Эрт үеэс монголчууд хүүхдийнхээ духан дээр үнэрлэн үнсдэг хэвшилтэй байсан билээ. Ингэж үнсүүлэхэд хүн тайвшрал, тайтгарал, энэрэл хайрыг мэдэрдэг. Одоо ч бид орой хүүхдээ унтуулахдаа бид сайхан нойрсохыг ерөөгөөд ихэвчлэн духан дээр нь үнсдэг шүү дээ.
Мөн зарим шашинд хүний духан дээр хоер хөмсөгний хооронд цох хэсэгт билгийн мэлмий байрладаг ч гэж үздэг. Ингэхээр духан дээр үнсэх гэдэг бол зөвхөн тайвшралыг билигдэхээс гадна ухаарал, энэрэлийг билигддэг ажээ. Ингэж үнссэнээр хүн зөвхөн тайвшрах төдийгүй билгийн мэлмий нь нээгдэж ухаан суухад нэмэр болдог гэж үздэг байна.

Орчин цагийн анагаах ухааны судалгаагаар духан дээр үнсэх үед хүний булцуут булчирхай идэвхижиж улмаар өнчин тархинд нөлөөлөн мелатонины ялгаралыг ихэсгэн тайвшруулдаг болохыг тогтоосон байна. Хүний биологийн цагийг тогтоон тохируулж байдаг энэхүү хэсэг нь хүнийг шаардлагатай хэрэгцээтэй цагт нь тайвшруулан нойрсуулж, бие махбодийг өдөр шөнийг ялган ажиллах боломжоор хангаж байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны судалгаанд үнэхээр гурав дахь нүд гэдэг нь үнэн байж, хүний биеийн нүдэнд үл харагдах тохиргоог энд хийдэг юм байна гэсэн дүгнэлтүүдийг гаргах болжээ.

Тэгэхээр эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэхүү заншил маань бид л сайн ухаж мэдээгүй болохоос жирийн нэг заншсан үйл төдий бус харин үр хүүхдээ ухаант хүмүүн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг зорьсон их гүн гүнзгий ач холбогдолтой зан үйл байсан байж мэдэх юм.
Харин том болсон хойноо бид энэ үнсэлтийг /үнэрлэхийг/ ихэд үгүйлдэг. Хацар дээр үнсэхэд ихэвчлэн баяр, итгэл мэдэрдэг бол уруул дээр үнсэхэд харин дур хүслийг мэдэрдэг. Насанд хүрсэн хойноо бид эдгээр үнсэлтийг олноор нь өгч авалцаж байх ч нэг л мэдэхэд духаа үнэрлүүлэх хүнгүй болчихсон байх нь бий. Тэр үед бид гунихарч, ганихарч, санагалзаж, өр өвдөж эхэлдэг. Учир нь духан дээр үнсэн толгойг минь илэхэд мэдрэгддэг байсан өнөөх хүүхэд насны минь тайвшрал, тайтгарал, энэрэл ухаарал дутагддаг бололтой.

Та хүүхдээ хичнээн их эрхлүүлдэг, хичнээн их үнсэж үлгэдэг байсан ч хамгийн чухал нь духан дээр нь үнсэж байгаарай. Үр чинь өр зөөлөнтэй, тайвуу талбиу ухаантай нэгэн болог ээ.

Норовсамбуугийн Нарантуяа

Сэтгэгдэл үлдээх on ХҮҮХДИЙНХЭЭ ДУХАН ДЭЭР ҮНСЭЖ БАЙГААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.