаг байлаа. Хүмүүс түүнээс мөнгө нэхдэггүй болохоор “Миний мөнгийг надад өгчих надаас зардал авдаггүй” гэж хүүхэд шиг юм ярина. Бүр сурчихсан. Би нэг удаа Хадааг ухаан алдтал нь алгадчихаж билээ.

Бид нар “Баянгол” зочид буудалд байрлаж байлаа. Тэгсэн Хадаа хоолныхоо мөнгөөр хоёр хачин нөхөртэй пиво уугаад сууж байв. Миний уур хүрээд цохисон чинь мань хүн ойчоод өглөө. Нөгөө хоёр нь ч зугтаалаа даа, хойноос нь нэг нэг сайн өшиглөөд хоцров. Нөгөө Хадааг чинь Цэнд-Аюуш, Батсүх хоёр өргөж босгох гэтэл нүүр нь цэлхийгээд ухаан алдсан байв. Би ч хүн зодчихоод энд хоол идээд яахав гээд гэртээ харилаа.

Наадхыгаа өдрийн хоолонд орчихоод манайд оч гэж хэлээрэй гэчихээд гэртээ хүлээгээд сууж байтал Хад ороод ирлээ. Тэгснээ “Багш та өдөр хоолонд ороогүй өлсөж байгаа байх” гээд надад бууз хийж өгч долигонож байна. Миний уур гарлаа. Ёстой л хүүхдээрээ хүн дээ.

Манай хүн ийш тийш явах их дуртай. Би нэг удаа Хадааг Сүхбаатар аймаг руу өвлийнхөө идшинд явууллаа. Тэгсэн чинь “Онгоцныхоо билетийн мөнгийг надад өгчих. Би зүгээр суугаад явчихна” гэдэг юм байна. Тэгээд явахад нь хэллээ “За манай ах Жамсран гэж чам шиг а рхинд дуртай нөхөр байгаа. Битгий хамт уугаад алга болчихоорой, аятайхан явна шүү” гэж захиад хоёр шил а рхи өгөөд нэгийг нь ахад, нөгөөг нь ээжид өгөөрэй гэв. Очихоор нь манай нутгийнхан Хадааг ирлээ гээд ахынд цугласан юм байх.

Гурван өдөр а рхи ууцгааж сүүлд нь Хадаа ахыг загнасан гэнэ лээ. “Багш намайг битгий а рхи уу гэсэн. Харин та намайг а рхи уулгаад өөрөө бас уугаад дургүй хүргэчихлээ, би маргааш явна” гэж. Тэгээд яахав манай идшийг хийж, дээр нь Хадаад хоёр үхэр өгч. Ингээд хотод ирэхгүй юу.

Энэ үеэр би ажилтай байсан тул Хадаа ширэнд боосон бүтэн үхрийн махыг гэрт ганцаараа оруулж өгөөд бүгдийг нь нэг нэггүй янзлаад явахдаа “Намайг сайн яваад ирлээ гэж багшид хэлээрэй. Харин ах чинь нэлээд а рхинд дуртай хүн байна шүү” гээд явсан байсан. Уг нь өөрийнхөө уусныг баллахын тулд ахыг надад ховлож нэр цэвэр үлдэж байгаа нь тэр. Би Хадаагаа мэдэлгүй яахав. Гурав хоног унталгүй уух хүн Хадаагаас өөр хэн байхав.

Тэмцээний бэлтгэлд гараад буудалд байрлах болохоор тамирчид ганцхан чемодантай ирнэ. Харин Хад хоёр, гурван чемодантай ирнэ. Тэр нь тодорхой. Учир нь анхны эхнэр Лидагаасаа салж байгаа нь тэр. Тэмцээн дууссаны дараа эхнэр нь ирээд хоёулаа эв найрамдалтай бүх юмаа аваад явдаг. Ганц чемодантай ирвэл эхнэрээсээ салаагүйн шинж. Хадаа шиг бяртай хүн нэг их төрөхгүй болов уу. Хажуу тийшээ ойчих гэж байсан “Газ-53” машиныг ойчих гэж байгаа талаас нь ганцаараа тулаад гаргадаг байлаа”. Аваргын тухай нэгхэн дурсамж л энэ шүү дээ.

Хад аварга маань Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн ховорхон төрсөн сайхан нь дэндсэн хүн-алт байсан юм. Сүүн мөртэй хүчит аваргынхаа тухай энэхүү найрууллаа төгсгөхдөө ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн аваргад зориулсан “Хадаа” шүлгийг уншигч олондоо толилуулъя.

ТЭГШЭЭ (2007.05.14)

Эх сурвалж: www.mongolnews.mn

 

Сэтгэгдэл үлдээх on Хүний хайлан Хадаа аварга

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.