Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-ын Уфа хотод болж байна. Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-ий мөнгө, хүрэл медальт, Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ)-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакийг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан.

Шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.

Мөн 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жингийн шөвгийн наймд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагах барилдаан хийхээр болж, АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг тус тус ялснаар шагналын тавцанд зогслоо.

Сэтгэгдэл үлдээх on Чөлөөт бөхийн охид ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.